//Чингис хааны тухай үзэсгэлэнгийн төслийн талаар санал солилцов

Чингис хааны тухай үзэсгэлэнгийн төслийн талаар санал солилцов

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөр Францын Бретон мужийн Гүнгийн цайз, Нант хотын Түүхийн музейн захирал Бэртрон Гиеэ, Парис-Нантэррийн Их сургуулийн түүхийн багш, судлаач хатагтай Мари Фэйври нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 5 сарын хооронд Нант хотын Түүхийн музейд гаргахаар төлөвлөж буй Чингис хааны тухай үзэсгэлэнгийн төслийн явцын талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Үзэсгэлэнг Францын Лувр, Бранли, Гимэй, Сэвр зэрэг томоохон музей, Үндэсний архив, Үндэсний номын санд хадгалагдаж буй эх бүтээлүүдээс гадна Монгол болон бусад гадаад улс орнуудаас бүрдэх цуглуулгаар баяжуулан гаргах, Монголын кино урлаг, уран зохиол, соёл урлагийн арга хэмжээ болон хөрөнгө оруулагчдын уулзалт зэрэг олон үйл ажиллагааг хөтөлбөрт оруулах, франц хэл дээр томоохон каталог ном хэвлүүлэхээр ажиллаж буйгаа  музейн захирал Б.Гиеэ тэмдэглэв.

Элчин сайд А.Баттөр Эзэн Чингис хааны түүх, монгол өв соёлыг өргөн цар хүрээнд сурталчлах энэхүү төсөлд Монгол Улсын Засгийн газрын зүгээс өндөр ач холбогдол өгч, бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн буйг илэрхийлэв.

Дашрамд дурдахад энэхүү үзэсгэлэн тавигдах Бретоны гүнгийн цайз шилтгээн нь жилдээ 1,7 сая үзэгч хүлээн авдаг, жуулчдын тоогоор Францын баруун бүсэд нэгдүгээрт ордог, Францдаа 13 дугаарт орж буй нэр хүндтэй түүхэн газар юм.