//ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ, ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛААД БАЙНА

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ, ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛААД БАЙНА

2004 онд Засгийн газрын шийдвэр нь гарснаас хойш олон жил ярьж байгаа Замын-Үүдйн чөлөөт бүсийг хөгжүүлэхэд анхаарах цаг болсныг Шадар сайд Амарсайхан онцлоод, бодлогын болон хууль, эрх зүйн талаас дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгдлээ. “Замын-Үүд” чөлөөт бүс нь 900 га нутаг дэвсгэртэй бөгөөд 2011 онд баталсан ерөнхий төлөвлөгөөгөөр улсын төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 362 га талбайд барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж, 2015 онд хүлээлгэн өгөх байсан. Одоогоор Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 58.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 48 га талбайд шинээр авто зам, холбоо дохиолол, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, дулааны станцын барилга байгууламж барьж Улсын комисст өгөөд байна.  Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр чөлөөт бүсийн чөдрийг тайлж, үйл ажиллагааг нь эхлүүлэх дэд бүтцийн суурь нөхцөл бүрдэнэ. Төслийн нийт зардал 35 сая ам.доллар, 300 га талбайн дэд бүтцийг бүрэн шийдэж, хил, гаалийн барилга барьж, хурууны хээ, нүүр царайгаар таньдаг дэвшилт технологи, тоног төхөөрөмж суурилуулах  юм. 

 Гадаад, дотоодын зээл, санхүүжилтээр Замын-Үүдийн чөлөөт бүсэд маш их хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бүхний цаана цаг хугацаа, эдийн засгийн боломж, алдагдал, үр өгөөжийн тоолуур гүйсээр байгаа. Дахиж цаг алдалгүй бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх бүх талын боломжийг эрэлхийлж бас ашиглах чиглэлийг Шадар сайд холбогдох албаныханд өгсөн юм. Чөлөөт бүсийн шинэ мастер төлөвлөгөөний дагуу 59 хөрөнгө оруулагчид 101 га талбайг сонгон шалгаруулалтаар эзэмшүүлээд байгаагийн 7 га нь аялал жуулчлал, 47 га нь үйлдвэрлэл, 20 га нь худалдаа, үйлчилгээ, 25 га нь агуулах, ложистик, 1.4 га нь шатахуун түгээх станцын зориулалттай юм. Чөлөөт бүс хэрхэн байгуулах төрийн бодлого тодорхой гараагүй байхад дэд бүтцээ барьж эхэлсэн нь ажил саатах гол шалтгаан болсон тул төрөөс баримтлах бодлогыг баталж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах хуулийн төсөл боловсруулаад байна.