САМДАНГИЙН ОЮУН: ЯПОНЧУУДЫН ХАНДЛАГА НАМАЙГ ИХ ӨӨРЧИЛСӨН

access_time 2019-06-27
remove_red_eye 117

    “Долоон болдог” ХХК нь 2004 онд байгуулагдсан, гал тогооны тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр төрөлжсөн Монголын анхдагч компани юм. Захиалагчийн хэрэглээнд тохирсон, хүсэл шаардлагыг нь тусгасан тавилга үйлдвэрлэж ирсэн учир хэрэглэгчдийн дунд Kitchenall нэрээр хэдийнэ танил болсон билээ. Өнөөдөр “Долоон болдог” ХХК нь 300 гаруй ажилтантай, 10,000 m.кв оффис болон үйлдвэрлэлийн байртай, 3280 т.кв агуулахын байртай, Kitchenall нэрийн салбар дэлгүүрүүдтэйгээр чиглэлдээ тэргүүлэгч компани болсон байна. 2011 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн Европын сэргээн босголт хөгжлийн банкны ТАМ болон BAS хөтөлбөртэй хамтран ажиллаж бүтээгдэхүүний чанар, технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх ажлыг хамтран гүйцэтгэсэн. “Kitchenall” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Оюун бол залуухан, чадварлаг удирдагч юм.

 

-“Kitchenall” ХХК-ийг Монголчууд мэддэг болоод их уджээ. “Kitchenall” брэндийг Дарханы ах дүүс байгуулсан гэдэг үнэн үү?

-Тийм ээ. Бид Дархан хотынх. Аав ээж хоёр маань Өвөрхангай аймгийн уугуул иргэд ч 1970 онд Дархан хотод илгээлтээр очиж, ажил амьдралынхаа гарааг эхэлсэн. Манай аавыг Цэрэндолгорын Самдан гэдэг. Дархан хотын Барилгын 2-р трестэд нимгэн төмөрчин хийж байсан. Ээжийг минь Шагдарын Лхамсүрэн гэдэг Нэхий эдлэлийн үйлдвэрт чанар тооцоологчоор ажиллаж байсан. Одоо аав маань тэтгэвэрт гарсан ч зүгээр сууж чаддаггүй зангаараа нимгэн төмрөөр агааржуулалтын суваг хийж, угсардаг жижигхэн бизнес эрхэлж байгаа. Ээж маань угийн их хөнгөн шингэн хүн учраас өдөр бүр л “ээжийн, эмээгийн” ямар нэг ажилтай их л завгүй байдаг. Бид “дөрвөн бэрх шагай” шиг ах дүү дөрвүүлээ. Би  айлын отгон охин нь. Анх 2001 онд том ах Ганбаатар “Долоон болдог” ХХК-ийг 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулснаар одоогийн Kitchenall брэндийн эхлэл тавигдсан. Тухайн үед жижиг цех байлаа. “Долоон болдог” ХХК өнөөдрийн байдлаар тавилгын үйлдвэр, цахилгаан барааны худалдаа, төмөр карказны үйлдвэр, сендвичэн хавтан үйлдвэрлэл болон барилга угсралт, чулуун хийцийн үйлдвэр, канад технологийн байшин үйлдвэрлэл зэрэг нийт таван охин компанитай болсон. Харин эгч Ганхорлоо хөшигний үйлдвэрлэл, гэрэл чимэглэлийн бизнес хариуцаж ажилладаг. Миний хувьд анх хотод оюутан болсон цагаасаа л Kitchenall үйлдвэрт туслах ажилтнаар орж ажлын гараагаа эхэлж, нягтлан бодогч, Санхүүгийн албаны дарга, Гүйцэтгэх захирал хүртэл дэвшин ажиллаж байна.

-Айлын бага учир аав ээж, ах нартаа эрхэлж өссөн байх. Та дөрвөөс багадаа хамгийн адтай сэргэлэн нь хэн байсан бэ?

-Айлын багыг адтай л гэдэг дээ /Инээв/ Айлын бага байна гэдэг өсөх үед эрхлэхийн жаргал, сурах үед ах эгчээсээ үлгэр авахын жаргал, ажиллаж хөдөлмөрлөх үед дэмжлэг авахын жаргал юм уу даа. Энэ ч утгаараа би бурхан шиг сайхан ээж аав, уул шиг түшигтэй хоёр ах, үргэлж намайг гэдэг эгчийн хайрыг мэдэрч амьдардагтаа талархаж явдаг. Том ах Ганбаатар маань надаас 12 ах учир намайг багад их хардаг байсан гэдэг. Үеийнхээ хүүхдүүдтэй тоглох ч эрхгүй намайг дагуулаад л явдаг байсан гэж ярьдаг. Харин Ганбат ахтайгаа насны хувьд ойр болохоор их дотно өссөн. Эгчийн хувьд бол хоёр эмэгтэй хүн амьдралынхаа бүх л зовлон жаргалаа хуваалцаж явна даа.

-Бага насныхаа тухай дэлгэрэнгүй яриач айлын эрх охиноос зарчимч хөдөлмөрч удирдагч болсон түүх сонирхолтой санагдлаа?

-Хүүхэд насны хувьд бүх хүүхдүүдийн л адил хүсэл мөрөөдлөөр дүүрэн, жаргалаар дүүрэн өнгөрсөн. Аав, ээж хоёр маань биднийг хүнээс дутаахгүй хүн болгох гэж их ч зүтгэсэн. Аав маань их чимбай, зарчимч, ажилсаг хүн. Юмыг хийвэл, хийсэн шиг хийдэг. Бүх зүйл нь их эмх цэгцтэй, цэвэрч, өндөр “стандарттай” хүн. Бидний хувьд тэр стандартыг нь давах гэж хичээж л явцгааж байна. Харин зарчимч зан чанарыг нь өвлөсөн гэж боддог. Аливааг хийвэл эцсийг нь үзэж байж салдаг зан минь аав, ээж хоёрынх. Манай ээж их дайчин, ажилсаг, нийтэч, хөнгөн шингэн гээд ер нь аав, ээж хоёрын минь олон сайхан чанарууд бидэнд өвлөгдсөн. Тэд маань биднийг цагийн юмыг цагт нь хийж, хариуцлагатай байхад сургасан. Дээр хэлсэнчлэн айлын хүүхдүүд аав, ээжээсээ төдийгүй ах эгч нараасаа үлгэр дуурайлал авч хүмүүждэг гэж боддог. Хоёр ах маань одоо хүртэл зааж сургадагт талархаж явдаг. Энэ бүх хүний итгэл хайрыг дааж, хэлсэн сургасан бүгдийг нь хийх, хэрэгжүүлэх гэж хичээж, зүтгэсэн маань өнөөдрийн “БИ”-г бий болсон юм уу даа.

-Айлын бага охин хэр сурагч, ямаршуу зан чанартай охин байв?

-Сурагч байхдаа их шартай мэриймтгий охин байсан. Ах эгч нар гэрийн даалгавраа хурдан хийгээд дуусчихаар адилхан хурдан хийх гэж үзнэ. Гэрийн даалгавраа хийхгүй бол унтахгүй. Бас бүх юманд сэтгэлээсээ хандахыг хичээдэг байлаа. Одоо болтол нэгдүгээр ангиасаа найзалсан найзуудтайгаа дотно хэвээрээ. Хамгийн дуртай хичээл бол тооны хичээл байсан. Дарханд  конкурс өгч нэгдүгээрт жагсаж, МУИС, КТМС гэсэн хоёр сургуулийн урилгыг зэрэг авч байлаа. Тухайн үед программын мэргэжил хамгийн шинэлэг оюуны чадвар шаардсан гоё мэргэжил шиг санагдаж, хамгийн “гавал” толгойтнууд л сурдаг гэж яригддаг байсан болохоор шартай зан минь хөтлөөд л КТМС-ийн программын ангийг сонгочихсон. КТМС-ийг  шилдэг оюутан болж төгссөн.

-Сонгосон мэргэжлээсээ тэс өөр ажил хийж яваа юм байна. Мэргэжлээрээ ажиллах хүсэл байдаг уу?

-Миний сонгосон мэргэжил ажлын гараа хоёр маань зөрсөн ч гэсэн программистаар сурсны давуу тал маань ажил дээр их хэрэг болдог. Программчлалын суурь хичээлүүд, арав гаруй төрлийн математик, логикийн хичээлүүд зэрэг нь шинжилгээ хийх, аливаа процессийг зураглах, асуудалд шийдэл олох гэх мэт маш их олон чадваруудыг хөгжүүлж өгсөн болохоор энэ мэргэжлийг эзэмшсэндээ харамсаж байгаагүй ээ. Бас намайг нөхөртэй маань учруулж өгсөн учраас хувь тавилан гэж боддог.

-Намтраас тань харахад сургуулиа төгсөөд шууд Япон улс руу явсан байна. Шинэ орчин хэр санагдаж байсан бэ?

-Японд Ritsumeikan Asian Pacific их сургуульд санхүүч мэргэжлээр тэтгэлгээр суралцсан. Хүн амьдралаас сургамж авч өдөр тутам мөрдлөг болгон өөрийн гэсэн зарчмыг бүрдүүлдэг гэж би боддог. Тэгвэл миний өнөөдрийг хүртэл дотроо баримталж явдаг олон зарчмыг би Япончуудаас авсан. Тэдний амьдралын ухаан, хандлага нь намайг их өөрчилсөн. Өндөр ёс суртахуунтай хүмүүс. Үндэсний үзлийг ажил амьдралдаа хэвшүүлж чадсан мундаг ард түмэн. Үйлдвэрлэл дээд цэгтээ хүрсэн тэр өндөр хөгжилтэй орноос үндэсний үйлдвэрлэгч байх нь хөгжлийн эх үүсвэр гэдгийг ойлгож ирсэн. Сурахын зэрэгцээ үйлдвэрүүдэд цагийн ажил хийж, өглөө бүр 06 цагт ажилдаа ирдэг тэр захирлуудаас, өдөр бүр ажилдаа эрч хүчтэй хандаж, эцэж цуцашгүй хөдөлмөрлөх тэр ажилчдаас олон зүйлийг сурсан. Их сургуулийн ширээнээс шууд явсан болохоор нэг ёсондоо Япон улсад амьдралд суралцсан даа.

 -Та амжилттай яваа удирдагчаас гадна гэрийн сайн эзэгтэй, гурван хүүхдийн ээж. Энэ бүхнийг яаж амжуулдаг вэ?

-Би бол энэ бүгдийг амжуулах л гэж хичээж яваа Монголын мянга мянган ээжүүдийн нэг. Гэхдээ энэ бүхнийг миний хамгийн том туслагч, зөвлөгч, ар тал минь болсон ханьгүйгээр төсөөлөх аргагүй. Миний ханийг Алгаагийн Мөнхбаяр гэдэг. Оюутны ширээнд танилцаж, Японд хамт суралцаж, KitchenAll компанид хамт мөр зэрэгцэн ажиллаж өдөр бүрийг хамтдаа бүтээж байна даа. Хань маань 2009-2016 онд Kitchenall тавилгын үйлдвэрийн шинэчлэлийн төслийн удирдагч, маркетингийн албаны даргаар ажиллаж байгаад 2016 оноос Сангийн яамны дэргэдэх Олон улсын төсөлд ажиллаж байгаа. Ер нь миний амьдралын хамгийн зөв сонголт бол хань минь, хамгийн том бүтээл маань ханийхаа нэрээр овоглосон гурван сайхан үр минь юм даа.

-Ямар сайхан зүйрлэл вэ. Таны хамгийн том бүтээл гэр бүл тань юм байна. Тэгвэл ажлын тань хувьд хамгийн том бүтээл юу вэ? 

-Яг тэр гэж нэг зүйлийг онцлох хэцүү юм. 2013 онд үйлдвэр шинэчлэх төсөл эхлүүлж, 2015 онд Монголын хамгийн том үйлдвэр ашиглалтанд оруулсан, Италийн мэргэжлийн дизайнертай хамтарч шинэ загварын бүтээгдэхүүн гаргасан гээд олон бүтээл байгаа хэдий ч бидний өдөр тутамд үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүн хэрэглэгчийг сэтгэл ханамжтай байлгаж айл гэрт аз жаргал нэмж шинэ айлын, шинэ байрны гал голомт, өнгө чимэг болж явдаг нь миний ажлын хамгийн том бүтээл гэж бодож байна. Өдөр бүр бүтээл урлаж түүнээсээ таашаал авна гэдэг миний хувьд төдийгүй бүх ажилчдын маань хувьд ажлын хамгийн амттай хэсэг байдаг.

-Хүн хийж байгаа ажлаасаа урам авна гэдэг хамгийн том аз завшаан юм. Ажлынхаа гашуун талаас ярьж болох уу?

-Ажлын гашуун тал гэдгийг би ажлынхаа төлөө урсгасан хөлсний амт, алдаа хийж зэмлэл хүртэн унагасан нулимсны амт хоёрыг гэж бодож байна. Ахынхаа компанид ажиллах амар байх даа гэж олон хүн боддог байх. Гэвч огт тийм биш. Чи ахын дүү учраас бусад ажилчдаас эрт ирж, бусдаас хоёр дахин их хичээж, бас хоёр дахин их загнуулах тохиолдол гардаг. Гэхдээ энэ бүхэн намайг шантраах биш улам хурцалдаг учраас амьдралын бас нэгэн сургууль болсон. Энэ гашуун амтгүйгээр ажлынхаа амттай талыг мэдрэхгүй байсан гэж боддог.

200 ГАРУЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ТАВИЛГЫГ НЭГ САРЫН ХУГАЦААНД ҮЙЛДВЭРСЭН

-Анх арав гаруй хүнтэй жижиг цех байгуулж байж. Гараа сайн бол бариа сайн гэдэг шүү дээ. Монголын хамгийн том тавилгын үйлдвэр болтлоо өргөжихөд ямар хүчин зүйл нөлөөлсөн гэж боддог вэ?

-Анх Гурвалжингийн гүүрний хажууд жижигхэн талбай түрээсэлж, айл, өрхүүдээс гал тогооны тавилганы захиалга авч ажлын гараагаа эхлэн “UB mart” дэлгүүрийн 1, 2-р давхар, УИХ дэлгүүрийн хоёрдугаар давхар, Хаан банкны салбаруудыг тохижуулах зэргээр үйл ажиллагаагаа тэлж ажилласаар хамтдаа хөгжиж дэлхийн жишигтэй хөл нийлүүлэх нэг зорилгын дор нэгдсэн хамт олны сэтгэлийн хүч, түүнээс нь гарсан бүтээгдэхүүний чанар өнөөдрийн Монголын хамгийн том үйлдвэрийг байгуулах суурь болсон гэж боддог. Үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчийн хамгийн том жаргал бол бүтээгдэхүүний чанар байдаг гэдэг энэ суурь өнөөдрийг хүртэл хадгалагдаж бидний эрхэм зорилго болсон. 2004 онд Таван шард өөрсдийн үйлдвэрийн обьектийг худалдаж авснаар үйлдвэрлэлийн хүчин чадал харьцангуй сайжирч 60-70 ажилтантай болсон. 2014 он хүртэл тэр обьектдоо 200-300 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаад, 2015 онд шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, гэр ахуйн болон албан тасалгааны тавилга, цэцэрлэг, сургууль зочид буудал, амралтын газрын гээд бүх төрлийн тавилгыг импортоос дутахааргүй үйлдвэрлэж байна.

-Танай үйлдвэрт орж үзэхэд ийм том бүтээн байгуулалт хийсэн та бүгдээр бахархах сэтгэл төрсөн. Өдөрт хэдэн айлын тавилга үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?

-Өдөрт 80-100 айлын бүрэн тавилга /нэг айлын гал тогооны тавилга дунджаар 3-5 метр/ үйлдвэрлэх боломжтой. Зүйрлэхэд хялбар талаас нь гал тогооны тавилгаар зүйрлэж хэллээ. Үйлдвэр маань Европ стандартын 10,000м2 талбай бүхий Герман, Итали улсуудын хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат шугаман үйлдвэр. Үйлдвэрийн барилгад Герман улсын  Nestro GmbH компаний агаар дахь тоосны хэмжээг 0,1-0,2 мгр/м3 хүртэл шүүх хүчин чадалтай фильтер ажиллуулдаг.  Мөн Германы  үйлдвэр, агуулах зэрэг том хэмжээтэй байгууламжуудыг халаадаг VTS Euroheat Volcano VR загварын халаалтын системийг ашиглаж байна. Ингэснээр үйлдвэрт ажиллаж байгаа 300 гаруй ажилтнууд эрүүл, аюулгүй, тухтай орчинд ажиллах нөхцөлд бүрдэж байгаа.

-Энэ  өндөр хүчин чадлын давуу байдлыг Төр засаг хэр “ашиглаж” байна. Төрийн худалдан авах ажиллагаанд хэр оролцож байна?

-Одоогоор бид хүчин чадлынхаа дөнгөж 30 хувьд ч хүрэхгүй ашиглаж байна. Төрийн худалдан авалтад тавилга маш бага хувийг эзэлдэг. Хамгийн том худалдан авагч нь БСШУСЯам байдаг. Жилд нэг л удаа худалдан авалт хийдэг. Бид 2016 онд энэ яамнаас зарласан “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тавилга нийлүүлэх” тендерт анх оролцож, бүтээгдэхүүнээ богино хугацаанд үйлдвэрлэж нийлүүлсэн. 2017 онд мөн л яамнаас зарласан “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тавилга нийлүүлэх” тендер болон “Ерөнхий боловсролын сургуульд сурагч ширээ сандал нийлүүлэх” тендерт тус тус шалгарсан. Энэ үед л үйлдвэрийнхээ хүчин чадлыг харуулж чадсан. Хугацаа их давчуу, 2017 оны 08 сарын 14-ний өдөр БСШУСЯамтай гэрээ байгуулаад, 2017 оны 08 сарын 29-ний өдрөөс гэхэд нийлүүлэлт хийгээд эхэлсэн. Гэрээт хугацаа нь хоёр сар буюу 60 хоног байсан ч сургууль, цэцэрлэгийн нээлт эхлэхээс өмнө тавилгаа авна гэсэн шаардлагын дагуу Монгол Улсын хэмжээнд 200 гаруй цэцэрлэг, сургуулийн тавилгыг бид асар богино хугацаанд буюу 14 хоногт үйлдвэрлэн нийлүүлсэн. Ингэж үйлдвэрийнхээ хүчин чадлыг харуулсан ч худалдан авах ажиллагааны хуулийн дагуу зарлагдсан тендерт оролцдог ч үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүний эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан үзүүлэлт зэрэг нь шалгаруулалтын гол үзүүлэлт болж чаддаггүйгээс болж асуудлууд тулгарч л байна даа.

-Тавилгын эрүүл ахуйн шаардлага хүнснээс ялгаагүй болчихоод байна. Аж төрөх боловсрол гэдэг зүйлийг хэрэглэгчийн тархинд хоногшуулмаар ч юм шиг?

-Тийм шүү. Тавилгын материалын чанар стандартын үзүүлэлтийг маш сайн хянаж шалгадаг систем хэрэгтэй байна. Модон үртсэн хавтангийн бэхжүүлэгчид формальдгид гэдэг бодис ордог. Энэ бодис нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс их байгаа тохиололд 5-10 жилдээ хорт хавдар үүсгэдэг аюултай. Манай үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн Австри төвтэй ISO 9001:2008  чанарын менежментийн системийн стандарт хангасан, Egger брендийн хүний биед хоргүй, дотор хэрэглээнд ашиглах зориулалт бүхий E1 P2 зэрэглэлийн (Дотор хэрэглээ буюу гэр ахуйн тавилганд зориулсан, Агаарын чийгшил 65%-с ихгүй нөхцөлд ашиглах зориулалттай, нягт нь 600 кг/м багагүй, орцын 60-90% нь цэвэр модны үртсээс бүрдсэн. Шахмал үртсийг бэхжүүлэхэд ашигладаг формальдегид (Formaldehyde) нь бүх төрлийн модон суурьтай хавтан, зарим нэг төрлийн барилгын материал  үйлдвэрлэхэд өргөн ашиглагддаг органик нэгдэл юм. Уг органик нэгдэл нь ууршимтгай, өнгөгүй, үнэртэй, 2011 онд АНУ-н Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор хүн болон амьтны генд нөлөөлөн, хорт хавдар үүсгэх онцгой аюултай бодисын жагсаалтанд оруулсан. Иймээс Америк, Европ, Азийн  улсуудад тухайн органик нэгдэлийн ууршилтын хэмжээг стандарт тогтоон хязгаарлан, бүтээгдэхүүний ашиглах зориулалтыг зааж өгсөн байдаг буюу хавтангийн цавууны ууршилт нь меланмин хуулга наагаагүй үед  фотометрийн хэмжилтээр, (photometrical) EN 120 стандартыг хангасан, мөн  АНУ, Калифоний агаарын эх үүсвэрийн нийгэмлэгийн стандартыг хангасан CCR-17-93120, мөн IKEA стандарт буюу IOS MAT 0003 тус тус хангасан байх шаардлагатай байдаг. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн тавилгын стандартыг  Монгол Улсад мөрддөггүй. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа агаар, идэж уух зүйлсээс формальдгидийг маш ихээр авдаг. Хүүхдийн тавилгад мөрдөх стандартыг нэн даруй мөрдөх хэрэгтэй.

-Тавилгын хувьд бусад үйлдвэрээс арай өндөр үнэтэй гэж хүмүүс ойлгодог. Үйлдвэр дээр нь ирээд судлаад үзэхээр тийм санагдахгүй байна?

-Бид бүтээгдэхүүнээ тансаг хэрэглээ гэх мэт үнээр нь ялгаж үйлдвэрлэдэггүй. Эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго маань зарим хүмүүст үнэтэй гэсэн сэтгэгдэл төрүүлдэг байх. Гэхдээ Австрийн Egger, Kronospan брэндийн хавтан, Blum, Hitech тоноглол, Италийн Renner брэндийн будаг, Henkel-н цавуу гээд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн түүхий эд материалаар үйлдвэрлэгдэж байгаа тавилгыг урд хөршид үйлдвэрлэсэн тавилгатай жиших нь буруу. Бидний онцлог гэх юм уу даа.

-Энэ олон жилийн хугацаанд харилцагчдаа татах ямар арга замуудыг хэрэглэдэг бэ?

-Яг хувцас захиалга шиг харилцагчтайгаа нэг нэгээр нь тулж ажилладаг онцлогтой. Нэг айлд сэтгэл ханамжтай үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлж чадах юм бол цаана нь олон олон хэрэглэгч нээгддэг. Иймд борлуулалтын дараах сервис үйлчилгээн дээрээ их анхаардаг. Зургаан сарын баталгаат хугацаанд ямар нэгэн асуудал гарах юм бол шийдвэрлэж өгдөг. Тавилга үйлдвэрлэл их хэцүү л дээ. Барилгын чанар үүнд нөлөөлөх нь бий. Хана, шалны гажиг их нөлөөлдөг. Тавилга маань тэгшхэн байдаг. Гэтэл шал нь далий бол орохгүй догонцоно. Өнгө үзэмжинд нь ч их нөлөөлдөг. Тэр бүхнийг шийдвэрлэхийн тулд илүү их хөдөлмөрлөх, цаг зав зарцуулах шаардлагатай болдог.

-Хэрэглэгчийн захиалгыг хэдэн өдөрт үйлдвэрлэж байгаа вэ?

-Өмнө нь ачааллаас хамаарч хоёр сар хүртэл хүлээлгэх тохиолдол гардаг байсан. Шугамын үйлдвэр нэвтрүүлснээс хойш тавилгыг ачаалал харгалзахгүйгээр 7-14 хоногийн дараа гаргадаг болсон.

-Тавилга үйлдвэрлэхээс гадна цахилгаан бараа импортолдог. Яагаад Hansa брэндийг сонгосон бэ?

-Ах нар маань ч тэр би ч тэр юмыг яс хийж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчийг сэтгэл ханамжтай байлгахын төлөө ажилладаг. Бид үүний төлөө хөдөлмөрлөж, чанартай загварлаг гал тогооны тавилга үйлдвэрлэж чадсан. Гэтэл түүнтэй чанарын хувьд дүйцэх цахилгаан хэрэгсэл авах эрэлт хэрэглэгчийн зүгээс үүсч эхэлсэн тул технологийн хөгжлийн өлгий Герман улсаас эрэл хайгуулаа эхэлж Hansa брэндийг оруулж ирсэн. Hansa брэнд ч үүнийгээ баталж Монголын зах зээлд чанараа таниулж 10 гаруй жил болжээ. Өдгөө цахилгаан хэрэгслийн импортоор үйл ажиллагаа явуулдаг “Евроэлектроникс” компани маань Европын орнуудаас Hansa, Tekа, Gorenje, Kuppersbusch зэрэг брэндүүдийг хэрэглэгчиддээ санал болгож байна.

-Татвар төлөлт, ажиллагсдын туйлбартай байдал гээд бизнес эрхлэгчийг тодорхойлдог хэд хэдэн хүчин зүйл байна шүү дээ?

-Жил бүр найдвартай татвар төлөгч болдог. 2001 оноос хойш тогтвортой ажиллаж байгаа хүмүүс байдаг. Тэднийгээ бид “Ахмадын золбоо” гэж нэрлэдэг. Манай хамт олон маш эвсэг, оногдсон үүрэг даалгавраа цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг хариуцлагатай залуус бий. Маш чадварлаг залуучуудаас бүрдсэн учир өдөр бүр эрч хүчтэй шургуу ажилладаг. Миний хувьд гол баримтладаг зарчим бол гэр бүлдээ цаг зарцуулах ёстой гэж боддог. Гэр бүл аз жаргалтай байж ажил дээрээ илүү бүтээмжтэй ажиллана гэж үздэг тул хүмүүсээ цагт нь тараахыг эрмэлздэг. Мөн ажлын байраа тухтай болгох үүднээс компанийн байрандаа хоёр ширээний теннис байрлуулж, гаднаа сагс, дартс, элсний волейболлын талбай мөн ажилчдын душ, жижиг спорт талбай зэргийг хийсэн. Цаашдаа ч ажилчдынхаа эрүүл мэнд, чөлөөт цагт анхаарч спорт заал, фитнес төв барихаар ажиллаж байна.

-Нийгмийн хариуцлагын хувьд?

-Залуу гэр бүлүүдийг дэмжих зорилгоор “Гэрлэх ёслолын ордон”-д хуримласан зарим гэр бүлд тавилга бэлэглэх, хөнгөлөлтийн эрх олгох зэрэг ажлуудыг долоон жил хийсэн. Мөн хүүхдийн асрах газар, тусгай сургуулиуд, амаржих газар, эмнэлгүүдтэй хамтарч ажилладаг. Нийгэмд чиглэсэн ажил санаачлах, хийх, үүнд оролцох нь хамт олны маань хувьд ч хамгийн сайхан үйлсийн нэг.

-Орон нутагт салбартай юу?

-Одоогоор Эрдэнэт хотод албан ёсны салбартай. Мөн зарим аймгуудад гэрээт борлуулагчтай. Цаашид орон нутгийн зах зээлд хүрч ажиллана гэж зорьдог.

-Танайх канад технологийн байшин үйлдвэрлэж эхэлжээ. “Kitchenall” гэхээр мэдээж хүмүүст чанар мэдрэгдэх байх аа?

-Канад технологийн байшинг энэ жилээс эхэлж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Байшингийн бүх материалын чанарыг маш их судалгаа явуулсны үндсэн дээр ISO 9001:2008 стандартын шаардлага хангасан материалыг сонгон үйлдвэрлэгчээс нь шууд авч байгаа болохоор зах зээлийн үнээс харьцангуй хямд үнэтэй захиалга авч байгаа. Америк, Солонгос, Орос зэрэг улсуудаас материалаа татдаг. Дэлхийн чанарыг  боломжит үнээр нийлүүлэх гэсэн зорилго тавин ажиллаж байна. Хэрвээ та тавилгатай нь захиалбал маш хямд үнээр иж бүрнээр нь хийлгэх боломжтой. Шинэ байшиндаа хувцсаа аваад ороход л болно гэсэн үг.

ЭЦСИЙГ НЬ ҮЗЭЖ САНАА АМАРДАГ

-Залуу хүмүүсийн мөрөөдөл дундрах биш дээ. Ирээдүйн хүсэл зорилгоо та хоёр хэрхэн нэгтгэдэг вэ?

-Ажилдаа өсөж дэвжихийн тулд бүх л хүч чадлаа дайчилдаг. Бид хоёр ихийг олохын төлөө биш байгаагаа зөв зарцуулж, түүндээ сэтгэл хангалуун амьдрахыг чухалчилдаг. Бусдад аль болох боломжоороо туслахыг хичээдэг. Тусламж зөвхөн мөнгө биш маш олон төрөл байж болдог. Илүү сайн сайхан нийгэм бий болоосой гэсэн үндсэн дээр төрөл бүрийн хандивын болон сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, оролцдог. Ойрын зорилго гэвэл Монгол орноо тойрч үзэхийн тулд аяллын машинтай болохыг зорьж байгаа. Хүүхдүүдээ зөв хүн болгохсон гэж боддог. Мундаг хүн байх нь чухал биш, зөв хүн байх нь чухал. Хүүхдүүдээ шударга, нээлттэй хүн болгохыг зорьдог. Миний хань их сайн нөхөр бас  их сайн аав. Орой ажлаас тараад ирэхэд хүүхдүүд маань аавтайгаа тоглох гээд  тэсэн ядан хүлээж байдаг. Манай нөхөрт телевиз үзэх, ном унших зав гарахгүй шүү. Ажлаасаа тарж ирээд хоол ч тухтай идэх завгүй оройжин хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрдөг. Энэ хооронд нь харин надад кино үзэх, ном унших гээд дуртай зүйлээ хийх зав гардаг. Манай нөхөр их хүлээцтэй, тайван хүн. Харин би эсрэгээрээ. Аливааг гялс хийчихмээр санагдаад, эцсийг нь үзээд хийж байж санаа амардаг. Соронзны эсрэг туйлууд бие биедээ татагддагтай адил манай нөхөр бид хоёр бие биенийхээ дутагдалтай талыг нөхөж, амьдралын балансыг бий болгож амьдардаг.

-Бидэнтэй цаг гарган ярилцаж Оюун гэж хувь хүнийг уншигч олонд танилцуулж байгаад баярлалаа. Нууц биш бол таны ойрын зорилго юу байна?

-Хувь хүнийхээ хувьд болон тавилгын бизнес эрхлэгчийн хувьд нэг мөрөөдлийг олон жил тээсэн. Хэзээ нэг өдөр Монголд үйлдвэрлэсэн тавилгаа дэлхийн зах зээлд гаргаж экспортлох хүсэл. Хэдхэн жилийн өмнө мөрөөдөхөөс өөр зүйлгүй байсан бол шат дараатай хөтөлбөр хэрэгжүүлж үйлдвэрээ өргөтгөхийн хэрээр мөрөөдөл минь ойр болж, зорилго болж байна гэх үү дээ. Товчоор хэлбэл Монголд үйлдвэрлэсэн тавилга дэлхийд гарахад маш ойрхон байгаа гэж хэлье дээ.

Сэтгүүлч Н.Энхцэцэг

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn