Өнөөгийн нийгмийн залууст тохиолддог бүтэлгүйтлийн тухай уг кинонд өгүүлнэ. Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэгчээр залуусын хүн барьцаалсан хэрэг хэрхэн “томорч” байгаа талаар дүрсэлжээ. “Тэрбумын хэрэг” инээдмийн уран сайхны кино өнгөрсөн баасан гарагт Корпорейт Конвеншн төвд нээлтээ хийлээ.
“Single Ladies” 1,2,3 инээдмийн киноны зохиолыг бичсэн кино найруулагч, жүжигчин А.Миеэгомбо уг киноны зохиолыг бичсэн байна. А.Миеэгомбын хошин шогийн мэдрэмж уг киног үзэгчдийн сэтгэлд нийцтэй, энгийн боловч сонирхол татахаар болгож чаджээ.
“Царцаа Намжил” хүүхдийн жүжгийн гол дүр болон УДЭТ-ын тайзны бүтээлүүдийн олон сайхан дүрээрээ танил болсон жүжигчин Б.Золжаргал, “Аав” киноны гол дүр, “Ромео Жульетта” жүжгийн Ромеод тоглож олны талархлыг хүлээсэн УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, “Бид гурван болзоо” киноны Бороо, “Ромео Жульетта” жүжгийн Меркуцио, “Чөлөөт хос” инээдмийн жүжгийн Манбретто зэрэг дүрээрээ инээдмийн болон драмын бүтээлүүдэд чадварлаг тоглож чадахаа харуулсан СТА, жүжигчин Э.Тодгэрэл нар киноны гол дүрүүдэд тоглолоо.
Мөн Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, жүжигчин Э.Баттөр, Б.Одончимэг нар мөн тус бүтээлд тоглосон байна.
Нөмгөн инээдний мастерийн хамгийн сүүлчийн бүтээл өмнөх шигээ үзэгчдийг байлдан дагуулах бололтой.