//ХИЛИЙН БООМТУУДЫГ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМААР ХОЛБОХ НЬ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨШҮҮРЭГ БОЛНО

ХИЛИЙН БООМТУУДЫГ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМААР ХОЛБОХ НЬ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨШҮҮРЭГ БОЛНО

Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ болон засгийн газрын зарим гишүүд Дорнод аймагт ажиллаж байна. энэ үеэр аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбох ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын зүүн аймгуудад хийж байгаа албан томилолт үргэлжилж байна. Засгийн газар аялал жуулчлалыг бүсчилэн хөгжүүлэх бодлогын хүрээнд зүүн гурван аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөж байгаа. Төлөвлөгөөний хүрээнд нэн тэргүүнд хилийн боомтуудаа хатуу хучилттай замаар холбож, үүний дараа аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого дагасан автозамтай болох зорилт тавьж байгааг Ерөнхий сайд онцоллоо.

Монгол Улс хилийн 26 боомттой, үүний 13 нь ОХУ-тай, 13 нь БНХАУ-тай холбогддог. Дорнод аймаг Хавирга, Эрээнцав, Ульхан, Баянхошуу, Сүмбэр гэсэн таван боомттой бөгөөд нэг нь ч хатуу хучилттай автозамгүй юм. Өнгөрсөн онд Ульхан боомтоор 683, Хавирга боомтоор 3,130 гадаадын жуулчин нэвтэрсэн байна. Хатуу хучилттай замтай болсноор дээрх боомтуудаар дамжин хоёр хөрш рүү аялах, дамжин өнгөрөх дотоод, гадаадын жуулчдын урсгал нэмэгдэх том ач холбогдолтой юм. Мөн зорчигч тээврийн аюулгүй, ая тухтай үйлчилгээ нэвтэрч, бараа бүтээгдэхүүний үнэ хямдран, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг салбар хөгжхөөс гадна аялал жуулчлал дагасан ажлын байр нэмэгдэх юм.

Норовлин-Баян-Уул чиглэлийн 71 км, Баян-Уул-Ульхан чиглэлийн 46 км, Чойбалсан-Хавирга чиглэлийн 124.5 км замыг хатуу хучилттай болгосноор ОХУ, БНХАУ-аас ирэх зорчигч, тээврийн хэрэгслийн тоо 30-50 хувиар нэмэгдэх боломжтой. Мөн зорчигч тээврийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцөл сайжирч хямд төсөр бараа, үйлчилгээний эргэлт нэмэгдэн, бус нутагт аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих нөхцөл бүрдэнэ. Ингэснээр бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжил олон талаар идэвхжинэ. Боомтуудыг автозамаар холбосноор эдийн засгийн үр ашиг гарч буй сайн жишээ бол Увс аймгийн Боршоо боомт. 1975 онд байгуулагдсан энэ боомт хоёр талын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай. Увс аймгийн Улаангом хоттой 116 км хатуу хучилттай замаар холбогдсон бөгөөд боомтоор жилд дунджаар 40 мянган гаруй жуулчин нэвтэрч, улсын төсөвт 40 гаруй сая ам.долларын орлого оруулж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 онд багтааж Чингис хот-Ульхан чиглэлийн замыг хатуу хучилттай болгох, боомтын цогцолбор барихад шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж шийдвэрлэх үүрэг, чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн болон Сангийн сайд нарт өглөө. НҮБ-аас 1995 оноос хэрэгжүүлж буй “Их түмэн гол санаачилга” төсөл нь ОХУ-ын Приморск, Хабаровск, БНХАУ-ын ӨМӨЗО, Жилин, Хейлонжианг, Лиаоининг, БНСУ-ын Пусан, Улсан, Сокчо, Пухан, Монгол Улсын Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн газар нутгийг хамардаг. ОХУ-ын дээрх бүс нутагт жилд 10 гаруй, БНХАУ-ын хил залгаа бүс нутагт 310 гаруй сая хүн аялдаг. Эдгээрийн 0,06 хувийг Монгол Улсад татахад л зүүн бүсэд жилд 200 мянган гадаадын жуулчин аялж, аялал жуулчлалаас 150 тэрбум төгрөг олох боломжтой.