Цагдаагийн ерөнхий газраас жолооч нарын хандлагыг өөрчлөх “Яараад яах вэ” аяныг өнөөдөр эхлүүлнэ. Энэ хүрээнд орон нутгийн замд иргэдэд мэдээлэл хүргэх ажил зохион байгуулах юм.
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан, нөхцөлийн нэг болох зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулахад “Оюутолгой” ХХК, “Мобиком корпораци” ХХК-тай нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг энэ сарын 14-нд байгуулсан юм.
Хамтын ажиллагааны эхлэл болгон энэ сарын 15-наас зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ухуулга нөлөөллийн “Яараад яахав дээ” хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд явуулж эхэлжээ.
Иргэд орон нутгийн замд зам тээврийн осолд өртөн амь нас нь хохирч байгаа тул Улаанбаатар хотоос орон нутаг руу явах төвлөрсөн замд ухуулга, нөлөөлөл, урьдчилан сэргийлэх самбарууд байршуулжээ. Нийслэлээс гарах зүүн чиглэлийн замын 67 дахь километр буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт, Говьсүмбэр аймгийн чиглэлийн 48 дахь километр буюу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, нийслэл хотоос гарах баруун чиглэлийн замын 61 дэх километр буюу Төв аймгийн Баянчандмань сумын нутагт шинээр байршуулсан байна. Энэ ажилд оролцон “Оюутолгой”, “Мобиком корпораци”, “Таван богд”, “АПУ”, “Петровис” ХХК-ийн удирдлага, ажилчид хамтран ажиллажээ.
Ухуулга, нөлөөллийн самбарын нээлтийг дээрх гурван цэгт зэрэг эхлүүлж байгаа тул иргэд нийслэлээс Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн чиглэлийн замд явж байгаа бол мэдээлэлтэй биечлэн танилцаарай.
Зуны урин дулаан цаг, хүүхдийн амралт эхэлсэнтэй холбогдуулан иргэд байгалийн үзэсгэлэнт газруудад амрах, зугаалахаар явах нь ихэссэн. Та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулах, хамгаалах бүс хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх зэргээр зам тээврийн осол, хэргээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Цагдаагийн байгууллагаас уриаллаа.