Японы их, дээд сургуульд 20 хүнийг суралцуулна

access_time 2019-06-12
remove_red_eye 61

309 сая иений санхүүжилттэй “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр болсон. Тус хөтөлбөрийн Ноот бичиг, хэлэлцээрт өчигдөр хоёр талаас гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрийн хүрээнд 20 хүнийг сонгон шалгаруулж, Япон улсын их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт хамруулах болно. Үүний 18 нь төрийн албан хаагч, хоёр нь хувийн хэвшлээс хамрагдах аж.

Хөтөлбөрийн Солилцох Ноот бичигт Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Япон Улсын Засгийн газрыг төлөөлж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд М.Такаока нар гарын үзсэг зурав. Харин Буцалтгүй тусламжийн хэлэлцээрт (Grant Agreement) ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Э.Тамүра, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар гарын үсэг зурсан юм.

Элчин сайд М.Такаока “Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал, Япон Монголын сургалтын эмнэлэг зэрэг төслүүд хоёр орны хамтын ажиллагааны нэгэн том илрэл. Одоогийн байдлаар Япон улсад 3000 гаруй Монгол оюутан суралцаж байгаа нь тун авууштай хэрэг. Японд сураад Монголдоо ирэн амжилттай ажиллаж буй хүмүүсийг хараад бахархадаг. Цаашид энэ чиглэлээр хувь нэмрээ оруулахыг хүсдэг. “1000 инженер” төслийн хүрээнд эхний ээлжийн оуютнууд Японд төгсөөд ирсэн. Тэдний нэг нь Токиогийн техникийн сургуулийн шилдэг төгсөгчөөр шалгарсан анхны гадаад оюутан болсон. Энэ Монголчуудын чадварлаг байдлыг илтгэж байгаа болов уу.” гэв.

Энэхүү хөтөлбөр зах зээлийн эдийн засагт шилжсэн улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилготой. Тухайн орны хөгжилд хувь нэмэр оруулах, залуу төрийн албан хаагчдыг Японы их сургуульд суралцуулж, мэдлэг олгох тус хөтөлбөрийн хамрах хүрээ өргөжиж, 2016 оноос хувийн хэвшлийн төлөөлөл хамрагдах боломжтой болжээ.

Монгол Улс энэ хөтөлбөрт 2001 оноос хамрагдаж, өнөөгийн байдлаар 19 төсөл хэрэгжсэн. Үүний дагуу 340 оюутан санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, уур уурхай, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр Японд суралцсан байна.

Японы Засгийн газар Монгол улсыг зах зээлийн эдийн засаг руу шилжсэнээс хойш нийт 329 тэрбум иений зээл, тусламжийг олгожээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn