//11 хүн нас барж, 100-аад хүн гэмтсэн галт тэрэгний осол Египетэд боллоо

11 хүн нас барж, 100-аад хүн гэмтсэн галт тэрэгний осол Египетэд боллоо

Ням гарагт Египетийн Кайраас хойд зүгт орших Калиубиа мужийн Мансура хотыг чиглэн явж байсан галт тэрэг осолдож арван нэг хүн амь үрэгдэж, 100 шахам хүн шархадсан осол боллоо гэж Египетийн Эрүүл мэндийн яам мэдэгдлээ.

Гэрч Медхат Абдель Рауф хэлэхдээ :

“Бид яг юу болсныг мэдэхгүй байна. Галт тэрэг замаасаа гарч, олон хүн нас барсан. Одоо галт тэрэг дотор олон хүмүүс байгаа бид тэднийг гаргаж чадахгүй байна. Бид юу хэлэхээ мэдэхгүй үнэхээр ядарч байна, нэг сарын дотор дөрвөн галт тэрэгний осол гарлаа. ” гэж мэдээллээ.

Египетийн үндэсний төмөр замын компаниуд мэдэгдэл гаргаж, галт тэрэг Кайраас Нил мөрний бэлчир Мансура хотыг чиглэн явж байх үед Кайраас хойд зүгт 25 милийн зайд галт тэрэгний дөрвөн вагон 13.54 цагт замаас гарсан байна гэж мэдээллээ

Ослын шалтгааныг шалгаж байна.

50 гаруй түргэн тусламжийнхан шархадсан хүмүүсийг тус мужийн гурван эмнэлэгт хүргэжээ.

Гуравдугаар сард Кайраас өмнө зүгт 275 милийн зайд орших Тахта орчимд хоёр галт тэрэг мөргөлдөж 20 хүн амь үрэгдэж, 200 шахам хүн шархадсан.

Энэ сард Миня Аль-Камх хотын ойролцоо галт тэрэгний хоёр вагон замаас гарч 15 хүн бэртжээ.

Египетийн Тээврийн сайд олон нийтийн сүлжээгээр эдгээр ослуудад зарим эрх баригчдыг буруутган огцрохыг уриалж байна.