//Соёл, урлагийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлнэ

Соёл, урлагийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлнэ

Соёлын дэд сайд М.Батбаяр ОХУ-ын ЭСЯ-ны Элчин Зөвлөх Сергей Анатольевич Краминцев болон Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Амгалан Базархандаев Ринчинович нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд талууд Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан соёл, урлагийн арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсныг тэмдэглэж, дэмжлэг үзүүлж ажилласанд талархал илэрхийлэв.

Монголын талаас 11 дүгээр сарын сүүлээр зохион байгуулагдах Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдаанаар хэлэлцэх соёл, урлагийн хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцлоо.

Оросын талаас соёл урлаг, боловсролын чиглэлээр ойрын хугацаанд болон ирэх оноос хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, Монгол Улсын Соёлын яам болон бусад холбогдох яам, байгууллагуудыг дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв.

Тухайлбал, ирэх оны 7 дугаар сард Монголын “UBS” телевизтэй хамтран зохион байгуулах гэж байгаа Монгол-Орос-Хятад-Японыг хамарсан хөгжмийн фестиваль; Виктор Цойгийн хүү Александр Цой тэргүүтэй “Кино” хамтлаг болон “Мияаги & Эндшпиль” хамтлагийн тоглолт; “Тэнгэр” хэмээх 1945 оны үеийн үйл явдлыг харуулсан түүхэн киног Монгол, Орос, Хятад Улс хамтран бүтээх төсөл; Оросын хаант засаглалын үеэс уламжлал болон зохиогдож ирсэн “Кадетын бал” хэмээх бүжгийн үдэшлэгийг Монголд жил бүр зохион байгуулах зэрэг ажлын талаар хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо гэж Соёлын яамнаас мэдээллээ.