“Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

access_time 2019-07-01
remove_red_eye 39

ХААН Банк АФА академитэй хамтран зохион байгуулсан “Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, шилдэг оролцогчоо шалгарууллаа. “Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөрийг 22-35 насны залуусын дунд санхүүгийн мэдлэг олгож, зөв дадалд суралцуулах, хувийн болон өрхийн санхүүгээ цэгцтэй төлөвлөх чадвар суулгах, нийгэмд манлайлагч 30 залуусаар дамжуулан олон нийтэд эерэг ойлголт түгээх, залуусын дунд санхүүгийн боловсролын мэдлэг, ойлголтыг түгээх үүднээс зохион байгуулжээ.

Тус хөтөлбөр нь гурван сарын өмнө нээлттэй зарлагдаж, 1,000 гаруй залуус хүсэлтээ ирүүлснээс салбар бүрийн манлайлагч 30 залуусыг сонгон шалгаруулж оролцуулснаараа онцлог байсан. Мөн оролцогчдын хувьд гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олондоо зөв хандлага түгээснээр нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилготой байсныг зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм.

Хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн болон хувь хүний хөгжлийн танхимын сургалт оруулж багаар ажиллах, нэтворкинг арга хэмжээ зохион байгуулж туршлага судлах, танилцах аялал болон ганцаарчилсан уулзалт хийх зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг хэрэгжүүлсэн нь тун онцлог болсон байв.

Үүгээр зогсохгүй уг хөтөлбөр нь хувийн дасгалжуулалтыг анх удаа хэрэгжүүлж, АФА академийн мэргэжлийн багш нар оролцогчидтой нэг бүрчлэн уулзаж, тухайлсан зөвлөгөө өгч ажилласан аж.

Хөтөлбөрийн талаар АФА академийн үүсгэн байгуулагч Ш.Амартүвшин

Монголд анх удаа энэ төрлийн хөтөлбөр хэрэгжсэнд баяртай байна. Бид хөтөлбөрөөрөө дамжуулан хувийн санхүүд нөлөөлдөг сэтгэл зүй, гэр бүл, карьер, хувийн санхүүгийн нөхцөл байдал, гэр бүлийн харилцааг цогцоор нь сургахыг эрмэлзсэн. Ингэхдээ өндөржүүлсэн нөхцөлд дасгалжуулсан. Залуусын оролцоо ч төсөөлж байснаас илүү гайхалтай сайн байсан. Тиймээс маш их бахархаж байна. Бид цаашдаа ч харилцаатай хэвээр байж, хөтөлбөрийнхөө оролцогчдыг илүү чадваржуулахад анхаарч ажиллана” хэмээв.

Хөтөлбөрөөс шилдгээр шалгарсан оролцогчийг Хонконгод санхүүгийн боловсролын чиглэлийн сургалтад суух эрхээр шагнасан юм.

“Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөрийн шилдэг оролцогч М.Долгорсүрэн

“Энэ хөтөлбөр дан ганц санхүүгийн болоод хувь хүний хөгжлийн хөтөлбөр бус бүхэл бүтэн амьдралын сургалт, дасгалжуулалт болж чадлаа. Өөрийгөө шилдгээр шалгарна гэж төсөөлсөнгүй. Залуус их сургуулиас хувь хүний санхүүг олж авна гэдэг боломжгүй тул хувиараа санхүүгийн боловсролоо дээшлүүлэхийн төлөө хичээх хэрэгтэй санагдсан. Хөтөлбөрөөр дамжуулан амьдралд маань олон өөрчлөлт орсон. Үр дүнг нь шууд мэдрэх гайхалтай байлаа.

Орчин үеийн залуус хангалттай хэмжээнд ажиллаж, мөнгө олж чадаж байгаа ч үрэлгэн, зардлаа бичиж тэмдэглэдэггүй, хадгаламж үүсгэдэггүй зэргээс санхүүгийн сахилга батгүй байгаа ажиглагддаг. Би өөрөө ч тийм байсан. Цаашид сурсан зүйлээ өөрөөрөө дуусгах биш, гэр бүл, найз нөхөд таньж мэдэх хүмүүсдэээ хуваалцахыг ихээр хүсэж байна. ХААН Банк болон АФА академийн хамт олондоо маш их талархаж байгаа хэлмээр байна” гэлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn