Улаанбаатар хотын авто замын ачаалал, зам тээврийн ослыг бууруулах, иргэдийг ая тухтай орчинд амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил нийслэлд ид өрнөж байна. Тухайлбал, Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам, Баянзүрхийн гүүр зэргийг нэрлэж болох юм. Ингээд Зарим бүтээн байгуулалтын ажлын явцын мэдээллийг хүргэе.
БАЯНЗҮРХИЙН ГҮҮРИЙГ ИРЭХ НАЙМДУГААР САРД АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЛГЭН ӨГНӨ
Дээрх ажилтай уялдаж буй дараагийн бүтээн байгуулалт нь Баянзүрхийн дөрвөн эгнээ, 281 метр урт гүүр юм. Тодруулбал, Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Туул гол дээрх Баянзүрхийн гүүрийг дөрвөн эгнээ болгон өргөтгөх төслийн ажлыг 2018 оны тавдугаар сард эхлүүлсэн.
Мөн л БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй энэхүү гүүрийг “Beijing Uni-Construction Group” компани барьж байна. Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нд эхэлсэн бүтээн байгуулалт эдүгээ 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд гүүрийн 60 шонг бүрэн цутгаж, эхний 159.8 метр дам нурууг барьжээ. Түүнчлэн явган хүний замын 2036 ширхэг болон үерээс хамгаалах далангийн бэхэлгээний хавтан 621 ширхэг хавтанг цутгасан байна. Гүүрийг энэ оны наймдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
Энгийн гүүрийг 40-50 метр бариад нэг дам нуруу тавьж, залгадаг байна. Харин Баянзүрхийн гүүр 160 метр бариад нэг дам нуруу тавьж, дараагийн 120 метрийг залгахаараа онцлог гэдгийг нийслэлийн удирдлагууд онцолж байсан юм. Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто зам болон Туул гол дээрх Баянзүрхийн шинэ гүүрийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын зүүн бүсийн авто замын ачаалал буурч, хөдөлгөөний, аюулгүй байдал сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахууныг хэмнэх, ая тухтай байдлыг хангах өндөр ач холбогдолтой гэнэ.
НАЛАЙХЫН ЗАМЫГ ИРЭХ 11 САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам засварын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр эхэлсэн. Тус авто зам тавих ажлын гүйцэтгэгчээр “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компани ажиллаж буй. Налайхын зам нь олон улсын стандартад нийцсэн дөрвөн эгнээтэй, бүрэн гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замтай болох юм.
Зам засварын ажилтай холбогдуулан Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахаар болсон билээ. Тухайлбал, 3.5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчиж байгаа юм.
Налайхын замыг анх 1953 онд БНХАУ-ын төмөр замын тавдугаар ангиар бариулж байжээ. Түүнээс хойшхи жаран жилийн хугацаанд энэ зам дээр олон хүн амь нас, эрүүл мэндээ алдсан байна. Олон жилийн насжилттай, олон хүний аминд хүрсэн, энэ зам урсгал засвар авах ямар ч боломжгүй болсон аж. Тиймээс БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барихаар болсон нь энэ юм.
Сонирхуулахад, энэхүү бүтээн байгуулалтад 36.5 сая ам.доллар зарцуулах бөгөөд Налайх дүүргийн малчин өрхүүдийн мал, Горхи, Тэрэлжийн зэрлэг ан амьтан зам гарч байхдаа автомашинд мөргүүлэх тохиолдол их гардаг учраас гол зам дагуу , амьтны нүхэн гарц барихаар төлөвлөсөн нь онцлог аж.
ХАЙЛААСТЫН УУЛЗВАРААС ДАРЬ-ЭХИЙН ЗАМ ХҮРТЭЛХ ЗАМЫГ НАЙМДУГААР САРД АШИГЛАЛТАД ӨГНӨ