Хүний хөгжил сангийн 1,071.9 тэрбум төгрөгийн өрийг төлж дуусгажээ

access_time 2019-07-03
remove_red_eye 41

Хүний Хөгжил сангийн 1,072 тэрбум төгрөгийн өрийг өнөөдөр бүрэн төлж дуусгасан талаараа Сангийн сайд твиттер хуудастаа жиргээд “Монгол Улсын Баялгийн сан болох Ирээдүйн өв санд түүхэндээ анх удаа мөнгө хуримтлагдаж эхэллээ. Ирээдүйн өв сан 167.3 тэрбум төгрөгтэй боллоо” гэжээ.

2017 онд байгуулагдсан Ирээдүйн өв сан нь анхнаасаа өртэй байсан юм. Монгол Улсын Засгийн газар байгалийн баялгаас ирээдүйд орж ирэх мөнгийг урьдчилан зээлж, “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан их хэмжээний бэлэн мөнгө иргэддээ тараасан өрийн үлдэгдэл болох 1.7 их наяд гаруй төгрөг тус санг байгуулагдахад шилжиж ирсэн байдаг. Үүнээс Ирээдүйн өв санд 2018 онд хуримтлагдсан 620 орчим тэрбум төгрөгийг дээрх өрөнд өгсөн бол үлдсэн мөнгийг ийнхүү төлж дуусгажээ.

2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Ирээдүйн өв сангийн тухай хуулиар Ирээдүйн өв санд байгалийн баялгийн орлогоос хуримтлагдах мөнгөнд 2030 он хүртэл гар хүрэхгүй бөгөөд 2075 он гэхэд 175 тэрбум ам.долларын хуримтлалтай болох тооцоог хуулийн ажлын хэсэг гаргасан байдаг.

Гэвч одоо хэлэлцэж буй Үндсэн хуулийн шинэчлэлд тусгаж, УИХ-аар мөн батлуулахаар зэхсэн Баялгийн сангийн тухай хуулиар уг мөнгийг дотоодын томоохон дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулахаар тусгаад буй юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn