Б.Хурц, Ш.Батхүү, Ч.Ганзориг, С.Баяр нарт хамаарах хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

access_time 2019-06-11
remove_red_eye 65

Ерөнхий прокурорын тушаалаар олны анхааралд орсон хэргүүдийг хянах үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Тэгвэл ажлын хэсгээс  олны анхаарал татсан томоохон хэргүүдийг шалгаж, шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авсан гэх асуудлын хүрээнд Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Түүнтэй хамт тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэс корпорацийн Ц.Пүрэвтүшин, Б.Мөнхбаатар нарыг шалгаж байгаа бөгөөд Д.Эрдэнэбилэгээс бусдад нь хилийн хориг тавьж, тодорхой хүмүүстэй уулзахыг нь хориглоод байгаа юм.

Мөн  Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн. Тэгвэл прокуророос тэдний хэргийг мөн шүүхэд шилжүүлсэн байна.

Түүнээс гадна саяхан суллагдаад байгаа Тагнуулын ерөнхий газрын дарга асан  Б.Хурц нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Б.Хурц нарыг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн  хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр шалгасан юм. Сүүлийн хэдэн жил дамнан “Эрдэнэт” үйлдвэрийг гадны банкинд барьцаалан зээл авсан асуудлаар Жастын Ш.Батхүү, Ч.Ганзориг нарыг хэргийг ч шүүхэд шилжүүлсэн байна.

Ийнхүү олны анхааралд өртөж, дуулиан тариад байсан албан тушаалтнуудын хэргийг прокуророос албан ёсоор шүүхэд шилжүүлжээ. Тиймээс одоо харьяаллын шүүх хяналт тавьж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлоно. Харин түүний дараа шүүх хуралдаанууд товлогдох эсэхийг шийдэх юм.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn