//Меган нөхөр Харри, хүү Арчи нартаа зориулан ном бичжээ

Меган нөхөр Харри, хүү Арчи нартаа зориулан ном бичжээ

Их Британийн Сассэкс гүнгийн авхай Меган нөхөр Ханхүү Харри, хосын хүүхэд Арчи хоёроосоо сэдэвлэн эцэг, хүүгийн харилцааны тухай “Вандан сандал” нэртэй хүүхдийн ном хэвлүүлнэ гэж номыг хэвлэх хэвлэлийн газар мягмар гарагт мэдээлэв. Энэхүү ном нь хатан хаан Элизабетийн ач хүү Харри түүний эхнэр Меган нарын хааны гэр бүлээс татгалзаж Лос Анжелесруу нүүж ирснээс хойшхи хийсэн хамгийн сүүлийн үеийн бүтээл бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр хүү Арчи хоёр насны төрсөн өдрөө тэмдэглэх юм. Зураач Кристиан Робинсоны зурсан “Вандан сандал” зургадугаар сарын 8-нд хэвлэгдэх бөгөөд Меган аудио номын хувилбарыг нь өөрөө дуу оруулсан байна. “Вандан сандал ном нь Арчи мэндэлсний дараа сард аавуудын өдөрт нөхөртөө зориулж бичсэн шүлгээр эхэлсэн. Энэхүү шүлэг нь энэ ном бүтэх эхлэл болсон” гэж гүнгийн авхай мэдэгдэлдээ дурджээ. Хосууд одоо хоёр дахь хүүхдээ тээж байгаа юм. Энэхүү ном хааны удмынхны хүүхдүүдийн уран зохиолын ертөнцөд хөл тавьж буй анхных биш юм. Хаан ширээ залгамжлагч хунтайж Чарльз хүүхдүүддээ ярьж өгдөг байсан үлгэрүүдээс сэдэвлэн “Лочнагарын өвгөн” -ийг бичсэн бол Йоркийн гүнгийн ахайтан Сара Фергюсон мөн хэд хэдэн хүүхдийн үлгэрийн ном бичжээ.