//ПАЛЕСТИНЫ ХАМАС БҮЛЭГЛЭЛ ПУУЖИН ХАРВАСАН ХАРИУД ИЗРАЙЛИЙН АРМИ ХАРИУ ЦОХИЛТ ӨГЛӨӨ

ПАЛЕСТИНЫ ХАМАС БҮЛЭГЛЭЛ ПУУЖИН ХАРВАСАН ХАРИУД ИЗРАЙЛИЙН АРМИ ХАРИУ ЦОХИЛТ ӨГЛӨӨ

Өчигдөр Палестины газар нутаг болох Газын зурвасаас Хамас зэвсэгт бүлэглэл Израйлийн тал руу пуужин харваж, хариуд нь Израйлийн арми агаарын цохилт өгсөн байна. Пуужин хөөргөхөөс өмнө Хамас бүлэглэл Йерусалемын Аль-Акса сүм оршдог дүүрэг болон Хуучин хотын Шэйх Жаррах дүүргээс цэрэг, цагдаагийн хүчээ гаргахыг Израйлийн талаас шаардсан юм. Шаардлагын хариуг өгөх хугацаа дуусмагц Газын зурвасаас пуужингийн довтолгоо эхэлжээ. Нийт долоон пуужин харвасны нэгийг нь амдаж устгаснаа Израйлийн арми мэдээлсэн байна. Хариуд нь явуулсан агаарын довтолгооны улмаас Газын зурваст 20 палестин хүн алагдсаны ес нь хүүхдүүд байсныг Палестины засаг захиргаа мэдээлжээ. Пуужин харвахаас өмнө Даваа гарагийн шөнө Израйлийн цагдаагийн хүч Йерусалем хотын маргаантай дүүргүүдээс палестинчуудыг хөөж гаргах ажиллагааг зохион байгуулсан юм. Энэ мөргөлдөөний үеэр 500 гаруй палестин хүн, Израйлийн 21 цагдаагийн албан хаагч бэртэж, гэмтсэн байна. Израйль, Палестины булаацалдаж буй Йерусалем хотын хэсэгт ислам болон иудейн шашны аль альных нь шүтээн, ариун газрууд байрладаг. НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Йерусалемд үүссэн нөхцөл байдлыг хаалттай хэлэлцэж, талуудыг эвлэрүүлэх санал боловсруулж байгаа гэсэн мэдээлэл ирээд байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хурцадмал байдлыг сулруулах алхам хийхийг талуудад уриалжээ. Палестинчуудыг төрөлх орон гэрээс нь хүчээр нүүлгэх арга хэмжээ авч буй Израйль улсын бодлогыг дэлхийн улс орнууд шүүмжилж байгаа. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын хүний эрхийн байгууллага уг үйлдлийг “дайны гэмт хэрэг”-т тооцох боломжтойг Израйлийн талд анхааруулжээ.