//ХЯТАД УЛС КРИПТОВАЛЮТ ДАХЬ ХОРИГОО ЧАНГАТГАЖ БАЙНА

ХЯТАД УЛС КРИПТОВАЛЮТ ДАХЬ ХОРИГОО ЧАНГАТГАЖ БАЙНА

Биткойны талаарх таагүй мэдээ үргэлжилэн гарсаар байна. Тухайлбал, өнгөрөгч Мягмар гарагт Хятад улсын эх баригчид тус улсад үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагууд болон төлбөр тооцооны компаниудад биткоин болон бусад криптовалют бүхий аливаа үйлчилгээ, бүртгэл, арилжаа, төлбөр тооцоо хийхийг хориглоод байна. Хятадын гурван том санхүүгийн холбоод болох: Хятадын Интернэтийн Санхүүгийн Үндэсний Холбоо, Хятадын Банкны Холбоо, Хятадын Төлбөр тооцооны холбоо нь виртуал валютыг “жинхэнэ төлбөр тооцоонд тооцогдохгүй” гэсэн байр суурийг илэрхийлээд  энгийн төлбөр тооцоонд саад учруулж байна гэх үндэслэлээр хориглосон байна. Эдийн засаг, санхүүгийн хэвийн журмыг мөрдүүлэхээр Хятад улс крипто солилцооны төрлүүдийг аль хэдийн хориглосон боловч тус улсын худалдан авагчид bitcoin болон бусад криптовалютаар арилжаанд оролцох боломжтой хэвээр байсан. Гэвч дээрх холбоодын хориг арга хэмжээний дараа ийнхүү тус улсад энэ төрлийн валютыг бүрмөсөн хориглолоо. Энэ явдлын өмнөхөн буюу өнгөрсөн долоо хоногт Элон Маск Тесла биткоиныг төлбөр тооцоонд хүлээн авахаас татгалзаж байгаагаа мэдэгдсэний дараа биткойны ханш эрчимтэй буурсан юм. Улмаар дэлхийн хамгийн том криптовалют болох Bitcoin-ы тэргүүлэх байр суурь буурч, энэ оны эхээр крипто валютын зах зээлд эзлэх хувь 70 хувиас 45 хувь болж буурсныг АНУ-ын криптовалют судалгааны Coin Metrics мөн мэдэгдээд байна.