Нур-Султан хотноо Олон улсын Түрэг академийн зүгээс зохион байгуулсан Хүмүүнлигийн ухааны «Улы дала (Их тал)» олон улсын 4-р форум энэ оны зургадугаар сарын 24 өдөр болж өнгөрлөө.Энэхүү чуулганд Азербайжан, Америк, Герман, Молдав, Гүрж, Монгол, Пакистан, Энэтхэг, Узбекстан, ОХУ, Тажикстан, Турк зэрэг 21 улсаас 250 гаруй эрдэмтэн судлаачид, шинжээчид 6 салбарын дагуу илтгэл хэлэлцүүлэн, санал бодлоо солилцлоо.
Тус Форумд Монгол улсын ерөнхийлөгч асан, академич П.Очирбат тэргүүтэй Монгол улсын төлөөлөгч эрдэмтэд, нийгмийн зүтгэлтэнүүд оролцлоо. Тодруулж хэлэхэд, Монгол улсын БН Казахстан улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Баттулга, Монгол улсын Дипломат академийн захирал, профессор Х.Бэхбат, Монгол улсын ахмад дипломатч, элчин сайд Л.Удвал, Монгол улсын парламентийн гишүүн асан, академич А.Бакей, дипломатч Сүх-очир Болд, Монгол улсын БН Казахстан улс дахь элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Дамба нар оролцлоо. Форумын нээлтийн хуралдаанд үг хэлсэн академич П.Очирбат казах болон монголын ард түмний түүх, соёл, хэл, ес заншил буурал түүхийн жимээр холбоотой, нэг зэлтэй байсаныг цоохон дурдаж, уг чуулганд Алтан ордон улсын 750 жилийн ой, мөн Өгөөдэйн ач хүү Хайду жанжны зохион байгуулсан алдарт Талас хурилдайн 750 жилийн ойг салбар хуралдаанд тэмдэглэж байгаа нь өндөр ач холбогдолтой болохыг дүгнэлээ.
Форумын үеэр академич П.Очирбатыг Олон Улсын Түрэг академийн ернхийлөгч Дархан Кыдырали академийн алтан медалиар шагнав. Мөн энэ форумд оролцон Казахстан улсад ажиллаж байгаа Монгол улсын төлөөлөгчид Олон улсын Түрэг академийн хөтөлбөрийн дагуу Казахстан улсын төрийн зарим удирдлагуудтай хэд-хэдэн чухал ач холбогдолтой нөхөрсөг уулзалтанд оролцлоо. Тухайлбал, 6 сарын 25-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгч асан, ноён П.Очирбат БН Казахстан улсын ерөнхийлөгч К.Токаевтай нөхөрсөг уулзалт хийлээ. Уузалтын үед талууд хөрш зэргэлдээ оршдог ах дүүгийн найрамдалт улсуудын хооронд тогтсон найрамдалт харилцаанд сэтгэл хангалуун байгааг тэмдэглэн, Олон улсын Түрэг академийн Монгол улсын шинжлэх ухаан, соёлын байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлсэн хэсэг төслүүд үр дүнтэй болсоныг дурдан, иймэрхүү эрдэм шинжилгээний хамтын ажилгаа, форум уулзалтууд цаашдаа өргөжих ёстойг онцлон, хоёр улсын хоорондын хамтын ажилгааны цар хүрээ улам тээлэх боломжтой байгаа талаар санал солилцов.
Мөн П.Очирбат тэргүүтэй Монгол улсын төлөөлөгчдийн бүлэгийг БН Казахстан улсын Гадаад хэргийн сайд, ноён Б.Атамкулов хүлээн авч уулзан, хоёр орны найрамдалт харилцааны талаар чөлөөт санал-бодлоо солилцлоо.
Бас 6-р сарын 26-өдөр Монгол улсын төлөөлөгчид Л.Н.Гумилевийн нэрэмжит их сургуулийн эрдэмтэдтэй уулзан, ноён П.Очирбат Монгол болон Казахстан улсын найрамдалт харилцааны хөгжлийн асуудалаар лекц уншив. Энэхүү уулзалт хуралдааныг удирдсан Л.Н.Гумилевийн нэрэмжит Евразийн их сургуулийн захирал Е.Б.Сыдыков их сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрийн дагуу академич, ноён П.Очирбатад хүндэт профессор цол олголоо.
П.Очирбат тэргүүтэй төлөөлөгчид 6-р сарын 27-ны өдөр Олон улсын Түрэг академид ажлын айлчилал хийлээ. Академийн ерөнхийлөгч Дархан Кыдырали ноён П.Очирбатыг алд цэнхэр хадагтай, аяга дүүрэн сүүтэй угтан авч, аян замдаа цог хиймортой, өлзийтэй явахын ерөөлийг чин сэтгэлээс дэвшүүлэв. Монгол улсын төлөөлөгчид академийн музей болон номын сантай танилцав.
Олон улсын Түрэг академи сүүлийн жилүүдэд Монгол судлалын олон улсын холбоотой Санамж бичиг үзэглэсэн бөгөөд Алтай судлал, Түрэг судлал, Монгол судлалын байнгын нарийн бичгийн газар болон Монгол судалын төв байгуулан ажиллаж байгаа билээ. Энэ бүтцүүдийн зүгээс «Алтай судлал, Түрэг судлал, Монгол судлал» болон «Монгол судлалын мэдээ» сэтгүүл, мөн монгол судлалын чиглэлээр нилээд бүтээлүүд хэвлэн гаргасан юм. Ноён П. Очирбат, Д.Кыдырали нар Монгол судалын төвийн албан ёсны нээлтийн ёслолыг хийж тууз хайчилан, мөн академийн монгол судлалын бүтээлүүдийн номын нээлтийн баярыг давхар хийлээ. Тухайлбал, түрэг, монгол судлаач, доктор Базылханы Напилийн «Монголын нууц товчоо»-ны эрдэм шинжилгэний үгчилсэн, утгачилсан казах хэлний орчуулга болон үгсийн толь, бас «Монгол судалын мэдээ» сэтгүүлийн 2019 оны анхны дугаар хэвлэгдэн гарлаа.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол улсын Дипломат академийн захирал, профессор Х.Бэхбат, Монгол улсын урлагийн гавьяат мастер Э.Дөлгөөн, Монгол улсын БН Казахстан улс дахь элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Дамба нар байлцав. Найрсаг халуун дотно болсон энэхүү уулзалтанд талууд академийн Монгол улсын шинжлэх ухаан, соёлын байгууллагуудтай хамтарсан төслүүдийн хэрэгжилт, гаргасан амжилтыг дүгнэж, ирээдүйд хийгдэх ёстой эрдэм шинжилгээ судалгааны агуулга, цаашдын харилцааны өргөн боломжуудын талаар илэн далангүй санал солилцов.
Ийнхүү Монгол улсын ерөнхийлөгч асан, академич П.Очирбат тэргүүтэй Монгол улсын төлөөлөгчдийн Казахстан улс дахь ажлын айлчилал амжилтай, ажил хэрэгчээр үргэлжилж байгаа бөгөөд төлөөлөгчид маргааш Караганда мужийн Жезказганы нутагт оршдог Зүчи хааны бунханд очиж, ариун дагшин нутгийг үзэж сонирхох юм.
Дашрамд хэлэхэд, Олон улсын Түрэг академи Монгол улсын ШУА хооронд хамтран ажиллах тухай 2014 онд анх Санамж бичиг байгуулсан юм. Мөн тус академи Монгол улсын Түүх, археологийн хүрээлэн, Монгол улсын Архивийн Ерөнхий газар, Монголын Үндэсний музей, Монгол улсын Уламжлалт анагаах ухааны музейтэй хамтын ажиллагаануудаа идэвхтэй явуулж байна. Олон улсын Түрэг академи Монгол улсын Түүх, археологийн хүрээлэнтэй хамтарч Булган аймгийн нутагт оршдог Шивээт улааны тахилын онгонд, Монголын Үндэсний музейтэй хамтарч Хэнтий аймгийн нутагт оршдог Хаяахудаг, Гүнбүрд тахилын онгонд дөрвөн жил дараалан археологийн судалгаа үр дүнтэй явуулж байна.