//Манай улсад 43 орны 600 гаруй төлөөлөгч чуулна

Манай улсад 43 орны 600 гаруй төлөөлөгч чуулна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор манай улсад энэ сарын 2-3-нд болох Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс болно. Ази, Номхон далайн бүсийн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах сүлжээ болон Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв улс орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагуудтай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах конгрессыг дөрвөн жил тутам зохион байгуулдаг. Монгол Улсад анх удаа болж буй “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” сэдвээр зохион байгуулах энэхүү чуулганд 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцох юм. Чуулганы талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах үндэсний зөвлөлийн тэргүүн С.Чинзориг “Монгол Улсын Засгийн газар 2018 онд Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх IV конгрессыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэн тогтоол гаргасан.
Тогтоолыг үндэслэж Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ахлуулсан Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлийн иргэдийн асуудлаарх конгрессыг зохион байгуулах үндэсний хороог байгуулсан. Чуулганд оролцогчдын 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь тэд тулгамдаж буй асуудлаа бүс нутгийн хэмжээнд ярилцаж, нэг нэгнээсээ сайн туршлагыг нь судалж, улс орондоо хэрэгжүүлэх сайхан боломж гэж харж байгаа”хэмээн мэдээлэл өглөө.