ЖАМЪЯНСҮРЭНГИЙН ТҮМЭН-АЮУШ: ТУЛГА ТОЙРСОН БОДЛООР ХОЛ ЯВАХГҮЙ

access_time 2019-07-02
remove_red_eye 39

Монгол улсын Аж Үйлдвэрийн Гавьяат ажилтан, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт,

Монгол улсын зөвлөх инженер, ШУТИС-ийн хүндэт профессор, МҮЭХ-ны Хөдөлмөрийн хүний төлөө одон,

Эрчим хүчний тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, Тэргүүний уурхайчин,

Дэлхийн бөхийн холбоо “FILA”-н “Мөнгөн Од” шагналт, 2012 оны Лондонгийн олимп,

МҮОХорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно” шилдгийн шилдэг спортын зүтгэлтэн,

МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Хасу Мегаватт” ХХК-ийн  Ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш

 ЭРЧИМ ХҮЧНИЙ АРИЛЖАА ЭДНИЙ “ГАРТ”

Улс орон зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш компани гэдэг гадаад үг манай орны нийгмийн харилцаанд төдийгүй бидний өдөр дутмын үгийн санд хүч түрэн орж ирсэн. Анхандаа  хүн ардын өдөр дутмын хэрэгцээний аль нэг үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж маягаар хүмүүсийн ойлголтод тусч бууж эхэлсэн  нь үнэн. Компани болгон тэгэж ч гал голомтоо бадраасан байх. Хэдхэн жилийн өмнө тулгын чулуугаа тулж байсан аль нэг компани өсч өргөжөөд бүр үржиж төлжөөд танихын аргагүй болсон нь нүдний өмнө илхэн. Тэдний эрхлэхгүй ажил, зорихгүй зүг, зориглохгүй алхам ч гэж алга. Заримыг нь харахад ерөөсөө л улс доторхи улс болчихож. Өнөөдөр “Хасу Мегаватт” гэдэг компанийг мэдэхгүй, дуулаагүй сонсоогүй хүн ховор, тэр ч байтугай эндхийн  үйл ажиллагааны үр шимийг шууд болон дам  таньж мэдрээгүй хүн цөөн гэхэд хэтрүүлэг болохгүй мэт. Монголын эрчим хүчний арилжааны анхдагч болох Орос-Монголын  хамтарсан “Меговатт” компани 90-ээд оны эхээр ажиллаж эхэлсэн байдаг. Эндхийн ерөнхий инженер Ж. Түмэн-Аюуш гэдэг залуу 2000 онд өрх тусгаарлаж “Хасу Мегаватт”-ыг байгуулахдаа компанийхаа 30 хувийг өөрөө, 70 хувийг Меговатт эзэмшиж байгаад арван нэгэн  жилийн дараа 100 хувь өөрийн болгосон түүх сөхөгдөнө.

Эзнийх нь тухай эхний хэдэн үг

Жамьянсүрэнгийн Түмэн-Аюуш Хэнтий аймгийн Галшар сумын уугуул. Аймгийнхаа 10 жилийг дүүргээд Дарханы политехникумыг Д.Сүхбаатарын нэрэмжит цалин, улаан дипломтай төгсч, Полийн дээдэд  урилгаар орж суралцан инженер болсон  гэхээр  хүмүүс,  “За за ойлгомжтой, анхнаасаа тасархай хүүхэд байж” гээд бодчихно. Өөрөө бол харин үүнийг зуун хувь зөвшөөрөхгүй байж мэднэ.  Учир нь аль онц сурсан болгон төгсч гараад бусдаас тасраад явчихдаггүй л байхгүй юу. Хүний хэн болохыг тодорхойлох гол хүчин зүйл чинь унаган хөрс, уугуул хүмүүжил гэж сүрхий зүйл байдгийг Түмээ инженер онцлох дуртай. Өөрөө хөдөөний хүүхэд,  орой зулайгаа гишгэж төрсөн олон хүүхэдтэй айлын ууган нь гэхээр аав ээждээ их эрхэлж өссөн гэхээсээ тэднийхээ гар хөлийн үзүүрт эрт зарагдаж юуханд ч тус болж тэр чинээгээр эрт хатуужиж эрт хэрсүүжсэн гэсэн үг. Тээврийн тэрэгний жолооч аавыгаа дагаж жолоочийн туслах юм шиг хааяа явна. Гэхдээ багаасаа хурга ишигтэй хөөцөлдөж хотны шар бууц манаргаж  өссөн болохоор малаа л гэнэ, үүнд уруу татсан гэмтэн нь харин өвөө нь л байсан болов уу. Малд нүдтэйн учир Арвин багийнхны малын хөлсгүй даамал гэгддэг сумынхаа нэртэй уургач Мөнхийн Жунай гэдэг өвөөгийнх нь тусгал юм. Нөлөөт өвөө нь ахуйн ослоор өрөөсөн гар татанхай болсон ч сумынхаа  баруун хойт чигт уран уургачаараа зартай  байж эрийн бахархал болсон эрдмээ нутгийн залууст харамгүй өвлүүлсээр  насыг элээсэн байдаг. Аюуш хүү Өвөөгөө дагаад л адуу тэмээний захад явж байвал хужир даа. Сургууль соёлд явлаа гээд малаас хөндийрч байсангүй, зуны амралтаараа яарч ирээд уурга шилбүүрээ барин мордоход тэмээчин хүүгийн ганц дуугаар л нэгдлийн тэмээ захаасаа хумигдан наашилдаг байсан гэж ярилцах нь бий.

Эх, эцгээс арвуулаа Ж.Түмэн-Аюуш захирлын  дүү нар өнөөдөр ээжийгээ дагаж мал маллахаас гадна олонхи нь компанидаа хүчин зүтгэдэг. Захирлын гэргий Д.Алтанцэцэг дулааны инженер, эдийн засаг-менежментийн мэргэжилтэй, эдүгээ ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд багшилдаг. Түмэн-Аюуш инженер, Алтанцэцэг багш хоёр өнөөдөр  удам залгах хүү Оргилыгоо өөрсдийн бизнес рүү оруулсан хойч үеэ бэлдсэн, насаараа хичээн зүтгэж дагаж мөрдөж яваа эрдэм мэдлэгийнхээ залгамж халааг бодсон холч ухаан байх. ХБНГУ-ын Бранденбургийн их сургууль, ШУТИС-ийн Эрчим хүчний их сургуулийг  цахилгааны инженер мэргэжлээр төгссөн хүү  нь ингэж ээж аавынхаа эрдмийг өвлөж байгаа. Түүнд албан тушаал гэхээсээ ажил мэргэжлийн дөр суулгах алхамд зорьж зүтгэж эхэлсэн юм байна. Ингэснээр хүү ч хүчээ сорьж, олны дунд байр сууриа олох, эрчим хүчний гэгээлэг эрдмийн зүтгүүр болсон аав ээж хоёр нь ч ирээдүйд удам залгаж энэ салбарт нэрийг нь гаргах хүүгээ хөлд оруулж тамир суулгаж байгаа эртний боршмол монгол ухаан юм даа. Тэгээд ч энэ бүлийн амьдрал орчин үеийн гэр бүл төлөвлөлтийн нэг бодит  дууриал, ажил мэргэжлийн нэгэн том салбарыг удам залган олон он жил, жаран зуун дамжин хөтөлж  авч явах сайхан  жишиг тогтож буйн бэлэн жишээ гэлтэй.

Судал, турш, зоригло

          Эрт хэрсүүжихийн ач буян их ээ. Хаана ч явсан, юу ч хийсэн амьдралд уусч живэхгүй, байгаа орчноо, хариуцсан ажил төрлөө, хамт олноо, хамгийн гол нь өөрийн чиг зүг үйл хөдлөлийг хянаж, авч гээхийн ухаанаар хандаж сурна  гэсэн үг. Аль ч шатны сургуульд энэ бүхнийг тэр болгон авч хэлэлцэхгүй шүү дээ. Тиймээс ч Түмэн-Аюуш инженерийн ажил мэргэжил дээрээ түргэн өсч өндийсний нэг гол нууц нь өөртэйгөө ажилладаг, өрөөл бусдаас шинийг эрж хайдагт оршдог гэж хэлж болно. 1991 онд политехникийн дээд сургууль төгсөөд л гуравдугаар цахилгаан станцид засварын мастер инженерийн ажил хүлээн авч 7 жил ажиллажээ. Италийн АВВ компанийн төслийн гүйцэтгэгчээр ажиллаж  уг станцийн дөрвөн зуухыг шинэчилсэн, Чойбалсан хотын ДЦС-ын мазут, усыг хийгүйжүүлэх төхөөрөмжийн шинэчлэлийг ХБНГУ-ын хөнгөлөлттэй зээлийн төслөөр гүйцэтгэсэн, 2004-2006 онд дөрөвдүгээр цахилгаан станцид Японы хоёрдох хөнгөлөлттэй зээлийн төслийг хэрэгжүүлэхэд ажлын удирдагчаар ажилласан гээд залуу инженерийн ажил хөдөлмөрийн ирмүүн гарааг нэрлэж болно. Дөрөвдүгээр цахилгаан станцад өндөр хүчин чадалтай турбины суурийн ажлыг Монголдоо анх удаа хийж хүлээлгэн өгсөндөө бид бахархдаг гэж Аюуш инженер ярьж байна. ДЦС-уудад зөвхөн цахилгаан бус гадагш түгээж байгаа халаалтын гол бүтээгдэхүүн дулааны болон цэвэр, бохир ус дамжуулах асуудал маш их хүндрэл учруулж байсан бэрхшээлийг шийдвэрлэсэн маань манай хамт олны нэг том гавьяа гэж инженерийн цохон тэмдэглэснийг онцлох ёстой. 2.5 км/1200 мм-ийн голчтой шугамын угсралтыг монгол инженерүүд баг болон ажиллаж гүйцэтгэснээрээ монголчууд бид хамтран ажиллавал дэлхийн хөгжилд хүрэхэд ойрхон байгааг харуулсан  гэж бахархан өгүүлэх аж. Сүүлийн жишээ гэхэд л Амгалангийн ДЦС-ыг шинээр барьж байгуулах төсөл дээр Хасу-гийнхан ажиллаж 700 мм голчтой 4,5км хос дулааны шугам тавьж ашиглалтад өгч дулааны ачаалалд оруулаад байгааг  том амжилт гэхгүй бол юуг амжилтад тооцох вэ дээ.

Сайн явахад садан олон

Айвенхоу, Рио Тинто гэх зэрэг томоохон удирдлагын компаниудад танигдах хэцүү л дээ. Тэгэхээр эхлээд яг өөр шигээ ажил гүйцэтгэдэг гадаадын компаниудтай хамтран ажиллавал илүү үр дүнтэй байсан. Тиймээс миний сонгосон арга бол дэлхийд нэр хүндтэй томоохон компаниудын гүйцэтгэгчээр ажилладаг, манай компанитай адил төстэй ажил хийдэгт нь эхлээд тоогдох ёстой гэж үзээд “РЕД ПАФ” ХХК-тай хамтарч ажилласан. Тус компанийн шалгарсан дэд бүтцийн томоохон ажлууд дээр манайх туслан гүйцэтгэгчээр ажилласнаар бидний хамтын ажиллагаа эхэлсэн. Энэ бол тэр өндөр хөгжсөн үйлдвэрлэлийн нууцаас шомбодох арга маань байсан ч гэж хэлж болно. Эхлээд “РЕД ПАФ” ХХК-аар дамжуулж Айвенхоугийн мөнгийг авдаг байсан бол дараа нь “Айвенхоу” манай ажилд чанарын өндөр дүн тавьж, гэрээгээ шууд бидэнтэй хийгээд ажиллаж эхэлсэн. Тэгэхээр барууны компаниудад ажлынхаа чанар чансаа, боловсон хүчнийхээ чадвараар танигдах ёстой. Монгол компаниудын маань хувьд Монголынхоо нутаг дэвсгэр дээр, хууль дүрмийнх нь дагуу Монгол хүнээрээ ажил хийлгэж байна гэдэг юутай ч зүйрлэшгүй давуу тал.

Манайх Оюу Толгой компанид олон зүйл үйлдвэрлэж угсарч өгсөн. Уурхайд 72 мВт-ын усан халаалтын дулааны станц, дизель цахилгаан үүсгүүр болон дулаан, цахилгааны шугам сүлжээний ашиглалтыг хариуцан гүйцэтгэж буй. Оюу толгойтой хамтран ажилласнаар бид олон зүйлийг гадаадынхнаас сурсан. Юуны түрүүнд аюулгүй ажиллагаа, ажлын хариуцлага, аливаа зүйлийн эцсийн гүйцэтгэлийн чанар, ажиллагчдаа сургах гээд… Үүний үр дүн ч гарч байгаа. Манайхан Оюу Толгойн шилдэг ханган нийлүүлэгчээр өмнө нь хэдэнтээ шалгарч байлаа. 2009 онд шилдэг барилгын гүйцэтгэгчээр, 2011 онд эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг эрхэмлэгч байгууллагаар шалгарч байсан бол 2013 онд шилдгийн шилдэг ханган нийлүүлэгчийн гран-при шагналын эзэн болсон.

Төмөргүй бол талхгүйтэй адил

1990-ээд оны өмнө манайд ах нарын барьж өгсөн Эрчим хүчний засварын төв гэж гайхалтай сайхан том үйлдвэр ажиллаж байсныг хэн бүхэн мэднэ. Гэтэл түүнийг хувьчлал нэрээр үрэн таран хийсний эцэст хүнд үйлдвэрийн засвар үйлчилгээ таг суусан. Үүнийг нөхөх зайлшгүй хэрэгцээний улмаас бид төмөр хийцийн үйлдвэр барьж эхэлсэн юм. Ингэж бид Оюу Толгойн төслийн багтай ойртон түншилсэн. Манайх тэдэнд яагаад үнэлэгдсэн бэ гэхээр тус уурхайд авчирч суурилуулсан тоног төхөөрөмжүүдийх нь угсралт, суурилуулалтыг хийж, жижиг сажиг зүйлсийг нь үйлдвэрлээд орлуулж хэрэглэсээр байгаад тоогдсон юм шүү дээ. Өөрөөр хэлбэл гаднаас өртөг өндөртэйгөөр авчираад угсарч суурилуулж ажиллуулдаг байсан зүйлсийг нь манайх дотооддоо үйлдвэрлэж нийлүүлээд угсарч, ашиглалтыг нь хүртэл хийж өгч байна. Одоо Оюу Толгой дахь дулааны цахилгаан станц, дулаан болон цахилгаан шугам сүлжээний ашиглалт, дизель генераторын ашиглалтыг хариуцдаг. Сүүлийн 3 жилд гэхэд үйлдвэр-оффис, авто аж ахуй, “HASU center” зэргийг өөрийн хөрөнгөөр барьж дуусгалаа. Мөн гарааж бүхий авто аж ахуйг босголоо. Хуучин үйлдвэрээ шинэчилж шинэ сургууль байгууллаа. Одоо Германтай хамтарсан үйлдвэрээ барьж байна. Бас ажилчиддаа зориулж спортын иж бүрэн цогцолбор байгуулсан. Дээр дурьдсанчилан 4-р цахилгаан станцад 123МВт-ын турбиныг шинээр суурилуулсан. Өргөтгөлийн суурь нь 16 метрээс давсан өндөр багануудтай, маш их арматур орсон, алдах эрх байхгүй нарийн цутгууртай ажил байсан. Хэрэв суурийн ажлыг буруу хийвэл нарийн ажиллагаатай асар үнэтэй машин эвдрэхэд хүрнэ. Тэгэхээр чанарын тал дээр манайхыг хангалттай сайн ажилласан гэж хяналт тавьсан байгууллагаас үнэлсэн юм. Мөн Оюу Толгойд гүний уурхайн 2-р босоо аманд 100, 80 тоннын жинтэй босоо амны нэвтрэлт, хөндлөн малталтын ачилтын тоног төхөөрөмж хийсэн. Энэ Канад улсын үйлдвэрт биш Монгол Улсад үйлдвэрлэснээрээ онцлогтой. Оюу Толгойд очсоны маань нэг давуу тал бол бид тэндээс орлого олж жилийн 4 улиралд ажилчдынхаа цалин тавихад сэтгэл зовохгүй болсон. Өөр олон зүйлийг хэлж болно. Хамгийн гол нь гадны өндөр технологи, тоног төхөөрөмжтэй танилцахаас гадна олон зуун жил тэднийд туршигдсан хүний төлөө анхаарал, хөдөлмөр хамгааллын бэлэн туршлагаас суралцах боломж нээгдсэн.

   Хүний нөөц бүхнийг шийднэ

Манай компани  Герман-Монголын хамтарсан МСҮТ-ийг 2013 онд байгуулсан. Тэнд маш сайн боловсон хүчин бэлтгэж байгаа. МСҮТ-д компанийнхаа ажилчдын ур чадварыг дээшлүүлж, шинэ хүмүүсийг ч бэлтгэж байна. Хоёр жилд нэг удаа Бээжинд болдог олон улсын гагнуурын тэмцээнд 2014 онд 13 орон оролцсон байдаг. Мөн 2016 онд 26 орон оролцсон эдгээр олон улсын тэмцээнд багаараа тус тус хоёрдугаар байранд орж байсан. Одоо ч энэ  онд болох ээлжит тэмцээнд  гагнуурын инженер мастер, гагнуурчид маань бэлтгэлээ хангаад байна. Тус тэмцээнийг дэлхийн аваргынх гэж тодорхойлж болох байх. Манай мэргэжилтнүүд гагнуурчдаа бэлтгэж анх удаа оролцохдоо Германы дараа хоёрдугаар байр эзэлсэн. Хоёр мөнгө, мөн тооны хүрэл медаль хүртэж байлаа. Манай МСҮТ-ын давуу тал бол Герман стандарт, тоног төхөөрөмжөөр сургалтаа явуулахаас гадна Герман багш нар ажиллаж байна. Дээрээс нь үндсэн багш нараа Германд сургаж байна. Манай МСҮТ-д Германы Гадаад хэргийн сайд айлчилж байсан бол сая Эдийн засгийн яамны төрийн нарийн бичгийн дарга нь айлчлаад яг Герман стандартын сургууль байна гээд бүх талаар дэмжихээ илэрхийлээд явлаа. Манай төгсөгчдийн 93-94 хувь нь ажлын байртай болдог. Мөн төгсөгчдийнхөө араас байнга “тандлага” хийж, тэднийг давтан сургадаг. Гагнуур гэдэг бол нэг сураад хаядаг мэргэжил биш. Чанарыг маш сайн эрхэмлэх ёстой мэргэжил л дээ.

           Бид спортоор жигүүрлэдэг

Хөдөөний хүүхдүүд багаасаа л барилдаж ноцолддог, сагсан бөмбөг тоглож өсдөг. Миний аав залуугаараа өнгөрсөн ч сумандаа бол арваад түрүүлчихсэн бөх хүн байсан би аавыгаа барилдахыг их үздэг хүүхэд байлаа. Мөн спортод, бөхөд дуртай байх эхлэлийг ааваас гадна 1965 онд анх Монгол улсад болсон чөлөөт бөхийн улсын аваргаас хүрэл медаль хүртсэн О.Бямбаа багш маань тавьсан. Энэ хүн Ч..Дамдиншарав багшийн жинд барилдаж байсан нэг үеийн тамирчид. Миний хувьд томоохон амжилт үзүүлж чадаагүй ч барилдаж ноцолдож, сагсан бөмбөгөөр олон жил хичээллэсэн. Дараа нь ажил амьдралын эрхээр тогтмол хичээллэх бололцоогүй болоод үндсэндээ хаясан. Сүүлд техникумд хамт барилддаг байсан найз, чөлөөт бөхийн гавьяат дасгалжуулагч, спортын мастер Ц.Баярсайхан маань 2007 онд хотод орж ирснээр спорт руу эргэн орж 2009 оноос клубээ байгуулж найздаа хариуцуулсан. Яахав өөрөө хичээллэхгүй ч гэсэн өсвөр үе, залуучуудыг дэмжин амжилт гаргахад нь туслахыг хичээж явсаар өнөөдөр манай “Хасу Мегастарс” клуб 400 гаруй тамирчдын бүртгэлтэй, 200 гаруй олон улс, улсын мастеруудтай, чөлөөт бөхөөр өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ази, дэлхийн аваргын 100 гаруй медальтай, 3 гавьяаттай, Монгол улсын шилдгийн шилдэг клуб болсон байна. Миний хувьд 10 гаруй жил Төмөр замын 20, 52 сургууль, Биокомбинатын 10 дугаар сургуулийг ивээлдээ авч явж байлаа. Энэ хугацаанд 200 гаруй спортын мастер төрж. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргын медальтан, Залуучуудын дэлхийн аварга манайхаас төрсөн. Ази тивийн медальтан спортын  олон төрлөөр  бий дээ. 2011 оноос манайх чансаагаараа МҮОХ-ны шилдгийн шилдэг спорт клуб болж, “Бөртэ чоно”-ын шагнал хүртсэн. Өнөөг хүртэл энэ амжилтаа алдахгүй явж байна. Төрөөс насанд хүрэгчдээ анхаараад байдгаас манайх шиг өсвөр үеийнхэнд хөрөнгө мөнгө төсөвлөдөггүй. Манайх зөвхөн насанд хүрэгчдээ бариад явбал амар л даа. Гэхдээ ирээдүй болсон өсвөр үеийнхнээ орхиж яаж болох вэ. Та бүхэн манай дараагийн үе гараад ирснийг анзаарсан биз дээ.

Би өөрөө Монгол улсын софт теннисний холбооны Ерөнхийлөгч. 2011 онд ДАШТ-ээс манай улсын софт теннисний баг хүрэл медаль хүртсэн төдийгүй одоогоор дэлхийн аваргын дөрвөн медальтай болсон. 2020 оны Токиогийн олимпийн наадмын хөтөлбөрт багтаах гэж Япончууд их хичээж байна. Софт теннис нэг, хоёрдугаар шатаа амжилттай давчихсан. Одоо гуравдугаар шатны санал асуулга бүхнийг шийднэ. Саяхан багаа Азийн зуны 18-р их наадамд явуулах гээд Солонгосын талтай яриад ирсэн байгаа. Тэндхийн софт теннист дуртай нэг бизнесмен тамирчдын маань бэлтгэлийг хангахаар болсон. Энэ мэтчилэн яриад дуусахгүй ээ.

 

  Спортын орчноос өөрийгөө хөндийрүүлэхгүй

Олон улсын жишигт хүрсэн спорт клубтэй болохын тулд спорт цогцолбороо байгуулсан. Барууны орнуудад клубүүд нь хувийнх байдаг. Харин манайд хувь, хувьсгал нь холилдсон. Манай “Мегастарс” клуб үргэлж л төрийн дэмжлэгтэй спорт хороо, клубтэй өрсөлддөг. Клубээ баазтай болгож, хэдэн дасгалжуулагчаа нэгтгэж ажиллах юмсан гэж бодсондоо спорт цогцолбор байгуулсан. 20мх36м хэмжээтэй спорт заал, бялдаржуулах танхим, чөлөөт бөхийн бэлтгэлийн танхим, 60 хүн байрлуулах байр, 60 хүн зэрэг хооллох зоогийн газар, хурлын танхим, саун, эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөтэй, гаднаа хөлбөмбөг, теннисний талбайтай гээд иж бүрнээр нь шийдэж өгсөн байгаа. Цогцолборыг барихад манай хүүхдүүд, тэр дундаа чөлөөт бөхийн тамирчдын оруулсан хувь нэмэр их. Бүгдийг нь өөрсдөө хийсэн шүү дээ. Блокыг нь өөрсдөө цохиж, угсарч, хашаагаа барьсан. Барилгын хэдэн компани үнэрхээд байхаар нь чөлөөт бөхийн спортын мастер Б.Наранболд, Б.Цогтгэрэл хоёрыгоо 10 хүүхэдтэй  Япон инженерийн удирдлага дор ажиллуулахад л хөлбөмбөгийн талбай барьчихаж байгаа байхгүй юу. Энэ бүхний ард ямар их хүч, хөрөнгө мөнгө урсаж байгааг тоолоод баршгүй. Миний хувьд хөрөнгө мөнгөндөө гол нь биш хэдэн хүүхэд минь дэлхийд өрсөлдөж эх орныхоо нэрийг дуудуулах, хүүхэд залуучуудын эрүүл мэнд, гоо сайхан, хувь хүн болж төлөвшихөд өөрийн зүгээс гаргаж чадах зүйлээ л хийж байна гэж бодож хөдөлмөрлөн бүтээн босгосон  байгууламжийн нэг нь энэ. Дээр нь манай ажиллагсдын бие бялдрын хөгжил, хүмүүжилд шууд нөлөө үзүүлж байдаг цогцолбор юм.

Нутгийн зөвлөл

Одоогоос 10 жилийн өмнө юм байх, Улаанбаатарт Галшар сумын нутгийн зөвлөлийн хурал болж  тэргүүнээ сонгох юм болж. Урьдах дарга нь тайлангаа тавиад овойж оцойсон ч юмгүй, олонд нүүрээ улайлгахад хүрээгүйгээ хэлээд шинэ тэргүүнд ганц нэг  хүний нэр дэвшүүлсэнд дор бүрнээ шалтаг тоочоод халгаасангүй. Харин түрүүчээс хойш тэргүүлэгчдийн ширээ захдан дув дуугүй суусан нэгэн эр суудлаасаа өндийн: –За нутгийн зөвлөлийн албыг би аваад үзье. Хүмүүс ч миний нэрийг дурсаж байна, татгалзах арга алга гэсэнд танхимд цугларсан  олон алга нижигнүүлэн угтжээ. Тэр хүн  бидний танил Жамьянсүрэнгийн Түмэн-Аюуш байж. Дараа жилээс нь Хэнтийнхний сүлд модны наадам дээр Галшар  сумын нутгийн зөвлөл орон нутагтаа хийж  бүтээсэн зүйл өнгөтэй өөдтэй бүхнээр аймагтаа тэргүүн байр эзэлж шагнал өргөмжлөл гардаад эхэлсэн. Сумын төвд сүм дуган, хүүхдийн цэцэрлэгийн байр, авто засварын газар байгуулж, Арвин багийн төвийг шинээр барьж ашиглалтад оруулаад эхэлсэнд сумын төвийнхөн төдийгүй хөдөө нутгийнхны сэтгэл сэргэж  урам зориг хөгжөөд төв хөдөөгүй өнгө засаад эхэлсэн нь бүхний нүдний өмнө ил байлаа.  Түүнээс хойш нутгийн зөвлөл, тухайлбал “Хасу Мегаватт” компанийхан энэ нутгийн төлөө хичнээн мөнгө зарж юу эс бүтээснийг Галшар нутгийнхан хөгшин хөвөөгүй л хуруу дарж тоочиж эхлэх байх. Одоо л гэхэд Галшарын хуучин төв Хужирт суурин руу өндөр хүчдэл татуулах,  хийдийг сэргээн засварлах, гүний худаг гаргуулах, шөрмөсөн чулуун дов дээр өвгөн ноёны цогцолбор, тунгалаг цорж З.Агваанбалдан агсны дурсгалын өргөө барих, спортын шинэ цэнгэлдэх хүрээлэн тэргүүтнийг барьж байгуулна гээд ид хөл цал болж байх жишээтэй.

Сум орны удирдлагатай хамтарч, амьд сэрүүн байгаа ахмадуудынхаа ой санамж, олон түмний санаачлага дэмжлэгт тулгуурлаж Галшар сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлөөс анхаарлаа төвлөрүүлж байгаа нэг гол ажил бол ирэх жил орон даяар тэмдэглэх Халх голын дайны 80 жилийн ойд бэлтгэх хөдөлгөөн юм байна. Тэрхүү дайнд 6-р морьт дивизийг командалж ороод эрэлхэг тулалдаж олон дайсныг устгаад өөрөө дайсны илт давуу хүчинд  автан алтан амиа алдсан Галшар нутгийн уугуул  Чимидийн Шаарийбуу агсны алдрыг тодруулах, аль наян жилийн тэртээ түүнд  олгох ёстой байсан хууль ёсны шагнал -Монгол Улсын баатарын эрхэм цол хүндэтгэлийг нэхэн олгуулахын төлөө тэмцэл өрнөөд хагас зууны нүүрийг үзжээ. Энэ шударга эх орончийг эх орноосоо урвасан гэсэн олон жил сунжирсан нүүр шүүргүй гүтгэлгийг олон түмний хүсэл шаардлагаар шалгуулаад цэргийн мэргэжилтэн, эрдэмтэн мэргэд, зөвлөх, хууль хяналтын бүрэлдүүнтэй комиссоос дээрх бүхэн огт оргүй улайм цайм  гүтгэлэг байсныг нэгэнт тогтоосны дараа ирэх жилийн тэмдэглэлт ой тохиож байгаагийн учир одоо л олны хүсэлтийг төр засаг маань харж үзэж ёсоор болгох цаг ирсэн гэж нутгийн зөвлөлийнхэн төдийгүй нутаг орныхон цөмөөрөө итгэл дүүрэн хүлээж байгаа нь үнэн.  Тэгээд ч тэр тухайн хүсэлт өргөдөл, тодорхойлолт сэлтийг саяхан БХЯ-ны зохих албаны эрх мэдэлтэн, хэргэм цолтонд гардуулж өгсөндөө тэд их том хэрэг бүтээсэн баяр хөөртэй  байцгааж харагдана. Халх голд эх оронч Ч. Шаарийбуутай мөр зэрэгцэн тулалдаж явсан, штабын дарга, эдүгээ зуун насны сүүдэр зооглож амьд сэрүүн байгаа цорын ганц бие төлөөлөл Монгол Усын баатар Пунцагийн Шагдарсүрэн гуай: -Би баатар болсондоо туйлын их баяртай байна, гэхдээ тэрхүү дайнд жинхэнэ баатарын ёсоор халз тулалдаж эх орны өмнө гавьяа байгуулаад  дайн тулааны талбарт харамсалтайгаар амь үрэгдсэн хайрт дарга Чимэдийн Шаарийбууд маань  олгогдох ёстой хууль ёсны  эрхэм дээд цолыг нь олгохыг үзээд нүд анивал өвгөн миний хамаг хэрэг бүтнэ гэж “Монгол туургатны зуун эрхэм “ нэвтрүүлэгт оролцох үеэрээ нулимс унаган өгүүлсэн тэр бичлэг сүүлийн үед телевизүүдийн янз бүрийн сувгаар ойр ойрхон цацагдаж түмэн олны таалал, төрийн тэргүүний сонор мэлмийд өртөх болсон цагаа олсон сайхан сурталчилгаа энэ шударга үйлсийн төлөө мятрашгүй тэмцэгчдэд улам их ивээс шинэ түлхэц өгч байх шиг санагдана.

Галшар  адуу

Ж.Түмэн-Аюуш гавьяат эмээ өвөө дээрээ өссөн галынх нь зээ болохоор мал ахуйтай ойр өсөөгүй одоогийн малгай дээрээ залаатай уяач нарыг бодвол хар багаасаа малын захад явж эмнэг адууг уналга эдэлгээнд сургаж явсан нэгэн. Тэрбээр хоёрдугаар ангидаа хоёр эмнэг адуу сургаж унаж айрагдуулсан ч өсгөлүүн биетэй гээд дараа жилээс нь гологдож харин уралдааны морь тавьж өгөх, эмнэг даага сургах гээд дийлдэхгүй их ажилд нухлагдсан гэдэг. Нутаг усаараа тэдний өвөөгийн адуунд эмнэг догшин байхгүйг мэддэг байсан гэдэг. Аюуш хүүгийн ажлын үр дүн л дээ. Галшар нутгийн унаган адуу Янзага хул нь соёолондоо 18-лаад, төвийн бүсэд дөрөвлөж, Гурванбулагийн ойд түрүүлэн Галшар болон Батцэнгэлийн 90 жилд аман хүзүүдсэн амжилтыг үзүүлсэн юм байна. Энэ том угшил удам дээр суучихаад нутгийнхаа буянаар уралдахгүй юм бол эцэг өвгөд минь гомдох байлгүй хэмээн бахархангуй өгүүлэх тэрээр хэзээ ч, хаанаас ч адуу худалдаж авдаггүй гэнэ лээ. Монгол морины хурд хүч, удам, байгалийн хатуу хөтүүд тэсвэрлэх чанар, өв соёлын төлөө тууштай зүтгэж яваа тэрээр нутаг орондоо мотоциклгүй наадам хийгээд таван жил болж байгаад Галшар нутгийн удирдлага, түмэн олон талархаж байдаг. Мөн Монгол телевизээс зохион байгуулсан “Морьтон” арга хэмжээний үеэр хамгийн олон морьтон жагсаан, “Монгол хүү” наадам гээд олон арга хэмжээнүүдийг шинээр зохион байгуулдагт нутгийнхандаа баярлаж байгаа. Цаашдын наадмуудад ч морио заавал суран эдлэлээр тоноглох шаардлага тавьж, энэ зарчмыг уламжлал болгохоор зорьж байгаа гэнэ. Түмэн-Аюуш захирал сүүлийн үеийн уяачид монгол адууг эрлийзжүүлж байгааг тууштай эсэргүүцдэг. Нэгэн үүлдрийг нөгөөтэй нь нийлүүлж шинэ төрлийн үүлдэр гаргадаггүй гэдгийг шинжлэх ухаан нотолсон талаар өгүүлж байлаа. Тэр ч үүднээс байнгын арчилгаа маллагаа, дулаан байр, тэжээл шаарддаг эрлийз адуу олон гэр бүлийг эдийн засгаар сүйрүүлнэ гэж үздэгээ ярьж байлаа.

                           ИЛҮҮДСЭН АЖИЛ АЛБА ГЭЖ БАЙХГҮЙ

“Хасу Мегаватт” компанийг хэрвээ вант улс гэж үзвэл  уншигчидтайгаа хамт энэ улсын нутгаар зэгсэн аяллаа, нарийн ширийнийг нь ч нилээн ухаж төнхлөө. Хүн ардаа илч гэгээгээр хангаж, улс орноо дулаацуулдаг айлын босго алхлаа. Гэвч өөр олон чиглэлд үйл хэрэг нь бас чиглэсэн байх юм.  Аварга том машин техник, төмөрлөгийн үйлдвэрлэл, нүсэр цар хүрээтэй гагнуур гээд энэ бүхэн ойлгомжтой. Гэтэл спортын тэр олон төрөл, салбар хариуцсан төрийн агентлагаас ялгаа алга даа. Мэргэжлийн сургууль, эко спорт цогцолборыг барьж байгуулж  тэр олон хүнийг тэжээж хувцаслахад хичнээн төсөв мөнгө, ямар хүч хөрөнгө зарцуулж байгаа талаар төсөөлөхөд амаргүй санагдана. Дээр нь огт санаанд оромгүй жижиг сажиг дайвар ачаалал нэмэгдэх бол жирийн үзэгдэл юм байна. “Хасу продакшн” студи гээд мэргэжлийн сургуулийнхаа хажууд нэг содон хөөрхөн албатай болчихож. Эднийх урьд нь кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б. Нагнайдоржид захиалга өгч Халх голын  фронтын сувилагч, Галшар нутгийн уугуул эрэлхэг эмэгтэйн тухай “Тэр жилийн тэр өдөр” уран сайхны  кино хийлгэсэн нь олноос боломжийн үнэлгээ авсан байсан. Түмэн-Аюуш захирлын ээж Жунайн Норсүрэн гэж насаараа сумын эмнэлгийн сувилагч, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, хүндэт донор ахмад буурал байдаг гэсэн. Энэ бүтээлийг захирал ээждээ зориулсан нь мэдээж.  Хамтын ажиллагааны энэ туршлага дээрээ тулгуурлаж хоёр тал тохиролцоод студитэй болж л дээ. Шинэ студийн дээж бүтээл нь эх оронч Чимэдийн Шаарийбуугийн тухай “Эрэлхэг хүүгээ эх орон нь мартахгүй” баримтат уран сайхны киноны зураг авч дуусаад монтажиндаа ороод явж байгааг танилцуулж байлаа. Энэ бүхэн тэгээд нэгэн бодлын эдний үндсэн үйлдвэрлэлтэй огт хамаагүй мэт боловч алсуураа ажлаа хөнгөвчилж чухамдаа нэг сумаар хоёр туулай буудахын тодорхой жишээ юм. Тэгээд ч сайн дархан хүн бүтээлээ урлангаа багажаа өөрөө зэхдэг гэж үг бий. Спортын тэр их зардал хүчин чармайлт гэхэд л цаагуураа залуусыг өөртөө татах, ажиллагсдынхаа эрүүл мэндийг дархлаажуулах урьдчилгаа болох жишээтэй. Үүнээс үзэхүл бизнес эрхлэх нь зөвхөн мөнгөтэй хүний ажил биш, ухаантай хүний хийх ажил, үлгэрлэвээс шатар нүүхээс ялгаа юун гэж бодогдоно. Энэ салбарт тулга тойрсон ухаанаар амбан явахгүй нээ.

Хариуцлага нэхнэ, бусдад гар татахгүй

“Олсон хэдийгээ олонтойгоо хуваагаад идэхэд болоод л байдаг юм” гэсэн энгүүн мөртөө гүн агуулгатай сайхан үг эдний компаний оффисын үүдээр ороход л бичээтэй байгаа. Түмэн-Аюуш захирлын ажил амьдралын мөрдлөг юм байна. Сайхан байгаа биз. Захирал бусдад таалагдах гэж үүнийг бичээгүй, үнэхээр мөрдлөг болгохыг хичээдэг. Зөвхөн сүүлийн 3-4 жилд компанийхаа 130 орчим хүнийг байртай болгосон гэж тэрбээр ярьж байв. Би худалдаачин биш, хүмүүстэйгээ хамтраад бизнесээ явуулдаг хүн. Тиймээс хүмүүсээ сургах, ар гэрт нь анхаарахыг боддог. Машин авъя гэсэн хүн орж ирэхэд тэр бүр дэмждэггүй. Харин байр авах юмсан, орон сууцаа сайжруулах юмсан гэж ирсэн хүнтэй ярилцлага хийдэг. Байртай болно гэдэг ганцхан тэр хүнд биш гэр бүлд нь тустай. Надад ч хэрэгтэй шүү дээ. Хүмүүс ар талдаа санаа зовох зүйлгүй ажиллаж, амьдарвал тэд компанийн гол түлхүүр гэсэн үг. Ажилчдаа гадагш явуулж юм үзүүлж нүд тайлуулахыг хичээдэг. Одоо ер нь гадагшаа яваагүй, хил алхаагүй хүн манайхан дотор үгүй байх. Тэр дундаа Америк, Герман зэрэг хөгжилтэй орныг зорьж үзэсгэлэн яармаг, үйлдвэрлэлийн тэргүүн дэвшилтэт арга техниктэй танилцах нь хувь хүнд ч, үйлдвэрт ч адилхан үр өгөөжтэй гэдгийг онцолж байлаа.

Түмээ захирлын ажлын өрөөнд ч, гэрийн хоймрын шүүгээнд ч хэн хүний эдэлж зүүх байтугай тэр болгон үзэж хараагүй олон одон медалт залаастай байдаг нь товчдоо цөм л хүний төлөө зүтгэл тэмцлийн үнэлгээ гэлтэй. МҮЭ-ийн Төв байгууллага “Хөдөлмөрийн хүний төлөө“ одонгоор шагнасан байдаг.Спортын хөдөлгөөнийг өрнүүлэхэд оруулсан гавьяагий нь төр засгаас үнэлж энгэрт нь зүүж өгсөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоос эхлээд гадаад, дотоодын спорт олимпын төв байгууллагуудаас удаа дараа хүртээсэн олимпийн хорооны “Алтан Очир“, спортын алдар,ФИЛА-гийн ”Мөнгөн одон, өөр юу юу ч билээ тэр мундаг нэр хүндтэй том шагналууд ч цөм л хөдөлмөрийн хүний төлөөх мятрашгүй тэмцлийн үнэлгээ нотолгоо билээ.

Түмээ захирал хөдөлмөрийн хүнд тавих хайр халамжийн зэрэгцээ хариуцлага нэхэх өндөр шаардлагыг чанд хосолж чаддаг хүн. Хүнийг ажилд авахын өмнө захирал, ажилчин хоёрын хооронд нүүр нүүрээ харан сууж  тохиролцсон, бүр гарын үсэг зуралцсан чанд хатуу гэрээ гэж бий. Үүнд ажиллагчаас хамгийн чанд хүлээх үүрэг бол хариуцлага, бас дахин хариуцлага!  Үнэндээ ч эндхийн хэн нэг ажилчны ганц удаагийн алгуурлал, өчүүхэн төдий эндэл цаашдын нөхөж баршгүй ямар гай тарьж үйлдвэрийн нэр хүндийг тэр чигт нь унагаах аюултайг энд өгүүлсэн танилцуулгаас харж болохоор байгаа.  Гагнуур гэхэд л  олон төрлийн  арга технологитой, товчдоо гэвэл тэр их хад уул шиг нүсэр ган төмөрийг хормын зуур тасалж хэсэглэж, тасархай саланхайг ширээж нийлүүлж танихааргүй бүрэн бүтэн болгодог нэг ёсны галт мэс ажилбар юм байна. Одоо цагт хүн бүхний аман дээр гарч ирж байгаа нөгөө Оюу Толгой, Ухаа худгийн уурхайнууд маань цаашдаа энэ сургуулиас гарсан уран мэс засалчдын гараар  хөдлөх, гишгэх ажил үйлээ залгуулах болж байх шиг. Ийм асар нарийн үүрэг ачаалал  нуруундаа үүрч өдөр шөнөгүй хөлс дуслуулж байгаа 500 гаруй хүний хувь заяаг атгаж хариуцаж байгаа хүний сэтгэл хормын зуур ч амар байж чадахгүй нь мэдээж. Түмээ захирал энэ хариуцлагаа ухамсарласан шиг ухаарч, үүрсэн шиг үүрч яваа нэгэн. Гол нь хэнтэй ч онож харьцах ур ухаан, эв дүй, энэ талаараа бүр захиалгатай юм шиг. Тэгж байж тэр 500 гаруй хүний ажил амьдралыг эн тэнцүү залж авч яваа хэрэг. Ингээд бодохуй эцэг эх нь ууган хүүгээ чухам л ирээдүй хойчид түмэн ажлын ард гарч түмний манлайд жагсахыг нь мэдэрч зөгнөж Түмэн-Аюуш нэр хайрласан болов уу гэсэн гэгээн бодол төрөх ажгуу.

Сэтгүүлч.Н.Энхцэцэг

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn