//ИНЧОНЫ ОУ-ЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ЕСӨН АЖИЛЧИД ЭНЭТХЭГ COVID-19 ХУВИЛБАР ЭЕРЭГ ГАРЧЭЭ

ИНЧОНЫ ОУ-ЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ЕСӨН АЖИЛЧИД ЭНЭТХЭГ COVID-19 ХУВИЛБАР ЭЕРЭГ ГАРЧЭЭ

БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын вирусын халдвараас урьдчилан сэргийлэх төвийн есөн ажилтан халдвар авсан нь батлагдаад байна. Мөн тэдний ойрын хавьтлын зургаан хүн мутацид орсон Энэтхэгийн COVID-19 хувилбараар халдварласан нь батлагдсан байна. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар  энэ удаагийн Энэтхэгийн хувилбараар өвчилсөн тохиолдол нь тус улсад анх удаа бүртгэгдэж буй дотоодын халдвар юм. Дээрх ажилчид ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан өвчтөнтэй харьцсаны дараа тус вирусээр халдварласан гэж үзэж байна. БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол хоногт 654-өөр нэмэгдэж, нийт халдварын тоо 133471 болжээ. Тус улсад шинээр илэрсэн 654 тохиолдлын 17 нь гаднаас зөөвөрлөгдөн ирсэн аж. Нийт 123237 хүн эдгэрсэн бол 1912 хүн нас баржээ. БНСУ-д 24 цагийн хугацаанд 8 хүн ковидын хүндрэлээр нас барсан байна. БНСУ-д коронавирусний мутацид орсон хувилбаруудаар халдварласан тохиолдлын тоо 1000 давжээ. Тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлснээр мутацлагдсан хувилбараар халдварласан шинэ тохиолдлуудын 199 нь Их Британид илэрсэн шинэ хувилбар бол 29 нь Энэтхэгт илэрсэн мутац, 18 нь Өмнөд Африкт илэрсэн шинэ вирус, нэг нь Бразилд тархсан хувилбараар халдварлажээ. Энэ удаад ийнхүү коронавирусний шинэ тохиолдол бүртгэгдсэн нь Энэтхэг улсад тархсан өвчний дэгдэлтээс болж Өмнөд Солонгосын Засгийн газар тус улсад суугаа иргэдээ татаж авчрах тусгай нислэгүүд зохион байгуулж байгаатай холбоотой гэж мэдэгдээд байна.