//“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг үндэсний монгол бичгээ дээдлэн хэрэгжүүлэгчээр батламжлав

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг үндэсний монгол бичгээ дээдлэн хэрэгжүүлэгчээр батламжлав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс (2021.05.19) Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт, үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг үнэлэн төрийн болон хэвлэл мэдээллийн зарим байгууллагад өргөмжлөл, батламж гардуулав.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян энэ үеэр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 105 дугаар зарлигийн хүрээнд жил бүрийн тавдугаар сарын эхний ням гаргийг Үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэх болсон. Энэ хүрээнд 2016 оноос эхлэн Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс монгол хэл, бичгээ хамгаалах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулан ажиллаж буй байгууллага, хувь хүмүүст өргөмжлөл олгодог болсныг онцлон тэмдэглэв.

Монгол хэлний тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-т 3.1.10-т “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг 2021 оноос эхлэн хос бичгээр хэвлэж, 2023 оноос зөвхөн монгол бичгээр хэвлэх бэлтгэл хангаж, хэрэгжүүлэх; 3.1.14-т Монголын үндэсний олон нийтийн телевизийн дэлгэцийн бичвэрийг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн бичих ажлыг эхлүүлэхээр заасныг шуурхай хэрэгжүүлэн ажиллаж байгаа УИХ-ын Тамгын газрын “Төрийн мэдээлэл” эмхэтгэл, МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөрийн хамт олныг тус тус  “Үндэсний монгол бичгээ дээдлэн хэрэгжүүлэгч” байгууллагаар тодруулан батламж гардууллаа. Мөн үндэсний монгол бичгээрээ сониныхоо онцлох нүүрийг гаргах болсон өдөрт тутмын “Үндэсний шуудан”, “Ардчилал” сонин, монгол бичгээр эрхлэн гаргадаг “Уламжлал” сэтгүүлд тус тус  өргөмжлөл олгов.

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд 2020 оны IV улирлаас эхлэн Улсын Их Хурлын Тамгын газар нь Монгол Улсын хууль, тогтоол төр засгийн бусад шийдвэрийг албан ёсоор нийтэлдэг эрх бүхий “Төрийн мэдээлэл” эмхэтгэлдээ  Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоолыг хос бичгээр хэвлэн нийтэлж эхэлсэн байна.