//Буянт-Ухаа ОУНБ зорчигчидоо хүлээж авахад бэлэн…

Буянт-Ухаа ОУНБ зорчигчидоо хүлээж авахад бэлэн…

Монгол Улс ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс агаарын хилээ нээхтэй холбогдуулан “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал нислэгийн аюулгүй байдлыг хангах, зорчигчдын эрүүл мэндийг хамгаалах, тав тухтай үйлчлүүлэх орчин бүрдүүлэх, тахлын халдвараас урьдчилан сэргийлэх тэмдэг, тэмдэглээ байршуулах, тусгаарлах өрөө гаргах зэрэг бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.

Тогтмол нислэг үйлдэж эхэлхэд нисэх буудлын болон хил дээрх хамтын ажиллагаатай байгууллагын ажилчид зорчигч үйлчлүүлэг, ачаа тээврээс тахлын халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын тогтоол, шийдвэр, зөвлөмж холбогдох дүрэм журам зааврыг мөрдлөг болгон зорчигч нислэг эхлэхээс өмнө бүртгэлийн танхимд 1.5-2 метрийн зай барьж зогсох тэмдэглэгээг байршуулах, мөн сэжигтэй зорчигч ирсэн тохиолдолд эмнэлгийн ажилтнууд анхны тусламж үзүүлэх тусгаарлах өрөөг бэлтгэсэн байна.

Мөн зорчигчдод амны хаалт зүүх, бээлий өмсөх, ариутгалын бодис биедээ авч явах талаар тогтмол сануулга өгч ажиллах шинэ нөхцөл байдал үүсч байгаа билээ. Өнөөдрийн байдлаар манай улсад ковидын халдварлалт буурахгүй байгаатай холбогдуулан нисэх буудлын болоод хамтын ажиллагаатай байгууллагын ажилчид, зорчигч, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс нисэх буудалд ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар тогтмол хийлгэсээр байна.