//ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГТЭЙ БОЛСНООР ЗАМЫН АЧААЛАЛ 20 ХУВЬ БУУРНА

ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГТЭЙ БОЛСНООР ЗАМЫН АЧААЛАЛ 20 ХУВЬ БУУРНА

Нийслэлийн хүн амын дунд явуулсан судалгаагаар тулгамдаж байгаа гол асуудал бол замын түгжрэл гэдэг дээр дийлэнх нь санал нэгдэж байна. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурд дунджаар 8-14 км/цаг хурдтай байгаа нь олон улсын стандартаар тэг зогсолт юм. Нийт замын 78 хувь нь түгжрэлтэй, 1 км замыг дунджаар 10 минутад туулж, нэг иргэн өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж байна гэсэн судалгаа бий. Тиймээс түгжрэлийг цогцоор нь шийдвэрлэх, Улаанбаатар хотод тулгамдаад байгаа бусад асуудлыг шийдвэрлэх 6 хэсгээс бүрдсэн тогтоолын төслийг Засгийн газраас өнөөдрийн хуралдаан дээр танилцууллаа. Төслийн хүрээнд 2021-2024 онд жил бүр 420 тэрбум төгрөгөөс их төсвийг батлахаас гадна гадаадын зээл тусламжаар 350 сая ам.доллар авахаар тусгажээ. Төсвөөр авто замын өргөтгөл, зогсоол, гүүр, хурдны зам, парк шинэчлэлт зэргийг шийдэхээс гадна ДЦС 3-ын дэд бүтцийг түшиглэн цахилгаан дулааны тав дахь эх үүсвэрийг барьж, хөнгөн галт тэрэг буюу LRT тавих ажлыг эхлүүлэх юм байна. хөнгөн галт тэрэг нь цагт 20-30 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд 17 км нь газар дээр, 6.9 км нь газар доор байрлахаар төлөвлөгдсөн байна. Мөн 2021-2024 онуудад автобусны 80 хувь нь хэрэглээнээс хасагдана гэсэн тооцоо гаргаж 290 автобусны буудлыг шинэчилж 5000 автомашины ухаалаг зогсоол байгуулахаар төлөвлөөд байна.