//Соёлын дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

Соёлын дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан Ажлын хэсэг 8 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймагт ажиллалаа.

Соёлын сайдын тушаалаар Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийн нутагт хэрэгжүүлж буй төслийн хөрөнгө оруулалт, барилгын ажлын явцтай танилцах, Засгийн газрын 2021 оны 168 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, түүх, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдалтай танилцах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан.

Соёлын дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийн удирдлагууд, соёл урлагийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал солилцохын зэрэгцээ аймгийн нийтийн номын сан, музей, соёлын төвүүд, соёлын бүтээн байгуулалтын үйл явцтай танилцлаа.

Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийн соёлын салбарын төлөөлөлтэй уулзах үеэрээ Соёлын дэд сайд М.Батбаяр Соёлын яам байгуулагдсан нэг жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажил, бүтэц үйл ажиллагаа, салбарын хүний нөөцийн бодлого, стратеги төлөвлөгөө, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, цалин урамшуулал, хууль тогтоомжийн талаар танилцуулсан юм.

Орон нутгийн соёлын байгууллагуудын төлөөлөл уулзалтын үеэр орон нутгийн театрын стандарт, түүний бүтэц, холбогдох журмыг баталгаажуулах, мэргэжлийн боловсон хүчин, соёлын төв болон сумдын орон нутаг судлах танхимын ажилтны орон тоог нэмэгдүүлэх, соёлын өвийн хадгалалт хамгаалалтын төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Ажлын хэсэгт уламжиллаа.

Мөн Соёлын дэд сайд М.Батбаяр орон нутагт Соёлын хэлтэс байгуулах асуудлаар аймгийн удирдлагуудтай ярилцаж, орон нутгийн соёлын ажилтнуудыг мэргэшүүлэх, дахин сургалтад хамруулах зэрэг тодорхой ажлуудыг хийж эхлүүлэхээр болов.

Үүний дараа Ажлын хэсэг аймгуудын музей болон зарим сүм, хийдийн үйл ажиллагаатай танилцаж, аюулгүй байдлыг цаг алдалгүй хангах, албан хаагчдын ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх, сүм, хийд, хувь хүний өмчлөлд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлж өмчлөлийг баталгаажуулах талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгөв.

2021 оны 7 дугаар сарын 15-17 буюу Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдээр баруун аймгуудын музей, сүм, хийдүүдэд гарсан хулгайн гэмт хэргийн талаар орон нутгийн холбогдох цагдаагийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх, аюулгүй байдлыг чангатгах цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцож нягт хамтран ажиллахаар боллоо.

Соёлын яам нь соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний сүлжээ байгуулах, олон нийтийн болон хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын соёлын өвийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, түүнд чиглэгдсэн сурталчилгаа, контент бүтээх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж эхлүүлээд байна.

Түүнчлэн Соёлын дэд сайд аймгуудад баригдаж буй соёлын бүтээн байгуулалтын ажлын үйл явцтай танилцаж, зураг төсвийн дагуу барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатайг онцлов.

Өнөөдрийн байдлаар Архангай аймгийн Хөгжимт драмын театрын барилга 75 хувь, Өвөрхангай аймгийн музейн барилга 45 хувь, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын соёлын төвийн барилга 75 хувь, Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилга 80 хувьтай байна гэж Соёлын яамнаас мэдээллээ.