//Ерөнхийлөгчийн зарлигаар “МИАТ” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Ерөнхийлөгчийн зарлигаар “МИАТ” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, “МИАТ” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жил, Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гадаад ертөнцөд гарах гол гарц, эдийн засгийн тэргүүлэх чиглэл болсон иргэний нисэхийн салбарын хөгжлийн чиг хандлага, өнгө төрхийг тодорхойлж, мэдлэг чадвар, дадлага туршлагатай боловсон хүчнийг бүрдүүлэн олон нийтийн ашиг сонирхол, эрх ашгийг дээдэлсэн үйл ажиллагаагаар аялал жуулчлалыг дэмжсэн, иргэдийн нийгмийн хэрэгцээг хангасан, эрэлтэд нийцэхүйц, хүртээмжтэй агаарын тээврийг хөгжүүлэхэд оруулж буй онцгой хувь нэмэр, үе үеийн ажилтан, албан хаагчдын гавьяа зүтгэлийг үнэлж, үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслол өнөөдөр болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир гардуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир шагнал гардуулсныхаа дараа үг хэлж, “МИАТ” ТӨХК-ийн үе үеийн ажилтан, албан хаагчдад үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн 65 жилийн ойн баяр, Иргэний агаарын тээвэрчдийн өдрийн мэндийг дэвшүүллээ.

“МИАТ” ТӨХК нь дэлхий нийтэд тархсан цар тахлын хүнд цаг үед үйл ажиллагаагаа тасралтгүй явуулан өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд тусгай үүргийн 142 удаагийн нислэгийг олон улсын 24 чиглэлд үйлдэж, гадаад улсаас 26 мянга орчим иргэнийг эх орондоо татан авчирсан байна.

Түүнчлэн Ази, Европын хооронд 300 орчим ачаа тээврийн нислэг үйлдэж, 5 сая орчим килограмм эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэснээс 22 удаагийн нислэгээр эх орондоо вакцин тээвэрлэн авчирч ажилласан юм.