Боловсролын салбарын нүүр царай, ажилдаа жинхэнэ эзэн болсон хэмээн амнаас ам дамжин яригддаг цөөн хүний нэг нь бидний нэрлэж заншсан “84-ийн Марта”. Эл бүсгүйг телевизийн хөрөг нэвтрүүлэг бэлтгэгчид, сонин, мэдээллийн сайтынхан, хамгийн олон уншигчтай сэтгүүлийнхэн онцолж, хоймортоо залах дуртай ч тэрбээр үргэлж цааргалдаг. “Зүгээр л ажлаа хийгээд явж байя” гэж эрс шулуун татгалздаг тэрбээр хариуцсан ажилдаа эхийн сэтгэлээр ханддаг нэгэн.
1979 онд Зүүнбаянгийн дунд сургуульд ажилласнаас хойш Боловсролын салбарт 40-өөд жил зүтгэсэн Дархан нутгийн бүсгүй бол С.Зориг агсны аав Санжаасүрэн гуай, хятад судлаач түүхч, Монголын анхны эмэгтэй эрдэмтэн Чимэдцэрэн нарын шавь юм. Дунд сургуульд багш, хүмүүжлийн эрхлэгч, сургалтын менежерээр ажиллаж, 26 жил захирлын алба хашсан С.Марта захирал багшилсан цагаасаа “хатуу багш” гэдэг энгэрийн зүүлттэй. Төр засаг түүнд “Гавьяат багш” цол олгож хүндэтгэлээ үзүүлсэн. Мөн үе үеийн шавь нар, эцэг эхчүүд “хатуу багш”-ийг байгаа зан чанар, ажил үйлсээр нь үнэлдэг юм билээ.
Түүнийг 84-р сургуулийг удирдаж эхлэхэд сургууль ямар байсныг орчин үеийн жишиг дунд сургуулийг ирж сонирхдог гадна, дотны хүмүүсээс цөөн нь гадарлах биз ээ. Хүн-цэцэг ургуулдаг хүлэмжийг торддог бидний амьдралд өнгө нэмж, үлгэр жишээ болсон Марта захирлын ярилцлагыг та бүхэнд хүргэе.
-Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Улсын тэргүүний 84 дүгээр сургууль үнэхээр өөр юм аа?
-Урмын үгэнд тань баярлалаа. Сургууль маань бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж л байвал бид сэтгэл өег байдаг. Зүгээр цаг нөхцөөгчид биш, бид ажиллаж чадаж байна гэсэн мэдрэмж сайхан шүү.
-Танай сургуулийн онцлог давуу тал юу вэ. “Цахим сургууль” гэдгээрээ танайх олон түмэнд илүү танигдсан байх?
-Манай сургууль боловсролын салбарт анх удаа IT-гийн технологийн дэвшлийг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.
2007 оноос эхлэн “Цахим сургууль” хөтөлбөр боловсруулан мэдээллийн технологийн дэвшлийг хичээлд, сургалтанд хэрхэн ашиглах талаар сургалтууд зохион байгуулж багш нараа ажлын байран дээр нь хөгжүүлж эхэлсэн. Одоо багш нар маань янз бүрийн программууд дээр ажиллаж электрон хичээл, электрон тест, электрон болон сонсдог ном, сургалтын жижиг кино хийх чадвартай болсон. Жил бүр хийж бүтээсэн “е”- бүтээгдэхүүнүүдээ CD, DVD болгон өөрсдөө хэвлэж “Цахим сан”-гаа баяжуулж байна.
-Дотоод хяналт удирдлагын “Subashid-1.0” нэртэй программтай. Одоогийн байдлаар дотоод программдаа бид 4 удаа хөгжүүлэлт хийгээд байна. 2 дахь удаагаа хөгжүүлэлт хийсэн программаа “e-school-2.0”, 3 дахийг нь “e-shashdir 3.0”, 4 дэхийг нь “e-shashdir 3.1” гэж нэрлэсэн.
-Сурагчдын хувийн хэрэг, дүнгийн журналыг цахим хэлбэрт шилжүүлсэн.
-Багш, сурагчдын мэдээллийн бааз үүсгэсэн.
-Бүх анги танхим, коридорийг холбосон дотоод сүлжээ татаж, камерууд байршуулж хяналтын систем бий болгосон.
Ингэснээр багш нар бусдын болон өөрийнхөө хичээлийн бичлэгийг үзэж багш багшаасаа суралцах, өөрийнхөө заах арга зүйд дүгнэлт хийх, ур чадвараа сайжруулах боломжтой болсон төдийгүй сургуулийн удирдлагуудад багшийн хичээлд бүтэн цагаар суух, заах арга ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор нэг багшийн хичээлд олон удаа суух, бүх багшийн хичээлд сууж зөвлөгөө өгөхийг хичээх зэрэгт маш их цаг ордог байсныг хөнгөвчилж ажлын өрөөнөөсөө олон багшийн хичээлийн технологи, арга зүйг харах боломжтой болсон юм.
Нөгөө талаар сургуулийн соёл, ангийн дэг, хичээлийн зохион байгуулалт, сурагчдын хүмүүжил сахилга, багш ажилчдын ажлын хариуцлага, цаг ашиглалт, өмч хөрөнгийн ашиглалт хамгаалалт эдэлгээ, цэвэрлэгээ, үйлчилгээ зэргийг бүхэлд нь хянах боломжтой болсон юм.
-Мөн ихэнх албан байгууллагууд статик хэлбэрийн вэб сайттай байх үед Ерөнхий боловсролын сургуулиудаас анх удаа порталь сайттай болсон.
-Цахим номын сантай болж бүх анги танхимд е-хичээл, цахим хичээл заах материаллаг орчин нөхцөлийг бүрдүүлсэн.
-Сургууль “Цахим сан” үүсгэж иргэд, эцэг эх, сурагчдад үйлчилж байна. Цахим сан дотроо таван хэсэгтэй. Е-хичээл, е-тест, е-book, е-тайлан гэсэн хэсгүүд нь нээлттэй, хэрэглээний эргэлтэнд байдаг.
-84-р сургуулийн бүх үйл ажиллагаа ил тод нээлттэй болсон. Сургуулийн вэб сайт, мэдээллийн цахим дэлгэц, урсдаг лэд дэлгэц, цахим сан зэргээс сургуулийн үйл ажиллагааны бүх мэдээллийг цаг алдалгүй авч болно.
-Хяналтын системийн өрөө, серверийн өрөөтэй. Сүүлийн үеийн бүх ухаалаг төхөөрөмжүүдийг сургалтын үйл ажиллагаандаа ашигладаг.
-1-12-р ангийн бүх хичээлийн бүх нэгж сэдвүүдийг цахим болон е-хэлбэрээр боловсруулан ээлжит хичээл бүрийг үр өгөөжтэй болгох замаар сургалтын чанарыг дээшлүүлэх бодлого барьж ажилладаг.
-“Turnstyle” буюу нэвтрэх автомат төхөөрөмж суурилуулж бүх багш, албан хаагчид, сурагчид чиптэй картаар сургууль руу нэвтэрч орж гардаг. Хүн бүр ID дугаартай, бүртгэлийн нэгдсэн системтэй.
-Эцэг эхчүүд гар утаснаасаа хүүхдийнхээ ID дугаараар сургуулийн дотоод программ руу нэвтэрч манай электрон бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх төдийгүй зөвхөн өөрийнхөө хүүхдийн сургууль руу орсон, гарсан цаг, сургууль дээр байсан цаг хугацаа, хичээл бүрийн ирц, дүнг өдөр бүр мэдэх боломжтой юм.
Энэ мэт мэдээлэл харилцаа холбооны технологийн дэвшлийг сургалтанд, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаанд анхлан нэвтрүүлж, одоог хүртэл үр дүнтэй ашиглаж байгаа нь манай сургуулийн онцлог төдийгүй давуу тал юм. Аливаад анхалж шан татна гэдэг амаргүй гэдэг дээ. Биднийг арваад жилийн өмнө энэ ажлыг эхлэх үед IT-гийн мэдлэг, хэрэглээ одоогийнх шиг байсангүй. Одоо бол албан хэрэгцээнд байтугай айл гэр, ахуйн нөхцөлд ч өргөн нэвтэрч өдөр тутмын хэрэглээ болчихлоо шүү дээ. Гэхдээ л хэдийгээр 84-р сургууль анх IT-гийн технологийн дэвшлийг сургуулийн үйл ажиллагаанд нэвтрүүлж анхны цахим сургууль болж шан татаж зам гаргасан ч өнөөдөр улсын хэмжээнд бүх Ерөнхий боловсролын сургуульд нэвтрээгүй л байна. Гадаад дотоодын, хот хөдөөгийн олон сургуулийн багш, ажилтнууд сонирхож ирж үздэг. Бидний тооцоогоор бүх аймгаас, ихэнх сумдаас ирж “Цахим сургууль” хөтөлбөртэй танилцсан байдаг ч харамсалтай нь манайхтай адил хэрэгжүүлсэн сургууль одоогоор алга. Энэ нь санхүүжилтийн эх үүсвэр, менежмент, бодлогын дэмжлэг, зүтгэл, нэр төр сэтгэл санааны эрсдэлд өртөхөөс эмээсэн болгоомжлол гээд олон хүчин зүйлээс хамааралтай байх л даа.
-Өөрсдийн гаргасан дэвшилтэт замаараа өрөөлийг алхуулсан нь олон гэлүү?
-Манайхан “Цахим сургууль” хөтөлбөрөө түгээн дэлгэрүүлэх оролдлого хийж “Цахим сургалт” нэртэй төсөл бичин “Мобиком” компаниас санхүүжилт авч 2011, 2012 онуудад хоёр жилийн турш хот хөдөөгийн 29 Ерөнхий боловсролын сургуульд уг төслөө удирдан хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд жирийн улсын нэг дунд сургууль санаачлан хувийн хэвшлийн байгууллагаас нэг тэрбум шахам төгрөгийн материалын хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт оруулсан. Өөрөөр хэлбэл дээрх 29 сургууль тус бүрт 25-28 сая төгрөгийн өртөг бүхий “Багшийн хөгжлийн төв” байгуулж өгсөн. Үүгээр зогсохгүй эдгээр 29 сургуулийн багш нарт IT-гийн технологийн дэвшлийг сургалтанд хэрхэн ашиглах, е-хичээл, е-тест, е-book хийх арга, хэрэглээний олон төрлийн программууд ашиглан хичээлийн үр дүнг сайжруулах талаар төслийн сургалт зохион байгуулж, ажлын байран дээр нь багш нарыг хөгжүүлж 2700 шахам багш нарт оюуны хөрөнгө оруулалт хийсэн. Энэ ажил манай сургуулийн, манай төслийн багийн үр дүнтэй том ажил байсан.
Эхэндээ хот хөдөөгийн сургуулиудаас зөвхөн “Цахим сургууль” хөтөлбөрийн хэрэгжилтийг сонирхож ирдэг байснаа 2015 оноос хойш Цахим сургууль хөтөлбөрийн зэрэгцээ сургуулийн менежмент, сургалтын орчин бүрдэлтийг сонирхож ирэх болжээ. Манай сургууль нь математик, англи хэл, япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, урлагийн болон сэтгэхүй хөгжүүлэх сургалтууд зохион байгуулдаг. Багш сурагчдаа 10-30 хүнтэй баг болгон Япон, Солонгос, Өвөрмонгол руу танилцах аялал, ажил, сургалтанд явуулдаг. Багш ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч байр, гэр, газартай болгох, зээлд хамруулах, янз бүрийн хөнгөлөлт урамшуулал олгох, ажлын байранд нь хөгжүүлэх зэрэг олон арга хэмжээнүүд хэрэгжүүлдэг. Эцэг эхчүүдийг сурагч насанд нь эргэн зочлуулах, сургууль багш нарт хандах хандлагыг нь зөв эерэг болгох, хүүхдийнхээ сурах хөгжихөд нь цаг алдалгүй дэмжлэг үзүүлэхийн чухлыг ойлгуулах үүднээс жилд нэг удаа зохион байгуулдаг Эцэг эхийн өдөрлөг, хүүхдийг амьдрах ухаанд сургах, амьдралд бэлтгэх, бие даах чадварыг нь хөгжүүлэх, урлан бүтээх, зохион бүтээх чадвар олгох, бүтээл гаргах, бүтээлээ зарж борлуулан хөдөлмөрийн амт, үнэ цэнийг мэдэрч орлого ашиг олох, мөнгөний үнэ цэнийг ойлгуулах зорилгоор мөн жилд нэг удаа зохион байгуулдаг хүүхдийн бүтээлийн “үзэсгэлэн-худалдаа”, хонхны баярын оронд төрүүлж өсгөсөн эцэг эхдээ талархал илэрхийлэх, сургаж хүмүүжүүлсэн багш нартаа хүндэтгэл үзүүлэх, сурч төгссөн сургуулийнхаа нэрийн хуудас болж явахаа илэрхийлж тангараг өргөх ёслол буюу “Гэрчилгээ гардуулах ёслол” зэрэг зөвхөн 84-р сургуулиас эхтэй өөрийн сургуулийн брэнд гэж болох өөрийн нэрийн 11 ажилтай, /үүнээс улсын хэмжээнд ихэнх нь түгэн дэлгэрсэн/ сургууль юм.
– Цахим сургууль болсны дараа танай сургуулийг сонирхож хилийн чанадаас бас цөөнгүй хүн ирсэн гэдэг. Одоо ч …?
2009 оноос, өөрөөр хэлбэл цахим сургуулийн үйл ажиллагаа жигдэрсэн үеэс эхлээд одоог хүртэл гадаад, дотоодын, хот хөдөөгийн 8000 гаруй хүн манай сургууль дээр ирсэн байдаг. Ерөнхийдөө 14 хоног тутамд манайх зочид хүлээж авдаг. Туршлага судлахаар ирдэг зочид маань цахим сургууль болоход яаж хөрөнгөө босгодог, сүлжээгээ хэрхэн татдаг, дотоод программ гэж юу болох, журнал, хувийн хэргийг хэрхэн цахим хэлбэрт оруулсан, электрон хичээл, цахим хичээлийн ялгаа, IT-гийн технологийг яаж сургалтын удирдлага, хяналтын түвшинд ашиглаж байгааг болон сургуулийн менежментийн бодлого, сургуулийн эрх зүйн орчин, багшийн хөгжил, сургалтын орчныг сонирхож ирдэг.
-84 дүгээр сургуульд хүүхдээ оруулъя, сургая гэсэн эрэлт их байдаг. Яаж зохицуулдаг вэ?
-Сүүлийн жилүүдэд манай сургуулийн эрэлт ихэссэн нь бидний ажлын ачааллыг нэмсэн. Үнэлэмж сайтай сургууль болж чадсан маань сайхан боловч, сөрөг зүйл гардаг юм байна. Энэ сургуульд хүүхдээ оруулах гэсэн эцэг эхчүүдийн хүсэл дээр тоглож өөрсдөө ханш тогтоон тэднээс мөнгө авч ашиг завшаан хайдаг хүмүүс бий болжээ. Эцэг эхчүүд ийм бусармаг зальт үйлдэлд автахгүй байх хэрэгтэй.
Бид харьяаллын бус хүүхэд авах тохиолдолд, элсэн суралцах харьяаллын бүх хүүхдээ бүртгэж дуусаад ширээ сандал, орон тоогоо үндэслэн
1-рт: Энэ сургуульд ажиллаж байгаа багш ажилчдын хүүхдийг, 2-рт: Эргэн тойрны орон сууцнуудад орцны жижүүр ч юм уу, дэмжиж туслаад явах дарга сайд ах дүүгүй, бичиг баримтын зөрчилтэй, орон байргүй, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй, хараа, сонсгол, хэлгүй, ядарсан хүн зөндөө байдаг, тийм хүмүүсийн хүүхдийг авдаг. 3-рт: Энэ сургуульд хоёроос дээш хүүхэд нь сурч байгаа, сургуулийн бодлогыг ойлгодог, дэмждэг, сургууль багшийн хөдөлмөрийг үнэлж хүндэлдэг аав ээжүүдийн бага хүүхдийг авдаг. 4-рт: Төрийн албан хаагчдын хүсэлтээр хүүхдийг нь багтаачих бодлого барьдаг. Гэвч хүсэлт олон ч бүгдийг багтаах боломж байхгүй шүү дээ. Тооцоогоор жилд дундажаар 800 гаруй хүсэлт ирдэг ч 30-40 орчим хүүхдийн асуудал л шийдэгддэг. Манайх 1260 хүүхдийн хүчин чадалтай ч 4700 шахам сурагч гурван ээлжээр хичээллэж дөрвөн жил болсон. Харин 2017 онд 640 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл бариулснаар ээлжийн коэффициент буурч хоёр ээлжтэй болсон. Гэхдээ л 1900 хүүхдийн багтаамжтай сургуульд одоо 5000 шахам сурагч суралцаж байна. 100 бүлэгтэй нэг бүлэгт дундажаар 52 сурагч байдаг.
-Сургуулийн амжилтанд таны үүрэг мэдээж их. Таныг сайн захирал гэлцдэг?
-Би олноос онцгой мундаг боловсролтой, мэдлэгтэй, чадвартай хүн биш ээ. Зүгээр л чин сэтгэлээсээ ажилладаг хүн. Би тоогдож ажилладаг болохоос гологдож ажиллаж үзээгүй. Энэ өнцгөөс харвал би хариуцлагатай хүн. Миний төлөвшилд өсөж хүмүүжсэн цаг үе, гэрийн хүмүүжил мэдээж нөлөөлсөн байж таараа. Надад “Би”-гийн хэнээрхэл байхгүй. Хүн ганцаараа амжилтанд хүрдэггүй юм. Манай сургуулийн амжилт энэ сургуульд ажиллаж байгаа бүх хүмүүсийн амжилт. Сургууль хөгжиж байж амжилтанд хүрнэ. Сургуулийн хөгжил нь удирдлагын зөв менежмент, зөв сэтгэл, багш нарын чадвар зүтгэлээс шууд хамаарна. Тэгэхээр сургуулийн амжилтын үндэс нь: Хамтын хөдөлмөр, зорилгоо нийтээрээ ухаарсан байдал юм. Харин, сургуулийг үнэлэмж сайтай байгууллага болгоход хяналт гол үүрэгтэй. Гар нь гараа угаадаг шиг, хүн хүндээ дэм болж, бүгдээрээ хамтран ажиллаж бүгд нэгэн зорилго өөд тэмүүлж байж байгууллага амжилтанд хүрдэг. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудыг сургалтын чанараар нь индексжүүлэх шалгаруулалт 2015, 2017 онд хоёр удаа явагдлаа. 84-р сургууль хоёуланд нь нийслэлд тэргүүлсэн. Сургалтын чанараар Нийслэлд тэргүүлнэ гэдэг бидний хувьд том амжилт. Нөр их хөдөлмөрийн үр дүнд амжилтанд хүрдэг. Манай хамт олон ажлын ачаалал дааж сурсан, эерэг хандлагатай сайхан хамт олон. Сургууль бол “хүн цэцэг” ургуулдаг хүлэмж юм шүү дээ. Манай хамт олон өөрсдийнхөө хүлэмжийг тордож сайхан байлгах, хүлэмж доторх олон янзын хүн цэцэгсээ арчилж, эрдэс бордоогоор сайтар бордож өндөр сайхан ургуулах гэж л зүтгэж байна.
Сэтгэл байвал юуг ч хийж бүтээнэ, юуг ч болгоно. Улсын төсөв хүрч ядсан бага гэдгийг хүн бүхэн мэддэг. Төсөв хүрэхгүй, мөнгө байхгүй гээд суугаад л байвал суугаад, цаг хугацааг элээж өнгөрөөгөөд л байна. Цаг хугацаа үр дүнгүй өнгөрөхийн хэрээр олон боломжууд алдагддаг. Өнгөрсөн цаг хугацаа эргэж ирэхгүй. Алдагдсан боломжууд харамсалтай шүү дээ. Боломж бол амжилтанд нэвтрэх хаалга. Бид боломжийг алдахгүйг хичээдэг. Байхгүй боломжийг бий болгоод түүнийгээ бодит байдал болгодог маань манай давуу тал байж болох юм. Ингэж байж бид өөрийн гэсэн дүр төрхтэй, цаг үеийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцэхүйц загвар жишиг сургууль болох эрхэм зорилгодоо хүрэхээр зүтгэж байна.
– Таныг маш их зарчимч хүн гэдэг?
-Магадгүй ээ. Байх ёстой, хийх ёстой, бий болгох ёстой, бүтээх ёстой, чадах ёстой, мэдэх ёстой, сурах ёстой, хөгжих ёстой, хүнлэг байх ёстой, зөв амьдрах ёстой гэх мэт “ёстой” гэдэг үг миний мөрдлөг дөө. Хүн ер нь гологдож ажиллах ёсгүй гэж боддог. Ажилдаа гологдвол боловсрол, мэргэжил эзэмшсэний хэрэг юу байна. Эзэмшсэн мэргэжилдээ билэг танхай байдаггүй юм аа гэхэд бусдын өмнө нүүр улайхааргүй л байх ёстой. Би багш нараас ингэж шаарддаг. Түүнчлэн сургуулийн орчинд хүүхдийн нүдэн дээр томчууд үлгэргүй, ёс бус авирлахгүй байх ёстой. Багш, ажилчид чин сэтгэлээсээ ажилладаг байх ёстой гэж үздэг. Сэтгэл байвал хүн зүтгээд эхэлдэг, зүтгэл байгаа газар заавал үр дүн гарна.
Би заавал амжилт гарга гэж шаарддаггүй, амжилтанд хүрэх албатай биш. Зүгээр л хийсэн ажлууд үр дүнгээ өгч байх ёстой, үр дүн гараад л байвал аяндаа амжилт өөрөө хүрээд ирнэ. Үр дүнгийн хуримтлал эцсийн дүндээ амжилт болдог юм.
– Байгууллага удирдахад бэрхшээл их байх л даа. Байнга л асуудлууд хөвөрч зохицуулалт хэрэгтэй болно биз?
-Ажил явагдаж байгаа болохоор, дээр нь 5000 шахам хүүхэд бужигнаж байдаг болохоор асуудал олон байх нь, өдөр тутам шинэ шинэ асуудлууд үүсэх нь ойлгомжтой. Байгууллага гэдэг чинь зөвхөн байшин барилга биш бүтээлч хүмүүсийн нэгдэл. Яг л амьд бие организм гэсэн үг. Хэрэггүй эд эрхтэн байдаггүй шиг байгууллага дээр мартагдсан хүн байх ёсгүй. Хүн бүр ажилдаа урамтай ирж, урамтай ажилладаг байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Ажил дээр хөгжиж, туршлагажих хэрэгтэй. Үр дүнтэй ажилласныхаа хүчинд хүн бүрийн амьдрал бага ч болов дээшилж өөдөлж байх ётой гэж л би боддог.
Ер нь удирдах ажилтан бол ачааны хүндийг үүрдэг, үгийн хатууг сонсдог, хариуцлагын ихийг хүлээдэг юм. Албан хаагчид харин сэтгэлтэй хариуцлагатай л байх ёстой. Хүнд заавал байдаг язгуур чанаруудын нэг нь мартах! Хүн мартдаг, үгийг ч мартдаг, үнэнийг ч мартдаг, тусыг ч мартдаг тэр бүү хэл үхлийг ч мартдаг. Хүний мартдаг олон чухал юмсаас хамгийн ноцтой нь хариуцлага! Хүний алдаа бүхэн мартагдсан үүрэг хариуцлагын гор байдаг.
Иймээс хариуцлагыг мартуулахгүй байх удирдахуйн гол арга бол хяналт мониторинг гэж би үздэг.
Ер нь нийгмийн хөгжлийн гол хүчин зүйл нь боловсрол, боловсролын хөгжлийн цөм нь сургууль, сургуулийн хөгжлийн үндэс нь менежмент буюу зөв зохион байгуулалт, зөв хийж үр дүнд хүрэх арга шүү дээ. Менежмент сайтай байх тусам сургуулийн энгейжмент бий болж, сайжирч байдаг. Энгейжменттэй сургуулийн бүтээмж дээшилж, үнэлэмж өсдөг.
-Энэ үнэлэмжийг дээшлүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлүүд гэвэл?
-Олон хүмүүс яах гэж ажилд орсон эсвэл юуны төлөө ажиллаж байгаадаа итгэлтэй биш байдаг. Ийм хүмүүсийн дунд анх ажилд орсон шинэ залуу багш нар байвал тун удалгүй урсгалаар цаг өнгөрөөж цалин хүртэгчдийн эгнээнд шилждэг. Гэтэл үр дүн гаргуулахын тулд уг хүнийг ажилд авсан байдаг. Хүн болж төлөвших эхний гараа нь ёс суртахууны хүмүүжил, сайн багш болох эхний гараа бол сайн багшийн зөв үлгэрлэл байдаг. Гэвч өнөөгийн Монголын нийгэмд ахмад залуу үе харилцан бие биенээ үгүйсгэх сэтгэлгээ газар авч байгаа нь харамсалтай. Хүний амин чанар доройтон хэврэгшиж монгол хүний удмын сангийн эерэг өгөгдлүүд бүдгэрсээр байгаа одоогийн нөхцөлд, хүмүүсийг ухаарч амьдрах чадвар нь ялгаруулдаг, зах зээлийн эдийн засгийн энэ цаг үед амьдрах чадварын ялгарал тод байгаа шиг ажиллах чадварын ялгарал тод байж чадахгүй байна. Ийм нөхцөлд байгууллагад хүний нөөцийн бодлого, ажиллагсдыг идэвхжүүлэх арга туйлын чухал. Ялангуяа залуу багш нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, туслах, ажиллах урам зориг өгөх, асуудал бэрхшээлтэй учирсан багш нарт сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Алдаа гаргасан багш, ажилчид шийтгүүлэхээ, харин зүтгэлтэй, үр дүнтэй амжилт гаргасан нь шагнуулахаа мэддэг байх, удирдагч нь боломж гармагц шагнадаг, харин шаардлагатай үед арга буюу шийтгэдэг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл удирдагч хүн ажилдаа ч, хүнд ч сэтгэлээсээ ханддаг энгэйжменттэй байх ёстой. Энэ чанар нь багш, ажилтнуудад зөв үлгэр дууриал болж хүн бүр сэтгэлээсээ ажилладаг энгэйжменттэй болвол хөдөлмөрийн бүтээмж дээшилж, багш мэргэжлийн үнэлэмж сайжирч, сургууль үнэ цэнэтэй болно.
Сэтгүүлч: Ч.Өлзийдэлгэр