УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийг энэ сарын 18-нд дуусгаж, үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэн. Төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээс өмнө УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойргийн сонгогчдодоо танилцуулж, санал бодлыг нь сонсох чухал үүрэгтэйгээр цөөхөн хоногийн хугацаанд ажиллаж байгаа юм.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд, хэлэлцүүлэг хоорондын хугацаанд олон нийтийн санаа бодлыг сонсох бөгөөд энэ нь хуулийг тасралтгүй хэлэлцэх үйл ажиллагаанд хамаарахаар заасны дагуу ийнхүү ажиллаж байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Б.Энх-амгалан, Я.Санжмятав нар Төрийн ордонд тойргийн иргэдтэйгээ уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг сонсох бол Д.Цогтбаатар гишүүн Хүүхдийн ордонд, М.Оюунчимэг гишүүн ЧД-ийн долоодугаар хороонд, Т.Аюурсайхан гишүүн СУИС дээр тойргийн иргэдтэйгээ уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг тус тус сонссон байна. Түүнчлэн УИХ-ын дэд дарга Л.Энх-амгалан Хөвсгөл аймагт, УИХ-ын гишүүн Н.Оюундарь Сэлэнгэ аймагт ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг танилцуулж, малчид сонгогчдынхоо санал бодлыг сонссон байна.
