//Б.Лхагвасүрэн: “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 50 жилийн ойд зориулсан цуврал нэвтрүүлэг хийнэ

Б.Лхагвасүрэн: “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 50 жилийн ойд зориулсан цуврал нэвтрүүлэг хийнэ

Дуу бичлэг үндэсний төвийн тэргүүн, “Сүнс” хамтлагийн ахлагч, продюсер Б.Лхагвасүрэн МҮОНРТ-ийн удирдлагын багийн ахлагч буюу Ерөнхий захирал А.Бүрэнбаатарын зөвлөхөөр ажиллаж байгаа билээ. Тэгвэл тэрбээр мэргэжлийнхээ дагуу өнөө цагийн хөгжмийн ертөнцийг үзэгчдэд хүргэх нэгэн сайхан контент бэлдэж байгаа аж. 

Тэрбээр “МҮОНРТ-ийн хөгжмийн нэвтрүүлгийн түүхэнд Соёлын бодлогын хүрээнд олон сайхан арга хэмжээ зохион байгуулагддаг байсан. Хожим зах зээлд шилжсэнээс хойш “Хит” хөгжим мэдээлэлийн хөтөлбөр, “Хөх тэнгэрийн радио” зэрэг хөгжим мэдээлэлийн хөтөлбөрийг хувь уран бүтээлчид продюсерлон санаачилж үзэгчдэд хүргэдэг байсан. Тэгвэл одоо цагт томоохон хөгжмийн нэвтрүүлэг үгүйлэгдэж байна. Миний хувьд Ерөнхий захирал А.Бүрэнбаатарын зөвлөхөөр ажиллаж байгаагаас гадна хөгжмийн продюсер тул бямба, ням гараг бүрийн оргил цагаар үзэгчдийн сонорыг хуучны болон шинэ уран бүтээлээр мялаая гэсэн хүсэл зорилготой энэхүү хөгжмийн нэвтрүүлгийн ажлыг эхлүүлээд байна. Бидний эхний ажил “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 50 жилийн ойд зориулж Монголын рок поп уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтыг 3-4 цуврал нэвтрүүлэг болгон хийхээр ажиллаж буй. Үүнд Монгол Улсын ардын жүжигчин Г.Жаргалсайхан, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Ч.Алтанцэцэг, поп дива С.Наран, гитарчин Д.Өлзий-Орших, дуучин М.Үүрцайх, Ц.Хулан, Л.Насанбуян нарын зэрэг уран бүтээлч МҮОНР-ийн “Цагаан лавай” студид бэлтгэлээ хийж байна. Энэ тоглолт ирэх аравдугаар сарын 20-ноос үзэгчдэд хүрнэ. Дээрх цуврал нэвтрүүлэг дууссаны дараа аль нэг продакшны болон хувь уран бүтээлчийн тухай нэвтхүүлгээр үргэлжилнэ. Гэхдээ тухайн нэвтрүүлгийн эхлэл болгонд шинэ хамтлаг, дуучныг танилцуулж, уран бүтээлийг нь сонсож байх болно. Үүгээрээ мөн нэг онцлог харагдаж байгаа” гэв.