УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, А.Сүхбат нар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентийн холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хорооны гишүүнээр ажиллаж байгаа. Тэд өчигдөр энэ асуудлаар МҮОНТ-ийн нэвтрүүлгийн ярилцлагад орохдоо Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийн хэсгээс гаргалаа.
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих байрны зоорийн давхарт 2015 оны есдүгээр сард хийсэн бичлэгт Б.Содномдаржааг хоёр хоригдол ээлжлэн шөнийн турш зодож, галуун цуваагаар алхуулж, савтай ялгадсаа дээрээс нь асгах, элдэв муу үгсээр хараах зэргээр тамлаж буй нь бичлэгт үлджээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Тэд таван өдрийн турш ээлжлэн Б.Содномдаржааг унтуулахгүй тамлаад өрөөнөөс гарахад зөрөөд ШШГЕГ-ын ажилтан орж ирж, Содномдаржааг үргэлжлүүлэн зодож, нүдсэн. Төрийн албан хаагч шүү дээ. ШШГЕГ-ын энэ ажилтан одоо яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. Үүнийг бид эрүүдэн шүүлт гэж үзэж байна” гэв.
Мөн Чимгээгийн өрөөнд шөнө хүн амины олон удаагийн хэрэг үйлдсэн Ц.Содномдаржааг оруулж, “Хэргээ хүлээн” хэмээн айлгаж, хараалын үг урсгаж буй бичлэгийн хэсгээр үзүүлэв. Чимгээг 110 хоногийн турш ШШГЕГ-ын пудволын хүйтэн өрөөнд хорьж, усанд оруулах, хувцсаа солих ч боломж олгоогүй” хэмээн УИХ-ын гишүүн Л.Болд тайлбар хийв.