//Д.Сүндий: Амьдралын алдаа, сорилттой эрт нүүр тулах тусмаа сайн

Д.Сүндий: Амьдралын алдаа, сорилттой эрт нүүр тулах тусмаа сайн

“Нэт капитал” Банк бус санхүүгийн байгууллагын ерөнхий захирал Д.Сүндийтэй ажил хэрэгч яриа өрнүүллээ.

 -Санхүүгийн зах зээлд амжилттай бизнес эрхэлж буй цөөхөн залуусын нэг нь таныг гэх юм. Та аравхан настай байхдаа тамхи зараад дугуй авч унасан тухайгаа дурссан байдаг. Хүүхэд байхдаа л арилжаа, наймаанд суралцаж. Гэхдээ та бизнес бус IT чиглэлээр боловсрол эзэмшсэн хүн. Яагаад санхүүгийн бизнест орох болов?

-Би Дорноговь аймагт төрж өссөн. Аав маань эмч, Ээж минь Дорноговь аймгийн Худалдаа удирдах газарт насаараа ажилласан ня-бо хүн байдаг. Гэр бүлийн хүмүүжил гэвэл бид хэдэд хөдөлмөрийн амтыг эрт мэдрүүлсэн.  Намайг 10 настайд 90-ээд онд нийгмийн шилжилтийн үе байсан тул мөнгө тийм ч элбэг байсангүй. Би дугуй авч унахыг хүстэл аав ээж мөнгө байхгүй, энэ тамхийг зарж чадвал дугуй авч уна гэсэн. Тэгээд л өөрөө үнэхээр хүссэн учир тамхи зараад явсан.  Ер нь багын техникт дуртай, гарын ур сайтай хүүхэд байсан юм шиг байгаа юм. Оёдлын машин засна. Өсвөр насандаа дуудлагаар компьютер засаж, программ суулгаж хэд гурван төгрөг олчихно.  Энэ нь ч бас IT-ийн мэргэжил эзэмшихэд түлхэц болсон байх. Тухайн үед IT-гийн салбарт бизнес эрхлэе гэхээр зах зээл маш жижиг, оршин тогтнох зай бага байсан. Санхүүгийн салбарын хувьд хамгийн өрсөлдөх боломжтой, мөн өсөх ирээдүйтэй, төрөөс хамааралгүй, цаашид инженерчлэх боломжтой салбар юм байна гэж харсан. Нэг ёсондоо санхүүгийн салбарт мэдээлэл технологийг нэвтрүүлсэн гэж ойлгож болно.

-Та залуухан, 20-хон насандаа гэр бүлийн хувьд хүнд байдалд орсон гэж дуулсан. Эрэгтэй хүн ганцаараа хүүхэд өсгөх амаргүй  байх. Аавын үүргээ биелүүлж, ажлаа аваад явна гэдэг амаргүй. Яаж энэ бүхнийг даван туулав?

-Хүн ер нь амьдралдаа их бага хэмжээгээр заавал сорилттой нүүр тулах ёстой. Тэр алдаа, сорилт нь эрт байх тусмаа сайн. Өнөөдөр манай сургалтын системд ч тэр, гэр бүлийн хүмүүжилд ч тэр онц сурах, бусдад хүлээн зөвшөөрөгдөх, урсгал дагаж явах, бусдын хүлээлтэд нийцэж амьдрахыг чухалчилдаг. Гэтэл юуны төлөө амьдраад байгаа юм бэ гэдгээ хүн үргэлж өөрөөсөө асууж байх ёстой. Симон Синокийн Find your why? (Өөрийн яагаадыг олох) энэ номыг хүн бүр заавал уншаасай гэж хүсч байна. Тухайн үед охиноо ганцаараа өсгөхөд эцэг эх их тусалсан. Давахгүй гэсэн даваагаараа гурав давна гэдэг шиг тийм зүйл нэгэнт нүүр тулаад ирэхээр ухрах зам байгаагүй. Би маш сайн аав байхыг хичээсэн. Ийм тохиолдолд сорилтыг боломж болгох чадвартай байх ёстой. Амар амьдрал, амар шийдвэр хэзээ ч хүнийг урт хугацаандаа сайн сайхан руу аваачихгүй. Бид сорилт, хэцүү бэрхтэй тулж байж л өсөж хөгждөг, өөрийн тав тухын бүсээ (comfort zone) тэлдэг. Ертөнцийн жам гэх юм уу. Тиймээс миний амьдралын томоохон үнэт зүйлүүдийн нэг нь үргэлж алдаанаасаа суралцаж дүгнэлт хийн өөрийн чадахгүй, бүтэхгүй байх гэсэн хязгаарлах бодлоо ялан дийлэх юм. Одоо эргээд харахад амьдралын томоохон сорилттойгоо эрт тулсандаа баярладаг.

-Таныг амжилтанд хүргэсэн хамгийн гол хүчин зүйл юу байсан бол?

-Жижиг, том аль нь ч бай ямарваа шийдвэр гаргалтан дээр хувь хүний зарчим, үнэт зүйлээсээ хазайдаггүй минь өнөөдрийн энэ амжилтанд хүргэсэн юм болов уу. Бас зөв хандлага, тууштай, хөдөлмөрч зан чанар, сахилга баттай байдал нөлөөлсөн байх.  Бидний хойч үе гэр бүлдээ, үр хүүхэддээ, энэ нийгэмдээ, улс эх орондоо заавал өөрийн хувь нэмрийг оруулах сэтгэлтэй, зорилготой болж төлөвших ёстой.

Хэр олон хүний асуудлыг шийдэж байна тэр хэрээр тухайн хүний амжилттай амьдрах эсэх нь хамаардаг. Хэрэв чи өөрийнхөө асуудлыг шийдмээр байгаа юм бол эхлээд бусдын асуудлыг шийд. 100 хүн, 1000 хүний асуудлыг шийдээд ирэхээр чиний өөрийн, танай гэр бүлийн асуудал хажууд нь жижиг санагдана. Зөвхөн өөрийнхөө хэрэгцээг хангахын төлөө амьдарвал хүн хэзээ ч амжилттай амьдрахгүй. Анхнаасаа зорилгоо томоор тавих хэрэгтэй. Миний хэлэх дуртай үг байдаг юм. Манай компанид орж ажиллах хүний амьдралын зорилго, манай компанийн зорилготой нийцсэн байх ёстой шүү гэж. Хүн үнэхээр амжилттай амьдралыг хүсч байгаа бол амжилт гэдэг зүйлийг өөрөө эхлээд сайн судлах ёстой. Амжилттай яваа хүмүүсээс суралцах ёстой. Өдөр бүр уншдаг, өөрийгөө тогтмол хөгжүүлдэг, мэдлэгийг дээдэлсэн, өөрийгөө ялан дийлсэн хүнд л энэ амьдрал үр жимсээ өгдөг байх гэдэгт итгэдэг

-Та Германд эрдэм шинжилгээний ажилтан хийж байсан. Одоо эрдэм шинжилгээний ажлаа бүр орхисон уу?

-Бүр мөсөн орхисон. Олон жил зарцуулж, судалгаа шинжилгээ хийн доктор хамгаалж, мэдлэгийн цар хүрээгээ тэлэх нь миний мөрөөдөл байсан ч тухайн үед тэнд сурсан зүйлээ ирээд энд хэрэгжүүлье гэхээр Монголын нийгэмд эрдэм шинжилгээний ажилтны орон зай байгаагүй. Зөвхөн Докторын зэрэг хамгаалахын тулд эрдэм шинжилгээний ажил хийгээд хэрэггүй юм байна гэж харсан. Судлахын тулд судлах биш үнэхээр бүтээл хийхийн тулд л судлах ёстой юм байна, тэр жинхэнэ know how байгаа газар Silicon valley-д очихгүй л юм бол, apple, amazon, google-д нь ажилладаггүй л юм бол вакумжуулсан орчинд хичнээн судлаад ч үр дүн багатай, цаг үрсэн хэрэг болох юм байна гээд зоригтой орхисон.

АЖИЛ ХИЙНЭ ГЭДГИЙГ ЦАЛИНТАЙ СУРГАЛТ ГЭЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ

-Гадаадад ажилласан туршлага танд ямар сургамж үлдээсэн бэ. Монголд нүүдлийн шувууд ирээд чиг л буруу дэвдэг гэж ярьдаг. Соёлтой орноос эх орондоо ажиллахад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байв?

-Ихэнх хүмүүс гадаадад гарчих л юм бол боломж байна. Монголд буцахаар ямар ч ирээдүйгүй мэт боддог, Гэтэл энэ нь эсрэгээрээ асар их боломж. Мэдээж олон жил зорьж хүсэж байсан зүйл болох хамгийн залуу доктор болох амбицтай Герман руу явж байсан бол орхиод бүгдийг шинээр эхлэх гээд буцаад нутагтаа ирэхэд амар байгаагүй. Гэхдээ Монголд асуудлууд маш их, үүний шийдлийг олох боловсон хүчин хэрэгтэй гэдгийг олж харсан. Энд дөнгөж ирээд харин азтай нь тухайн үед шинэ зах зээл рүү дөнгөж орж байсан, жинхэнэ хийж бүтээх суралцах орчин хангагдсан Монгол дахь Хятадын томоохон технологийн компани болох Зи-Ти-И-д орж ажилласан. Бусад компаниас ялгагдах онцлог нь зөвхөн ажлаа хийгээд суух биш давхар хувь хүнийг өсөж хөгжих боломжоор хангаж байсан нь маш их зүйлийг надад өгсөн. Германд доктор хийнэ гээд судлаад суугаад байх биш хамтдаа суралцаад хийж бүтээгээд дээрээс нь сур гээд цалин өгнө. Ер нь ажил хийнэ гэдгийг хүн цалинтай сургалт байна л гэж харах хэрэгтэй. Зи-Ти-И корпораци бусад компанитай харьцуулахад маш хурдтай, хөдөлмөрч компани байсан. Байнга илтгэл, сургалт хийлгэж, бусадтайгаа мэдээллээ хуваалцана, орчуулга хийнэ, гадагшаа сургалтуудад хамруулна гэх мэт. Орчуулга хийнэ гэснээс би өөрөө хэл шинжлэлийн хүн биш учраас тухайн орчуулах гэж буй сэдвээ мэргэжлийн талаас нь заавал эхлээд өөрөө ойлгочихоод утгачилж орчуулдаг болоод ч тэр үү тухайн сэдвээр тест авахад хамгийн өндөр оноо авдаг байсан. Хэл шинжлэлийн хүн бол хэлзүйн арга барилаараа зөвхөн үгийг нь дамжуулах байдлаар орчуулдаг шиг байгаа юм. Сайхан дурсамжууд олон бий. Тэгэхээр тийм хамт олон удирдлагын багтай залгагдаад орохоор энд ирсэндээ харин ч баярласан.

-Арваад жилийн өмнө банкны салбарынхныг шүүмжилж нийтлэл бичсэн. Банкируудын зүгээс ширүүн эсрэгүүцэлтэй тулсан байх. Гэхдээ өнөөдөр ч бид ялгаагүй ашгаа бодоод ирээдүйн эрсдэлээ тооцож чадахгүй хаус байдал руу явж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Тухайн үед 2008 онд банкны салбарынханд нилээд шүүмжлэлтэй хандаж байсан. Тэр ч мотивацаараа санхүүгийн салбарт бизнес эрхлэх болсон байх. Одоо санхүүгийн салбарт цэвэр өрсөлдөөн, инноваци хэрэгтэй байна. Өрсөлдөөн байхгүйгээс болоод зардал нь хэмнэгдэхгүй, шинэ юм сэтгэхгүй, одоо байгаа орлогодоо сэтгэл ханаад инноваци үүсэхгүй байна. Сүүлийн 10 жилд дөрвөн банк дампуурлаа. Энэ дампуурлын шалтгааныг нь харахаар яг цэвэр өрсөлдөөнөөс гэхээсээ илүү муу зээл, удирдлагын ёс зүйгүй байдлаас болсон байгаа юм. Өрсөлдөөн ширүүсээд ирэхээр маржин багасна, зардлын хэмнэлтэндээ ашиг хийх шаардлагатай болно. Тэгэхээр илүү толгой ажиллана. Ядаж 30 банктай болчихвол цэвэр өрсөлдөөн үүснэ.

-2000-аад оны бизнес арай өөрөөр явж байж. Эрх мэдэл, танил талын хүрээнд төрөөс тендер авах, эсвэл үйлчилгээ үзүүлэх байдлаар л өрсөлдөж ирсэн. Харин өнөөдөр бизнесийн өрсөлдөөн өөрчлөгдөж, орчин ч огт өөрөөр явж байна. Цаашаа юу болох бол. Таны төсөөлөл юу вэ?

-Одоо ч хангалттай бизнесийн орчин байгаа гэж би хэлэхгүй. Ширүүн өрсөлдөөнийг бий болгохын тулд монополь бизнесийг либералчлах нь зөв. Мөн манай том компаниуд одоо байгаа энэ жижиг зах зээл дээрээ ашгаа булаалдах биш, гадагшаа зах зээл рүү гарч нийт Монгол Улсын орлогыг нэмэгдүүлэх ёстой. Монгол гэдэг нэг зах зээлээс орлогын эх үүсвэр нь хамаараад байхаар бизнесийн хэмжээ ч бас томрохгүй байна. Өөрсдөө нэг зэх зээл дээрээ монопольдоод жижгүүдийгээ блоклоод байхаар өөрсдийнх нь бизнес ч томрохгүй, хэрэглэгчид ч олигтой бүтээгдэхүүн очихгүй. Тиймээс дотооддоо импортлогч биш гадагшаа экспортлогч байгаад төгс өрсөлдөөн үүсгэх ёстой. Дотоод компаниуд нь чадавхигүй байхаар эдийн засаг нь ч чадавхигүй байх нь ойлгомжтой. Мөн төрөөс татварын зохицуулалтуудыг хийж өгөх ёстой. Жишээ нь: үл хөдлөхийн татвар байна.  Өмнө нь бол оффисын түрээс өндөр, цөөн оффис, худалдааны талбайтай болохоор бизнес хийгээд олсон ашгаа түрээсийн зардалдаа өгчихдөг байсан бол өнөөдөр энэ барилгын салбарын хямрал эсрэгээрээ бизнес эрхлэгчдэд харьцангуй өрсөлдөөнтэй үнэ тогтоож өгсөн нь үнэн. Манайх үл хөдлөхийн татвар бага учраас түрээслүүлэхгүй ч байж болдог. Гэтэл түрээслүүлэхгүй бол алдагдалд ордог байдлаар хууль татварын орчинг шийдэж өгөх ёстой. Үл хөдлөхийн татвараа нэмдэггүй юм аа гэхэд шударгаар жигд хурааж сурах ёстой. Тэгж байж зах зээлийн ханшаар түрээсийн үнэ тогтож ирнэ.

-Бизнес хийхээр хөрөнгө оруулалт хaйж байгаа залууст та юу зөвлөх вэ?

-Чадавхитай компани болон чадвартай хүмүүст бол хөрөнгө оруулалт хаа сайгүй л олдоно. Мөн эхлээд өөрийнхөө мөнгийг эрсдэлд оруулахгүйгээр хүний мөнгийг эрсдэлтэй нөхцөл байдалд аваачих нь бас өөрөө учир дутагдалтай. Тэгэхээр эхлээд өөрсдийгөө чадавхижуулаад өөрийнхөө мөнгөөр хөрөнгө оруулж үзүүлээд хангалттай амжилттай ашигтай байх хүртэл нь бизнесээ авч явж харуулаад нэмэлт хөрөнгө оруулалт татах юм уу, хувьцаагаа санал болгох нь харьцангуй этиктэй зүйл. Санаа бол хаана ч байна. Ер нь оригиналь идеа олдоход маш хэцүү. Ихэвчлэн сайжруулсан дуураймлууд. Жишээ нь: Форд өөрийн конверийн системыг махны үйлдвэрээс санаа авч хийсэн. Тэгэхээр хэрэв чамд үнэхээр чадвар байгаа юм бол мөн тодорхой хэмжээний мөнгө байх ёстой. Ер нь хүнд гурван төрлийн хөрөнгөтэй болох боломж байдаг гэж байгаа юм. 1. Үнэ цэнэ хүрэх мэдлэг чадвар, 2. Ашиг орлого авчрах бизнес 3. Хөрөнгө оруулалт. Хэрэв чи энэ хоёр дахь буюу үнэхээр бизнес эрхлэгч баймаар байгаа бол эхлээд үнэ цэнэтэй чадварууд эзэмших ёстой, сайн багтай байх ёстой, маш сайн гүйцэтгэлтэй байх ёстой. Хөрөнгө оруулалт бол дараагийн асуудал. Чадвар гэдэг бол өөрөө мөнгө. Хэрэв чамд мөнгө байхгүй юм бол чадвар бас байхгүй гэсэн үг. Чадвар, ноу хау байгаа цагт хаашдаа ашигтай ажиллах нь тодорхой тул хүн итгэж хөрөнгө оруулна.

-Бизнест мэдээлэл, мэдлэг, танил талын аль нь чухал вэ?

-Урт хугацаандаа бол мэдлэг чухал. Харин дөнгөж эхлэлийн шат буюу богино хугацаандаа бол мэдээлэл, танил тал чухал. Яагаад гэвэл чамд зах зээл дээр итгэлцэл, түүх хараахан үүсээгүй байгаа тул танил талаараа ажил аваад яваад байж болно. Гэтэл урт хугацаандаа чадвартай, сайн бүтээгдэхүүн нийлүүлдэг, итгэл алддаггүй, мэдлэг ноу хаутай тэр хүнтэй л хүмүүс бизнес хийнэ. Урт хугацаандаа мэдлэг хуримтлуулалгүй дан танил тал, мэдээллээр бизнес хийнэ гэвэл яваандаа дампуурна.

БАНК ИТГЭЭГҮЙ ХҮМҮҮСТ  БИД ИТГЭСЭН

-Бизнесийн хүрээнд нэр хүнд маш чухал гэдэг. Харин та нэр хүндээ хэр хайрладаг хүн бэ?

-Нэр хүнд гэдэг өөрөө үнэ цэнэ буюу мөнгө бас итгэлцэл. Энэ нь түүх бас чамайг илэрхийлэх брэнд. Нэр хүндийг олж авахын тулд амьдрах биш өөрөө л зөв амьдар. Бизнесийн хүрээнд ч гэлтгүй ер нь хүн гэдэг энэ нийгмийн төрөл бүрийн харилцаанд орж л байгаа бол өөрийн нэр хүндээрээ өөрт нь итгэж болох эсэхийг хэлээд өгдөг. Итгэлцэл дээр бүх харилцаа суурилж байдаг. Нэр хүндийн цаана ёс зүй, ёс суртахуун, чадвар чадамж, үнэнч, тууштай байдал гэх мэт маш их зүйл агуулагдаж байдаг. Бизнесийн ёс зүй, шударга байдал амжилттай явахад их чухал. Аливаа зүйлийг үргэлж урт хугацаанд нь харж байх ёстой.

Уоррен Баффет хэлсэн байдаг. Сайн нэр хүндийг бий болгоход 20 жил шаарддаг атлаа түүнийг нураахад таван минут л хангалттай гэж.

Тэр тусмаа өнөөгийн зарим улс төрчдийг яаж ёс зүй, ёс суртахуун нэр хүндээ уландаа гишгэн өөрсдийн эрх ашгийн төлөө улайран дайрч эрх мэдлийн төлөө бие биенийхээ нэр хүндэд халдаж байгааг харах эмгэнэлтэй санагддаг.

-Монголчууд дэндүү өндөр хэрэглээтэй гэж ярих болжээ. Үргүй зардал ч их гаргаад байх шиг. Гэхдээ хүнээс дутахааргүй амьдрах хүсэл бүгдэд нь бий. Гэтэл иргэдийн дийлэнх нь цалин нь хүрэлцдэггүй учраас зээлээр байр, орон сууц гээд бүх зүйлээ худалдан авдаг. Гэхдээ банкны зээлийн шалгуур их өндөр. Энэ сул тал дээр нь танай компани тоглолт хийсэн гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Зээл гэдэг үгээ эхлээд сайн ойлгох ёстой юм шиг байгаа юм. Зээл гэдэг нь англи дээр кредит буюу итгэлцэл, чамд итгэж хөрөнгө оруулж байна гэсэн үг. Тэгэхээр аливаа бизнест эрсдэл гэдэг зүйл яригдана. Гайгүй нэр хүндтэй бүтээгдэхүүн байвал хүн шууд худалдаад авна, яагаад гэвэл баталгаатай гэж бодно. Гэтэл ойлгомжгүй зүйл байвал хүн бодно. Шууд мөнгөө төлөөд авахаар эрсдэлтэй тул хүн хүлээж азнана. Үнэхээр эрсдэлтэй бараа юм бол хүн өгөөжөө илүү авахыг бодно. Яагаад гэвэл баталгаагүй зүйлд хөрөнгө оруулж байгаа учраас. Тэгэхээр банк итгээгүй хүмүүст бид итгэсэн. Нөгөө хүмүүст бид боломж олгохгүй, тэр итгэсэн итгэл нь тэдэнд гай болоод байсан бол энэ салбар өнөөдөр ингэж хөгжихгүй л байсан. Тэр итгэл нь энэ хүмүүст боломж авчраад байсан учраас Нэткапитал ч хөгжөөд, салбар нь ч дагаад хөгжөөд, харилцагчдынх нь ч амьдрал дээшлээд байна шүү дээ. Алдагдсан боломж гэж ойлголт байна. Хэрэв хүн өвдлөө гэвэл банкууд тэр хүнийг хамгийн эрсдэлтэй хүн гэж хараад мөнгөө өгөхгүй. Гэтэл тэр хүнд хэн нэгэн мөнгө өгч эдгээх ёстой юм байгаа биз дээ. Бизнес эрхлэгч байлаа гэж бодьё. Цаг нартай уралдаж ажилладаг хүнд зогсолтгүй эргэх эргэлтийн хөрөнгө олох нь чухал тул хүү нь өндөр ч банк бусаар үйлчлүүлдэг. Тэр хүнд 1,2 хувийн хүүний зөрүү сонин биш. Тэр хүнд цаг хугацаа бас боломж нь илүү чухал. Эргээд тэр ажил нь бүтээд ирвэл тэр баярласан сэтгэлийн дэргэд тэр хүү өчүүхэн. Хэрэв тэр хүнд тэр авсан мөнгө нь гай болоод байсан бол дахиж хэзээ ч зээл авахгүй. Гэтэл дахин дахин аваад байна гэдэг нь өөрөө бид бусдад үнэ цэнэ үүсгээд байна л гэсэн үг.

-Бизнес хийхэд төлөвлөгөө, судалгаа чухал уу, хөрөнгө оруулалт чухал уу?

-Аль аль нь чухал биш. Хэрэв чи нэг асуудал олоод харчихсан юм бол тэр асуудлыг шийдэх шийдэл мөн чадамж байх ёстой. Хүн бүр л судалгаа хийнэ. Гэтэл ямар ч мундаг судалгаа хийсэн тэр эрсдэлийг 100% хаана гэж хэзээ ч байхгүй. Судалгаа бол өөрөө өнгөрсний дата. Гэтэл ирээдүйд юу болох нь үл мэдэгдэм. Гагцхүү тэр үл мэдэгдэх ирээдүйг тодорхой хэмжээнд таамаглаж чаддаг чадвар суух ёстой.

-Монголд өнөөдөр бизнес эрхлэхэд хэдий хэмжээний мөнгө байж гэмээнэ амжилттай явах бол. Тийм тооцоолол байж болох уу?

-Бизнес эхлүүлэхэд заавал мөнгө хэрэггүй. Чи үнэхээр чадвартай борлуулагч юм бол энийг тэрэнд зараад дундаас нь ашгаа хүрт л дээ. Чадвартай, өөрийгөө хөгжүүлсэн л бол бизнесийг мөнгөгүй ч эхлүүлж болно. Тодорхой нэг компанид хэсэг ажилласан туршлагатай, тэр туршлагаа дагаад чадвар суугаад хэрэглэгчийн дата танил тал бүх зүйл нь үүсчихсэн, дээрээс нь итгэлцэл байх юм бол дараа нь хөрөнгөө босгоод өөрийн бизнес эхэлж болно.

ДОЛДУГААР ХУВЬСГАЛ БУЮУ МЭДЛЭГИЙН ХУВЬСГАЛЫН ЭРИН ҮЕ ИРЧИХЛЭЭ

 -Та гарааны бизнес хийх гэж байгаа залууст юу гэж зөвлөх вэ?

-Мөнгө олохын тулд хэзээ ч битгий бизнес хий. Үнэхээр тэр хийж буй зүйл чинь чамд аз жаргал өгч, хүсэл мөрөөдлийг чинь биелүүлэхээр байвал хий. Тууштай байдал хамгийн чухал. Мөн бүтэлгүйтсэн ч эргээд босох сэтгэлийн тэнхээ, үргэлж чамайг ирээдүй өөд “чирж байх” том зорилготой байх ёстой. Дээр нь тухайн салбарт өөрт чинь авъяас байна уу гэдгийг хар. Тодорхой хэмжээний ажил хийж үзээд өөрийгөө сориод, мэдлэг чадвар суугаад, өрсөлдөх давуу тал үүсээд ирэхээр аяндаа хүнд бяр амтагдаад цаашдын зам харагдаад эхэлнэ. Тэр хүртэл өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Би ажилчиддаа байнга хэлдэг юм. Сагсны багын дасгалжуулагч болмоор байвал эхлээд сайн сагсчин бай. Огт сагс тоглож үзээгүй байж шууд дасгалжуулагч болно гэвэл хэд дахин их цаг мөнгө зарцуулна. Эцэст нь амжилт олох магадлал ч бага гэж. Тэгэхээр өөрөө оролдож хийж үзэх нь их чухал.

-Өдөр бүр өөрчлөгдөн, хавтгайрч буй энэ дэлхийд бид оршин тогтнохын тулд юу хийх ёстой гэж та бодож байна?

-Бид эхлээд 5,10 жилийн дараа дэлхий яаж өөрчлөгдөх вэ гэдгийг хардаг байх ёстой. Бусдын хийсэн зүйлийг хэзээ ч битгий харанхуйгаар дага. Аль 20,30 жилийн өмнө дэлхийн аль нэг газар туршаад үзчихсэн туршлагыг бид өөрсөд дээрээ харанхуй хуулж тавих гээд бүтэхгүй. Хойноос нь гүйгээд гүйцэхгүй. Харин бид өөрсөддөө тохирсон өвөрмөц онцгой стратеги хэрэгжүүлэх ёстой. Энэ нь мэдээж эрсдэлтэй. Гэхдээ энэхүү эрсдэлийг хүлээж чадах хэмжээнд бэлэн байх ёстой. Ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй.

-Өнөөгийн бид мөнгөтэй, орлоготой байхад мэдлэг дутаад байна уу эсвэл төлөвлөлт үгүйлэгдээд байна уу?

-Монголд өнөөдөр аль аль нь алга. Төлөвлөгөө ч үгүй, мэдлэг ч үгүй хэрнээ бид Уул уурхай дээрээ түшиглээд амьдарч болоод байна. Тэгэхээр улам ухаан муутай болоод байна. Уул уурхай нь байхгүй болчихвол хүн амьдрахын тулд мэдлэг эзэмшихээс өөр аргагүй болно. Төлөвлөхөөс өөр аргагүй болно. Тэгэхээр бидэнд тулгараад байгаа нэг том асуудал нь өнөөдөр бидний дунд мэдлэг хүчгүйдээд байна. Монгол хүн бүрт сайхан амьдрах бүрэн боломж бий. Гагцхүү бид өөрсөддөө итгэдэггүй. Итгэл үнэмшилгүй учраас амьдралаа сайжруулья, орлогоо нэмэе, өсөж хөгжье, боловсоръё гэсэн сэтгэл гарахгүй байна. Нэг талдаа боловсрол мэдлэгийг дээдэлсэн, өөрсдийгөө хөгжүүлэх сэтгэл, алсын хараа тэмүүлэлтэй залуус байх ч нөгөө талд өдөр хоногийг аргацаасан, хүсэл мөрөөдөл, зорилгогүй залуучууд ажил хийсэн төдий болоод өөрсдийгөө хуураад явааг харахад эмгэнэлтэй санагддаг. Мэдлэг бол дэлхийг өөрчилж чадах асар хүчтэй зэвсэг. Тиймээс бидний хойч үе болсон залуучуудаа цоо шинэ системээр, цоо шинэ арга барилаар хүмүүжүүлэх цаг ирсэн.

Нийгмийн нэг үе солигдож байна гэж би хэлнэ. Монголчуудын долдугаар хувьсгал гэж би нэрлээд байгаа. Бидний үзэж туулснаар өнгөрсөн хугацаанд дараах зургаан хөрөнгөжих боломж байсан байгаа юм. 1. Наймааны алтан үе, 2. Өмч хувьчлал 3.Тендэр 4. Газар,  лиценз 5.Уул уурхай 6.Гадаадын хөрөнгө оруулалт. Харин одоо бол долоо дахь буюу Мэдлэгийн хувьсгал хүссэн хүсээгүй болно. Хүссэн хүсээгүй энэ нийгэм тэр чигтээ өөрчлөгдөнө. Монополиуд задарна.  Чи өөртөө л хөрөнгө оруулж, юм сурч мэдэж авахгүй л бол аяндаа амьдрах аргагүй болно.

Цаг нар, боломж бүхнээ ёстой чулуу болгож чадах чамбай залуугийн эл яриаг нийгмийн хөгжлийн нэг чиг хандлагыг харах цонх гэлтэй.

Сэтгүүлч: Н.Оюунцэцэг