Наадмын түрүү бөхөд “Тоёота” цом гардуулна

access_time 2019-07-08
remove_red_eye 60
Наадмын түрүү бөхөд “Тоёота” цом гардуулна

“Тоёота Мотор Корпораци” нь Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр зургаа дахь жилдээ хамтран ажиллаж байна. Тус компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь өнгөрсөн жилээс эхлэн наадам зохион байгуулахад хамтран оролцох болжээ. Өнөөдөр /2019.07.08/ “Тоёота Сэйлс Монголиа” ХХК  болон Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны ажлын хэсэг хамтран мэдээлэл хийх үеэр Наадмын түрүү бөхөд хүндэтгэл үзүүлэн  “Тоёота” цом гардуулахаа зарлалаа.

“ТОЁОТА” ЦОМ НЬ ШИЛЖИН ЯВАХГҮЙ, ТҮРҮҮ БӨХӨД НАСАН ТУРШИД НЬ ХАДГАЛАГДАНА

“Тоёота “Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши  “Энэ жилийн хамтын ажиллагаа нь өмнөх жилүүдтэй харьцуулахад онцлогтой. Учир нь аливаа ялалтын тэр тусмаа дэлхийн урлаг, спортын уралдаан тэмцээний хамгийн үнэ цэнэтэй хүндэтгэл нь цом байдаг. Бид олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн наадмын түрүү бөхөд “Тоёота” цом гардуулахаар болсон. Монголчуудын Үндэсний их баяр наадмын хүндэтгэл, монгол бөхийн хүч, хийморийг бахдах цом болгохыг хүсч байна. Яг манай Японоор бол Сумогийн аваргууд башё бүрт авдаг цом шиг.

Монголдоо анхдагч  ТОЁОТА ЦОМ нь Батноров хийцийн арга барилыг ашиглан дан гар аргаар бүтээсэн 90 см өндөр 60 кг орчим жинтэй алт, мөнгө, эрдэнийн чулуунаас бүтсэн.Үндсэн суурийг ногоон гартаамаар хийж тулгуур 4-н багана дээр  улаан хас, ногоон хаш, гартаам, номин эрдэнийн чулууг шигтгэн оройд нь хангарьд, луу, бар, арсланг алтаар урлан 50 см амсартай цул мөнгөн аягыг байрлуулсан.  Өөрийн гэсэн өвөрмөц ур хийцээрээ ялгарах энэ цомонд монгол түмний дээдлэн хүндэлдэг билигзүйн бүх ухааныг уламжлалт ус, уул, үүлэн хээн дүрслэлээр шингээсэн билээ. Тухайлбал: Таван тив дэлхийгээ багтаасан дүрслэлийн өгүүлэмж, хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэж тэнгэр газрын хүчингүүд 4 зүгийг эрхшээхийн билэгдэл, баяр жаргалтай байж урт удаан наслах, айл гэрийн энх амгалан бат бэх байх, олз омог хүсэл тэмүүлэл хүн бүхэн аз жаргалтай байхыг билэгдэхийн зэрэгцээ хязгааргүй эрх чөлөө эд баялаг дүүрэн байх хүслийг шингээсэн. Энэхүү цомыг дөрвөн монгол дархан хоёр сарын хугацаанд урласан. “Тоёота” цом нь шилжин явахгүй, түрүү бөхөд насан туршид нь хадгалагдана гэдгээрээ ихээхэн онцлог юм. Тоёотагийн нэрэмжит цом гардуулах ёслолын арга хэмжээг долдугаар сарын 13-ны өдөр Хүй долоо  худаг, соёлын наадмын талбайд зохион байгуулна” гэв.

Түүнчлэн, энэ үеэр уралдаанч хүүхдийн хамгаалалтын 150 ширхэг хувцсыг үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссын төлөөлөлд гардуулан өгсөн юм. Мөн наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт морин уралдааныг дагах хэвлэл мэдээллийн гурван автомашиныг жолоочийн хамт гаргаж өгнө гэдгээ мэдэгдлээ.

Энэ дашрамд дурдахад Тоёота Мотор Корпораци нь 2014 оноос хойш 2018 оныг дуустал төлөөлөгчийн газраар дамжуулан түрүү бөхөд таван автомашин өгчээ. Өнгөрсөн онд гэхэд Үндэсний их баяр наадмын түрүү магнай бөхийг “Ланд круизер  “VX-R” загварын автомашинаар шагнан урамшуулсан юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn