//Санхүүгийн зохицуулах хороо мэдэгдэл гаргалаа

Санхүүгийн зохицуулах хороо мэдэгдэл гаргалаа

Санхүүгийн зохицуулах хороо нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу мэдээлэх үүрэгтэй этгээдийн тус хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэд эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг. Энэ хүрээнд мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийг үнэлж, шинжилгээ хийх, зайны хяналтыг хэрэгжүүлэх, хяналт шалгалтын цар хүрээг тогтоох, эрсдэлд өртөмтгий байдлын үнэлгээг шинэчлэн сайжруулах болон салбарын ерөнхий төвшинг үнэлэх зорилгоор хагас жил тутамд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг тогтмол цахим хэлбэрээр хүлээн авч байгаа билээ.

Гэвч тогтоосон хугацаанд асуулгыг бүрэн бөглөөгүй, бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл өгөх эсвэл асуулгад огт хариулаагүй, зохих мэдээллийг ирүүлэхгүй зэрэг дутагдал гарсаар  байгаа нь тухайн этгээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэйд хамаарах үндэслэлийг бий болгож байна.

Энэ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, өөрийн байгууллагыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс хамгаалахад аливаа мэдээлэх үүрэгтэй этгээдийн удирдлагын идэвх, оролцоо ихээхэн дутагдаж байгаагийн нэг илрэл юм. Иймд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Санхүүгийн зохицуулах хорооноос шаардсан мэдээллийг тогтоосон хугацаанд ирүүлээгүй болон өгөгдсөн үүргийг биелүүлэхээс илт цааргалах, хамтран ажиллахаас татгалзах зэрэг дутагдал гаргаж буй аливаа мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд дор дурдсан хууль тогтоомжид заасан хариуцлагын арга хэмжээг Хорооноос авч хэрэгжүүлэх үндэслэлтэй болохыг анхааруулж байна. Үүнд:

  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсхүл хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, зогсоох, түдгэлзүүлэх, үйл ажиллагааны зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал гаргах”,
  • Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 11-д “Мэдээлэх үүрэгтэй этгээдийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих зорилгоор баримт, тайлан, мэдээлэл, тайлбар гаргуулан авах талаар хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд саад учруулсан, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, биелүүлэхгүй байхыг уриалсан, шаардсан мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”.

Иймд мэдээлэх үүрэгтэй этгээд Та бүхнийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, түүнтэй холбоотой бусад хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилт болон Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн үүргийн биелэлтийг чанд мөрдөн ажиллахыг зөвлөж байна. 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО