//Дэвших эсэх нь эргэлзээтэй Ерөнхийлөгчийн санал авах гол бай нь казахууд

Дэвших эсэх нь эргэлзээтэй Ерөнхийлөгчийн санал авах гол бай нь казахууд

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулаад байна. Энэ удаагийн сонгуульд одоогийн Ерөнийлөгч Х.Баттулга дэвших эсэх асуудал эд яригдаж байна. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэр дэвших эрхгүй гэж нэг хэсэг нь хэлж байгаа бол нөгөө хэсэг нь дэвших эрхтэй хэмээн мэтгэсээр байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн зохицуулалтын дагаж мөрдөх хугацаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдрөөс буюу өнгөрөгч оны тавдугаар сарын 25-нд хэрэгжиж эхэлсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн анх барьсан төсөлд Ерөнхийлөгчийг хэдэн удаа, хэрхэн сонгох тухай зохицуулалтыг 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгасан байсан ч хэлэлцүүлгийн явцад уг заалтыг хасаж одоогийн Ерөнхийлөгч дахин сонгогдох боломжгүй болсон гэж хуульчид үзэж байгаа.

Гэтэл нөгөө талд одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан учраас Ерөнхийлөгч Х.Баттулга болон урьд нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүмүүс дахин сонгогдох эрхтэй гэж тайлбарлах хэсэг ч бий. Энэ ойлголтоор цааш явж одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшинэ гэж үзвэл үүнийг Үндсэн хуулийн цэц хэлэлцэн шийдвэрлэх шаардлага үүсэх юм. Тэгдэг байлаа гэхэд анхлан нэр дэвшиж төрийн нэгдүгээр хүний суудалд заларч асан АН-аасаа ахин дэвших ч эргэлзээтэй хэвээр байна.

Ямартай ч Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшихээр бэлтгэлээ базаагаад эхэлсэн нь бүрэн эрхийн сүүлийн саруудад хийж буй үйлдэл, гаргаж буй шийдвэрээс нь тодорхой харагдаж байна.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, гуравдугаар сарын наймны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ял эдэлж байсан нярай болон олон хүүхэдтэй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 21 ээжид, мөн гуравдугаар сарын 22-ны Наурызын баярыг тохиолдуулан зурагт, зуух, гар утас хулгайлсан гэх мэт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий казах иргэдэд уучлал үзүүллээ.Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 407, 461, 419, 445, 429, 425 дугаар хорих ангиудад ял эдэлж байсан нийт 31 иргэнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлжээ.

Энэхүү уучлал бол сонгуулийн өмнө оноо цуглуулах хамгийн таатай тактик гэж харагдахаар байна. Баян-Өлгий аймгийн хувьд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд 97 хэсгийн хороонд нийтдээ 64662 иргэн санал өгөхөөр жагсаалт гарч байсан. Харин Монгол Улсын хэмжээнд нийтдээ 128 мянган казах иргэд амьдарч байна.