//Жүжигчин Д.Баттөмөр “Трио” нэртэй кино бүтээжээ

Жүжигчин Д.Баттөмөр “Трио” нэртэй кино бүтээжээ

Монголын дауны холбооны гишүүн, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн жүжигчин Д.Баттөмөрийн найруулж буй “Трио” кинонд дүр бүтээжээ.

Энэхүү кино нь даунтай хүүхэд анх удаа тоглосон, мөн даунтай иргэний дүрийг онцлон гаргаж байгаа Монголдоо анхдагч бүтээл болох гэж буйгаараа онцлог юм.

Монголын дауны холбоо болон хүүгийн гэр бүл, ангийн багш Агиун тус кинонд зөвлөгөө өгч, хамтран ажилласан байна.

“Дауны хам шинж бие, хэл, сэтгэл мэт гуравласан хромосомоос үүдэлтэй. Асуудал дүүрэн дэлхий ертөнц, төвөг ярвигтай орчин цагт хүмүүний аз жаргалын томьёог даунтай хүнээс олох боломжтой. Бид даунтай иргэний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч чадвал тэд бидэнд амьдралын утга учрыг мэдрүүлдэг.

Даунтай хүнээс дөлдөг, хэт өрөвдөх эсвэл ялгаварлан гадуурхдаг, түүнчлэн “монголоид, монголизм” гэх үгстэй холбон бүдүүлгээр тайлбарлах хандлага манай нийгмээс арилаагүй хэвээр л байгаа. Дэлхий олон хэлээр ярьдаг ч бидэнд дундын ганц л хэл байдаг. Энэ бол хайр. Бид хэнийг ч үлдээх ёсгүй. Эцсийн эцэст хүмүүн гэх өчүүхэн бид бүгдээрээ эцэг тэнгэр, эх дэлхийн хаялага дор эрт, эдүгээ, ирээдүйн гурамсан холбоон (трио) дундаас зугтан орших ямар ч аргагүй билээ” хэмээн Монголын дауны холбооноос мэдээллэв.