СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭ: АРДЧИЛСАН ХУВЬСГАЛААР ОЛСОН ХАМГИЙН ТОМ ЗҮЙЛ БОЛ ТУСГААР ТОГТНОЛ

access_time 2019-06-06
remove_red_eye 33

“Эр хүн тугал ч хариулна, туг ч барина” гэж монголчууд ярих дуртай. Энэ эрхэмд энэ үг яг цав тохирно. Амьдралын ээдрээт нугачаанд тэрбээр хань ижлээ алдаж, хийгээгүй хэргийнхээ төлөө хоригдож явсан ч удаа бий. Гэхдээ тэр бууж өгөөгүй. Содномзундуйн Эрдэнийг өнөөдөр “Нийгмийн даатгалын”, “Баянголын”, “Ардчилсан намын” гэх тодотголууд дагалддаг. Тэр бас ардчилсан хувьсгалд оролцож, одоог хүртэл улс төрийн адармаатай ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа эзэлж яваа нэгэн. Улстөрч байна гэдэг амаргүй ажил. Хэрэв тэр замыг сонгосон бол олон нийтийн хараа, хяналтад байж, элдвээр хэлүүлэх нь ч энгийн явдал. Тэр ч үүнийг мэддэг нэгэн. Түүний цэргийн сургуульд олсон хүмүүжил, боловсрол өөрийнх нь амьдрал, ажилд том тус хүргэсэн нь гарцаагүй. Учир нь тэр долоо буудуулсан чоно гэдэг шиг өнгөрсөн хугацаанд өөрт нь тохиолдсон бүх асуудлын ард гарч чадсан нэгэн. Өнөөдөр тэр Ардчилсан намын дарга. Ямар нэгэн дарга гэхээс илүүтэй төгс шинэчлэлийг хийж, улсаа хөгжүүлэх бодлого шийдвэрийг уралдуулж, Монголын дараагийн шинэчлэлийг эхлүүлэхийн төлөө түүний баг зорино гэдгээ шулуухан хэллээ. Харин чадах эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.  

-Таны ажил, амьдрал нийслэлийн Баянгол дүүрэгтэй холбогдож иржээ. УИХ-ын сонгуульд анх энэ л дүүргээс нэр дэвшсэн. Тухайн үед МАХН-ын лидер, хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Энхбаяртай таныг өрсөлдүүлэхээр нэр дэвшүүлж байлаа. Энэ дүүрэгтэй холбогдсон нь бас сонин түүх байх аа?

-Миний ажлын гараа Багануур дүүргээс эхлэлтэй. Тухайн үед Зөвлөлтийн барилгын байгууллага гэж байлаа. Тэнд Монгол ажилчдын захиргаанд ажиллаж ажил, хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн хүн. Түүнээс өмнө эвлэлийн байгууллагад ажилласан. Гэхдээ удаагүй. 1990 онд Багануураас буцаж хотод ирсэн. Үүнээс хойш намын ажил руу шилжсэн дээ. Тухайн үедээ нийслэлийн намын улс төрийн ажилтан байлаа. Сонгуулийн штабын даргаас эхлээд голдуу улс төрийн ажил хийж ирсэн. Ингэж байгаад 1995 Баянгол дүүргийн Ардчилсан намын даргаар сонгогдсон. Эндээс л Баянгол дүүрэгтэй миний амьдрал холбогдсон. 1996 онд орон нутгийн сонгуулиар ялалт байгуулж, Баянгол дүүргийн Засаг даргаар томилогдсон.             -Хэдийгээр Ардчилсан намын дарга болсон ч гэлээ таныг “Баянголын” гэх тодотгол илүү тодотгодог. Тэгэхээр та энэ дүүрэгтэй сүүлийн 20 гаруй жил холбогдож л дээ. Тийм болохоор энэ тодотгол илүү дагадаг юм болов уу?

-Ажил, амьдралын маань 23-24 жил энэ дүүрэгтэй холбоотой байсан учраас түүгээр овоглодог болжээ. Хийсэн бүтээсэн маань энэ дүүрэгтэй салшгүй холбоотой учраас арга ч үгүй юм даа.

-Таны аав Содномзундуй гуай Монголын сагсан бөмбөгийн хөгжилд том хувь нэмрээ оруулсан хүн. Тийм болохоор нь ажил үйлсийг нь үргэлжлүүлж, энэ спортод элэгтэй хандаж, дэмждэг байх, тийм үү?

-Монголд сагсан бөмбөгийн спорт анх хөгжсөн цагаас эхлээд аав маань бүхий л ухамсарт амьдралаа түүнд зориулсан хүн. Бага залуугаасаа л зүтгэсэн. Ер нь бүхий л спортыг хөгжүүлэхийн төлөө ажилласан юм. Тэр дундаа сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд түлхүү анхаарсан. Аав маань эхлээд хотын захиргаанд  спортын зааварлагчаар ажилд орохдоо сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байсан. Дараа нь, Анагаах ухааны дээд сургуульд 15 жил багшлахдаа шигшээ багийг нь дасгалжуулж, өөрөө ч тоглодог байсныг санадаг юм. 1980 онд хотын Спорт хорооны даргаар томилогдоод 2003 онд тэтгэвэртээ гартлаа ажилласан.  Энэ хооронд хотын спортын бүхий л ажиллагааг удирдан чиглүүлж, спартакад, уралдааныг зохион байгуулна. Улсын баяр наадмын бэлтгэл ажлыг хангах гээд маш олон ажлыг гардаж ирсэн. Өөрийн оюун бодлоо зориулж ирсэн ажлыг нь үргэлжлүүлэх үүднээс сагсан бөмбөгийн спортыг би түлхүү дэмжиж ажилладаг. Багадаа сагсан бөмбөг тоглодог ч дугуйн спортоор хичээллэдэг байлаа. Анх сагсан бөмбөгийн спортыг дэмжиж байхад Сагсан бөмбөгийн холбооны дотоод үйл ажиллагаа их ээдрээтэй. Удирдлагууд нь хуваагдчихсан, энэ спортыг хөгжүүлэхэд их бэрхшээлтэй байлаа. Энэ спортыг хөгжүүлэх сайхан ажил зохион байгуулъя гэхээр дэмждэггүй, тамын тогооны үлгэр шиг л юм болно. Аргаа бараад Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоог шинээр байгуулсан. Монголын сагсан бөмбөгийн холбоог эв зүйд нь оруулах талаар анхаарч ажилласан. Өнөөдөр гурван шатны шүүхийн шийдвэр гараад Монголын сагсан бөмбөгийн холбоо албан ёсны удирдлагатай боллоо. Гэхдээ үүнд би ямар нэгэн байдлаар оролцож, албан тушаал аваагүй. Харамсалтай нь шүүхийн шийдвэр гарсан ч хууль бусаар өөрсдийгөө энэ холбооны удирдлага гэдэг нөхөд үймүүлээд л явна. Гэхдээ энэ спорттой холбогдож ажилласан хугацаандаа  илүү өндөр түвшинд хөгжүүлэх үүднээс гадаадын сагсан бөмбөг өндөр хөгжсөн орноос 160 орчим лигонер тамирчинг  авчирч тоглуулсан байдаг юм.

-Үнэхээр лигонер тамирчдыг авчирснаар манай тамирчдын ур чадвар үсрэнгүй хөгжсөн. Амжилтууд ч ар араасаа хөвөрсөн байх шүү?

-Тийм ээ. Манай холбооны зохион байгуулсан супер лигт оролцож байгаа багуудад лигонер тамирчид орж ирснээр ур чадвар нь нэмэгдсэн. Сүүлийн зургаан жилийн туршид Монголын сагсан бөмбөг хурдацтай хөгжиж, манай тамирчдын ур чадвар хэд дахин нэмэгдсэн. Сагсан бөмбөгийн 5:5 төрөлд манай тамирчид өндөр амжилт үзүүлж байсан ч дотоодын маргаанаасаа болоод энэ төрөлд гадаадад өрсөлдөх боломж хумигдмал байна. Харин 3:3 төрөлд өндөр амжилт үзүүлж байна. Удахгүй дэлхийн аваргад анх удаа оролцоно. Дэлхийн аваргын тэмцээнд өмнө нь оролцож байсан түүхгүй. Азийн хоёр удаагийн аваргад оролцож, өнгөрсөн жил /2017 он/ Азийн аварга болсон. 2018 онд Азийн аваргын алтын төлөөх тоглолтод Австралийн багт ганцхан оноогоор хожигдож, мөнгөн медаль хүртсэн. Бид удахгүй болох Дэлхийн аваргын тэмцээнд ямар амжилт үзүүлэхээс шалтгаалаад Токиогийн олимпод оролцох эсэх маань шийдэгдэнэ. Багийн спортоор анх удаагаа олимпод оролцох боломж бидэнд нээгдэнэ гэсэн үг.

-Сайхан сонсогдож байна. Гэхдээ хоёулаа яриагаа арай өөр зүгт хандуулъя. Таны улс төрийн карьерыг харахад унаж, боссон, уруудаж, өгссөн адармаатай түүх харагддаг. Нийслэлийн Ардчилсан намын дарга байхад эрх баригчид хэцүү нэртэй газарт хийх гэж их үзэж байлаа. Гэхдээ шүүх таныг гэм буруугүй гэж тогтоосон шүү дээ. Энэ бүхнийг эргээд харахдаа та халширдаг уу?

-Хувь хүний хувьд амар байгаагүй. Энэ бүх бэрхшээл саадыг давж, улс төрийн хуйвалдаан, хорын ард гарна гэдэг бол хэцүү. Хэр баргийн аавын хүү үүнийг давж гарч чадалгүй, ихэнх нь хохироод, хэлмэгдээд дуусдаг. Миний хувьд хэцүү байсан. Гэхдээ хэцүү байлаа гээд хууль бусын өмнө бууж өгөхгүй гэсэн зорилготой байлаа. Аль ч талаасаа бодсон тэр бүхний ард гарах зорилгодоо хүрч чадсан. Ямар ч холбогдолгүй хэрэг үүсгэж, түүндээ буруутган тулгаж, олон жилийн ял сонсгоод Ганцхудагт гурван сар хорьсон. Гэхдээ түүнд нь бууж өгөөгүй. Шударгаар тэмцээд ард нь гарсан. Давж заалдах шатны шүүх ч гэм буруугүйг маань тогтоосон.

-Та Ардчилсан намын дарга болоод намаа шинэчлэх ажилд шамдан орсон. Энэ намыг удирдах хугацаандаа ямар зүйлийг хийж, юу гэсэн тодотголыг үлдээх бол?

-Эрдэнэ гэдэг хүн хувь хүнийхээ хувьд ямар нэгэн имиж, нэр алдар бүрдүүлэх тухай бодоогүй. Харин ардчилсан хувьсгалд анхнаас нь оролцсон хүний хувьд, ардчиллын төгс ялалт, үр дүнг харах зорилго бий. Өнөөдөр харахад, бидний төсөөлж байснаас ч богино хугацаанд ардчилал нутагшлаа. Эргээд харъя л даа.

-Тэгье. 1989 оныг харж болж байна. Нэг намын дарангуйлал тогтсон. Түүнийг шүүмжлэхээс ч эмээдэг үе л дээ?

-Шүүмжлэх байтугай үзэл бодлоо илэрхийлж чаддаггүй үе шүү дээ. Түүнээс хойш дотоодын нийт бүтээгдэхүүн гэхэд л 5-6 дахин өссөн. Тэр үеийн нийгэм, эдийн засгийн чадавх ямар байлаа. Өнөөдөр ямар болов. Нэг хүнд ногдох бодит орлого хэд дахин өссөн. Монголын нэр хүнд гадаадад нэмэгдсэн. Монгол гэдэг тусгаар улсыг мэдэхгүй байсан шүү дээ. Оросын Монгол уу, Хятадын Монгол уу гэж биднээс асуудаг байлаа. Тэгвэл өнөөдөр бие даасан, тусгаар тогтносон Монгол Улс гэдгийг дэлхий дахинаараа мэддэг болсон. Энэ хувьсгалаас олсон хамгийн гол үнэ цэнэтэй зүйл гэвэл тусгаар тогтнолоо бид олж авсан юм. Монголын нийгэм, эдийн засагт нөлөөлж, улс орны бодлогыг тодорхойлдог гол хүчний даргаар ажиллаад нэг жил болж байгаагийн хувьд, тусгаар тогтнолын баталгааг хангадаг, хамгаалдаг гол хүчин байгаасай гэж Ардчилсан намыг боддог. Энэ зорилгодоо хүрэхийн тулд намын өмнөх удирдлагыг шүүмжилж, харлуулах жижигхэн асуудлыг яримааргүй байна. Харин Ардчилсан нам дээрх ололтоо хадгалж чаддаг, улам цааш баталгаажуулан хөгжүүлж чаддаг. Монгол орны хөгжлийн бодлогыг тодорхойлж, хангадаг хүчирхэг нам байгаасай гэж бодож байна. Ингэхийн тулд Ардчилсан намд асар том шинэчлэл хэрэгтэй. Бидний тавьж буй зорилго гэвэл намын шинэчлэлийг төгс төгөлдөр болгож, намын шинэчлэлээс Монголын шинэчлэл рүү маш том алхам хийе гэсэн л зорилго бий. Түүний төлөө ч ажиллаж байна.

-1989 онд та бүхний зорьж байснаас хожмоо өөрөөр эргэсэн зүйл бий юу. Эсвэл үр дүнд хүрээгүй зорилт юу байна вэ?

-Алдаагүй зүйл гэж байхгүй. Бүхэл бүтэн нийгмийг өөрчлөх гээд явж буй том үйл явцын дунд олон алдаа гарна. Алдаа байсан. Гэхдээ ололт нь их. Өнөөдрийн ардчилсан ололтыг үгүйсгэж, түүнийг харлуулах гэж улайрч байгаа хүмүүс нэг л зүйлийг ойлгох ёстой. Өнөөдөр Монгол Улс харьцангуй хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, нийгмийн өөрчлөлтийг маш богино хугацаанд эрчимтэй хийж буй улс болж чадсан. Хэдийгээр алдаа, оноотой ч бай Монгол бие даасан тусгаар улс болж чадсан гэдгээ л ойлгох ёстой.

-Нийгмийн болж, бүтэхгүй байгаа бүхий л зүйлсийн үндэс нь Үндсэн хуульд байна гэж ярих болжээ. Гэхдээ судлаач нар болгоомжилж байна. Нэг нам дангаараа эрх барьж буй ийм үед хийх ажил энэ мөн үү?

-Манай нам ч эсэргүүцэж байгаа. Нэг нам хэт олонх болчихсон, дээр нь гаргаж байгаа ааш, араншинг нь хар. Амлалтаасаа буцаж, нийгэмд маш олон шүүмжлэл дагуулж байгаа ийм улс төрийн хүчин Үндсэн хуульд гар хүрэх нь ёс суртахууны хувьд болно гэдэгт эргэлзэж байна.  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл бий. Цаг хугацааны хувьд хуучирсан, өөрчилж шинэчлэх шаардлагатай зүйл бий. Анхнаасаа ч буруу бодоод суулгачихсан зарим нэг заалт бий. Тэгэхээр тэрийг засах шаардлага бий. Хамгийн гол нь Үндсэн хуульд Үндсэн хуулийн бус аргаар халдах гэж байгааг Ардчилсан нам үгүйсгэж байгаа юм. Зөвшилцөх санал асуулга гэж Үндсэн хуульд байхгүй зүйл гаргаж ирээд, түүнийгээ хуульчилж, түүндээ дандаа өөрийн намын гишүүд, томилсон төрийн албан хаагчдыг хүчээр оролцуулж, санал асуулга авсан мэтээр олон түмний тархийг угааж байгаа нь Үндсэн хуулийн эсрэг үйлдэл юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг Үндсэн хуулийн журмын тухай хууль гэж бий. Энэ хуулийн дагуу бүх ард түмний санал асуулгаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг шийдэх ёстой. Ард түмэн Үндсэн хуулийг өөрчлөх нь зүйтэй гэж үзвэл яг юу юунд өөрчлөлт оруулах вэ гэдгээр бүх нийтийн саналыг аваад, бүх талын оролцоог хангасан зөвшилцлийн зарчмаар өөрчлөлт оруулах ёстой. Түүнээс аль нэг нам дангаараа санаачилж, хүчээр хийх гэж оролдвол гэмт хэрэг. Монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа нь Үндсэн хууль. Тиймээс хэн дуртай нь хүрч болохгүй.

-Өнөөдөр та Монголын бодлогыг тодорхойлогч хоёр том намын нэгийг нь удирдаж байна. Энэ хугацаанд таны баримталж ирсэн зарчим юу вэ. Залууст хандаж та юу зөвлөх бол?

-Хүн зорилготой байх ёстой. Зорилгодоо үнэнч, тууштай байх хэрэгтэй. Өвөг дээдэс маань ч ярьдаг шүү дээ. Өмнөө тавьсан зорилгогүй хүн сохор хүнтэй адил гэж. Зорилгогүй хүн юуг ч хийнэ, юуг ч эс хийнэ. Сохор хүн шиг л тэмтчээд явна гэсэн үг шүү дээ. Аз таарвал хожно. Гэхдээ ихэнхдээ алдана. Зорилготой байна гэдэг амьдралын маш том философи. Гэхдээ зорилго гэхээр заавал улс төрийн байх албагүй. Улс орондоо юу хийж, бүтээж, ирээдүйд ямар хүн болж төлөвших вэ гэдгээ тодорхойлж, түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөх нь чухал. Тэгж гэмээнэ амжилтад хүрнэ. 1989 онд бидний үеийн залуус ардчилал, шударга ёс, эрх чөлөө гэсэн хүн төрөлхтний одоогоор бий болгосон хамгийн зөв замыг сонгохыг зорьсон. Энэ зорилгоосоо ухралгүй өнөөг хүртэл явж байна. Энэ нь ч зөв байжээ гэдгийг өнгөрсөн 28 жил харуулж байна. Гэтэл маш олон залуус өнгөрсөн нийгмийг үзээгүй байж ардчиллыг муулж, харлуулах гэж оролддог болжээ. Тухайн үеийн дарга, мяндагтнуудын явуулга, буруу сурталчилгаагаар толгойгоо цэнэглээд ардчиллыг нулимж, үгүйсгээд байна. Үнэндээ бидэнд тусгаар тогтнол ч байхгүй, өөрийн гэсэн өмч ч байхгүй, ер нь юу ч байгаагүй шүү дээ.

Сүүлийн 300 жил бид бусдын хараат байсан. 200 гаруй жил нь Манж, Хятадын, 1921 оноос хойш 70 жил Оросын коммунистуудын заавраар дарлуулсан шүү дээ. Үгүй гэвэл яахаараа тусгаар Монголын 700 гаруй сүм, хийдийг газрын хөрснөөс арчсан юм. Яахаараа 40 мянган эх орончдыг нь буудан хороож,  Тусгаар Монголын зургаан Ерөнхий сайдыг Орост аваачиж хороодог юм бэ. Энэ тусгаар улс мөн үү? Яахаараа тусгаар улсын бичиг, соёлыг устгадаг юм бэ? Бидний бахархал болсон Эзэн Богд Чингис хааныхаа нэрийг хэлж чаддаггүй тийм тусгаар улс гэж байдаг юм уу? Ингээд яривал асуудал өөр шүү. Монгол орон бол өнгөрсөн 70 жилд ЗХУ-ын түүхий эдийн бааз л байсан. Бид үнэ цэнэ, бодит ялгаагаа харахгүй байна. Өнөөдөр л ажилгүйдэл бий болсон юм шиг ярих болж. Өмнө нь ч ажилгүй маш олон хүн байсан. Ажилтайгийнх нь цалин амьдралаа залгуулж хүрдэггүй л байсан шүү дээ. Айлаас давс, хогийн шүүр гээд гуйхгүй юмгүй байлаа. Дэлгүүрт давс, туранхай махнаас өөр зүйлгүй байлаа. Өнөөдөр харин мөнгө нь байвал хүнд хэрэгтэй бүх зүйл байна. Ингээд яривал олон зүйлийг ярьж болно. Бид чинээлэг, хүнлэг, энэрэнгүй, боловсролтой иргэдтэй ардчилсан Монгол Улс байгаасай. Түүнийг зорилгоо болгоосой л гэж хүсэж байна.

Сэтгүүлч: Н.Оюунцэцэг

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn