//Нийгмийн бодлогын байнгын хороо бодлогын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна

Нийгмийн бодлогын байнгын хороо бодлогын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна

Улсын Их хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2020.04.27/-ийн хуралдаанаараа “Ковид 19” цар тахлын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцины хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсон.

Байнгын хорооны хуралдааны дараа тус байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг цар тахлын нөхцөл байдлын мэдээлэлтэй холбогдуулан бодлогын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор үргэлжлүүлэн шууд Чингэлтэй дүүрэг дэх байнгын болон явуулын дархлаажуулалтын цэгүүдэд ажиллав. 

Эрүүл мэндийн ажилтнуудын зүгээс шаардлага хангахгүй зүү, тариур зэрэг бүтээгдэхүүн нийлүүлж байгаа, эмч, сувилагч зэрэг зайлшгүй ажлын шаардлагатай хүмүүст авто машины QR код олгоход зохих зохицуулалт нэмж хийх талаар санал хэлсэн. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг эрүүл мэндийн ажилтнуудын болон вакцин тариулсан  иргэдийн санал сэтгэгдлийг хүлээн авч, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиг, үүргийг холбогдох байгууллагын удирдлагуудад өглөө.


Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва дархлаажуулалтыг эрчимжүүлэх үүднээс эхний ээлжинд зөвхөн хоёр дахь тун тариулах иргэдийг хамруулна гэхгүйгээр нэг, хоёр дахь тунг хоёуланг нь буюу ирсэн хүн бүрт вакцин хийж буй талаар ярив. Тус дүүрэгт дархлаажуулалтын найман цэг ажиллаж буй бөгөөд бүх цэгүүдэд иргэдийн дархлаажуулалтад хамрагдах идэвх сайн байгаа талаар мөн хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.