Улаанбаатар хотын анхны гудамжны номын сан 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд байгуулагджээ

access_time 2019-06-12
remove_red_eye 35

Хан-Уул дүүргийн 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд байрлах “УБ-Гудамжны номын сан”-г сурвалжлахаар өчигдөр 13:00 цагийн үед очиход хөл хөдөлгөөн ихтэй гадаа нарлаж суугаа хөгшчүүд “Хачин сайхан санаа хэрэгжүүлсэн байна” хэмээн ам уралдан магтсаар биднийг угтав. Гудамжны номын санг хийхдээ хуучин хөргөгчийг анхаарал татахуйц шар өнгөөр будаж, нүүрэн хэсэгт нь “Бичвэрээс гадна юу ч байдаггүй” гэж бичсэн нь ихэд содон байв. Номын сангийн хаалгыг нээхэд “Монголын Эмнести Интернэшнл” олон улсын хүний эрхийн байгууллагын улирал тутам гаргадаг хүний эрхийн төлөв байдлын Вирэ/WIRE сэтгүүл, дунд ангийн сурах бичиг, хэд хэдэн зохиолын ном харагдав.

Монголчууд үнэгүй юманд нугасгүй гэдэг шиг үзэж байсан сэтгүүлээ сэмхэн цүнхлэх нэгэн ч харагдаж байв. Харин хүүхдүүд эсрэгээрээ томчуудын замбараагүй болгосон сэтгүүлийг эмхэлж цэгцлэн “Аав, ээжийгээ зөвшөөрвөл үлгэрийн номоосоо авчирч тавина. Бидний хайртай үлгэрийн баатруудын зурагт ном зөндөө олноороо өрөөстэй байдаг бол сайхан байхгүй юу. Даана ч хүүхдүүдэд зориулсан нэг ч ном алга” хэмээн урам муутайхан хариулна.

120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнгийн тоглоомын талбай дээр өдөр бүр тоглодог хүүхдүүд “УБ-Гудамжны номын сан”-гийн сайн дурын харгалзагчид гэв. Тэд хэн нэгэн ном нууцаар авахыг оролдвол эргүүлж хийхийг эеэлдэгээр хэлдэг. Номын сан замбараагүй болбол эмхэлж янзлахаас авахуулаад олон зүйлийг өөрсдийн санаачлагаар хийдэг гэдгээрээ бахархаж байв. Эдгээр хүүхдүүдийн хүсч буй ганц зүйл нь хүүхдийн зурагт ном. Хэрэв ийм ном гудамжны номын санд нь ирвэл ариг гамтай бие биедээ дамжуулаад уншина гэдгээ амлаж байсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй.

Нийслэл хотдоо гудамжны номын сан байгуулах санаачилгыг орчуулагч Т.Тара гаргажээ. Тэрбээр энэ оны эхээр Франц улсад байхдаа улаан бүхээгтэй гудамжны номын санг хараад Монголдоо хэрэгжүүлэх боломжтой гэж үзээд ийнхүү өнгөрсөн амралтын өдрөөр нээлтийг нь хийжээ. Номын санг мод, хуванцар зэрэг өртөг багатай гарын доорх материал, өөр бусад юугаар ч хийж Улаанбаатар хотын хаана ч байрлуулж болно. Хамгийн гол нь иргэд сайн дураараа хайрцагт ном цуглуулж, олон нийтийн газруудад үнэ төлбөргүй унших боломжийг олгох юм. Түүнчлэн хүмүүсийн уншиж дууссан номыг солилцуулах, гудамжны номын сангийн соёлыг Монголдоо нэвтрүүлж, цагаа зөв боловсон өнгөрүүлж сурах, номд дуртай болоход нь тодорхой хэмжээгээр туслах зорилготой сайн дурын төсөл аж.

“УБ-Гудамжны номын сан”-гийн дүрэм

  • Та номоо газар дээр нь уншаад, буцаагаад хийх юм уу, түр зээлж, эсвэл өөр номоор сольж авч болно.
  • “УБ – Гудамжны номын сан” нь танд зориулсан үнэгүй үйлчилгээ, номууд нь өгөөмөр сэтгэлтний хандив тул арилжааны зорилгоор бүү аваарай.
  • Хайрцаг эвдэрч гэмтсэн байвал та өөриймсөг хандаж засаж сэлбээрэй.
  • Зөвхөн ном, сурах бичиг, сонин сэтгүүл байрлуулна. Аливаа сурталчилгааны гарын авлага хайрцагт байрлуулсан байвал гаргаж тавиарай.
  • Та ашигладаггүй, бусдад хандивлах боломжтой номоо байрлуулж, эсвэл сольж авч болно.
  • Шинэ ном нэмэх бол та: “Хандивын ном тул арилжааны зорилгоор бүү ашиглаарай. УБ – Гудамжны номын сан фэйсбүүк бүлгэм.” гэсэн зааврыг номынхоо хавтасны дотор болон зарим хуудас дээр бичээрэй.
  • Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “УБ-Гудамжны номын сан/UB-Street library” фэйсбүүк группээс авах боломжтой.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn