//Энэтхэг өдөр 400000 илүү хүн шинээр халдварлаж байна

Энэтхэг өдөр 400000 илүү хүн шинээр халдварлаж байна

Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний улмаас 3689 хүн нас баржээ. Үүнээс нэг өдрийн дотор коронавирусний халдварын 400,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Нэг хоногт ийм олон тохиолдол өмнө нь ямар ч улсад илэрч байгаагүй аж.

Тус улсын эрүүл мэндийн салбар өвчлөлийн ийм огцом өсөлтөд бэлэн байсангүй. Эмнэлэгт яаралтай хэвтэх шаардлагатай хүмүүс орны хомсдолоос үүдээд хэвтэх боломжгүй болжээ. Мөн эмнэлгийн хүчилтөрөгчийн хомсдол гол асуудал болж байна.

Цар тахал эхэлснээс хойш Энэтхэгт Ковид-19-ийн 19 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ үзүүлэлтээр Энэтхэг дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт жагсаж байгаа юм. Тус улсад коронавирусний халдварын улмаас 215 мянга гаруй хүн нас барсан байна. Гэвч оношлуурын хүрэлцээ байхгүй тул Ковид-19-ийн өвчлөл, нас баралтын бодит түвшин албан ёсны статистик мэдээллээс зөрүүтэй байх магадлалтай гэнэ.

Олон хүн, тэр дундаа орон нутагт эмнэлгийн тусламж авах боломжгүйгээс болоод гэрээр эмчилж байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Тэд тосгод болон жижиг хотуудад Covid-19-ийн улмаас нас барсан хүмүүсийн тоо баримт ерөнхий статистик мэдээлэлд ороогүй болохыг тэмдэглэсэн байна. Долоо хоногийн өмнө Энэтхэг улсад өдөрт дунджаар 3645 нас баралт бүртгэгджээ. Харин Бразил, АНУ-д тахлын оргил үед өдөрт 4000 гаруй хүн нас барж байв.

Дели хотын дээд шүүх эмнэлгүүдэд нэн шаардлагатай эм, тоног төхөөрөмж тасалдсан тохиолдолд албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг анхааруулжээ.