//2031 ОНД МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ ДӨРВӨН САЯД ХҮРНЭ

2031 ОНД МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ ДӨРВӨН САЯД ХҮРНЭ

өнөөдрийн УИХ-ын ээлжит чуулганаар өнгөрсөн оны хүн ам, орон сууцны тооллогын дүнг танилцууллаа.  “Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнгээр нийт хүн ам 3,296,866 гэж тоологдсон бол үүнээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч буй 3,197,020, зургаагаас дээш сарын хугацаатайгаар гадаад улс оронд амьдарсан Монгол Улсын иргэдийн тоо 122,301 байгаа юм байна. Хүн амын жилийн дундаж өсөлт 2010-2020 оны тооллогын жилд 2.2 хувийн өсөлттэй байгаа дүн мэдээг танилцууллаа. Үндэсний статистикийн хорооноос 2015 онд гаргасан хүн амын хэтийн тооцоогоор 2031 онд Монгол Улсын хүн ам 4 сая хүрэх магадлалтай байна. Монгол Улс насны бүтцийн хувьд залуу хэвээр байна. Тухайлбал, нийт хүн амын 31.5 хувийг 0-14 насны хүүхэд, 64.4 хувийг 15-64 насныхан, 4.1 хувийг 65-аас дээш насныхан эзэлж байна. Энэ удаагийн тооллогоор эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү нэмэгдсэн үзүүлэлттэй байна. тухайлбал, 1992 онд 4.2 байсан бол сүүлийн тооллогоор 9.6 жил болж нэмэгджээ. Мөн дээд боловсролтой эмэгтэй хүний тоо эрэгтэйгээс илүү байгаа нь жендэрийн тэгш байдлын асуудлыг бий болгож байна. Гэр бүлийн тухайд ганц бие хүний тоо 2010 оны тооллогоор 75.9 мянга буюу нийт дүнд эзлэх хувь нь 10.6 байсан бол энэ удаагийн тооллогоор 137.8 мянга буюу 15.4 болж нэмэгджээ. Хүн ам, орон сууцны тооллогын талаар гишүүд нэгдсэн нэг байр суурьтай байлаа. Тооллогыг заавал 5-10 жилийн хугацаанд гаргадаг биш, техник технологи хөгжсөн энэ үед тоолох хугацааг богиносгож, дан ганц тоолоод өнгөрдөг биш яам, холбогдох байгууллагуудыг оролцуулан бодлогын түвшинд ярьж байхаар санал нэгдлээ. Үргэлжлүүлээд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлахаар санал хураалт явууллаа. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн төслийг нийт 39-өөс дээш гишүүний саналаар эцэслэн баталдаг болсон. Энэ дагуу дээрх хуулийн төслийг эцэслэн батлах эсэхээр санал хураалт явуулахад 39 гишүүний босгод хүрсэнгүй. Тиймээс гишүүдийн ирцийг бүрдүүлж байж санал хураалт явуулан, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталлаа.