//“Оюутны хөгжлийн зээлийн санхүүжилтийг ирэх сард олгоно”

“Оюутны хөгжлийн зээлийн санхүүжилтийг ирэх сард олгоно”

Оюутнуудын дунд оюутны хөгжлийн зээлтэй холбоотой санал хүсэлт ихээр гардаг. Тэгвэл 2020-2021 оны хаврын семистрийн зээлийн санхүүжилтийг одоог хүртэл олгоогүй болохыг оюутнууд хэлж байгаа юм. Иймд оюутны хөгжлийн зээлийн санхүүжилт, эргэн төлөлтийн талаар Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболдоос тодрууллаа.


-Энэ хичээлийн жилд нийт хэчнээн оюутан оюутны хөгжлийн зээлд хамрагдах хүсэлтээ өгсөн бэ?

-Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 онд нийт 4753 оюутан зээлд хамрагдсан. Харин 2021 оны хоёрдугаар сарын 1-нд Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Сангийн сайд нарын хамтарсан А34/08 тушаал гарсан. Уг тушаалын дагуу нийт 19 тэрбум төгрөгийн санхүүжилтийг оюутны хөгжлийн зээлээр дамжуулан оюутнуудад олгохоор болсон.

Үүнээс 2020-2021 оны намрын улирал буюу өмнөх семистрт Боловсролын зээлийн санд хүсэлтээ гаргасан 5028 оюутанд 8.1 тэрбум төгрөг,  2020-2021 оны хаврын семистрт 6635 оюутанд 9.9 тэрбум төгрөгийн зээлийг олгоно.

-Оюутны хөгжлийн зээлийн санхүүжилтийг хэзээнээс олгож эхлэх вэ?

-Энэ долоо хоногтоо багтаж 2020-2021 оны намрын улиралд хүсэлт гаргасан 5028 оюутны сургалтын төлбөрийн санхүүжилтийг олгоно. Харин хаврын семистрын санхүүжилтийг дөрөвдүгээр сард олгохоор төсвийн хуваарьт тусгасан.

-Жил бүр зээлд хамрагдах оюутнуудын хяналтын тоог хаанаас, хэрхэн тогтоодог юм бэ?

-Оюутны хөгжлийн зээлийн хяналтын тоог боловсролын шатлал, хөтөлбөр, сургууль тус бүрээр төрийн захиргааны төв байууллагуудын саналыг харгалзан салбар яам болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар тогтоодог.

-Оюутны хөгжлийн зээл олгох процесс хэрхэн явагддаг вэ?

-Оюутан өөрийн сурч буй их, дээд сургуульдаа зээлээр суралцах хүсэлтээ гаргана. Сургуулиас тав хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй комисс томилогдож, зээлийн хүсэлт гаргасан суралцагчдаас сонгон шалгаруулалтыг хийж, шалгарсан нэрсийг Боловсролын зээлийн санд ирүүлдэг. Эдгээр нэрсийн дагуу батлагдсан хяналтын тооны дагуу оюутны хөгжлийн зээлийн сан шийдвэрлэдэг.

Одоогоор Боловсролын зээлийн сан бүх үйлчилгээгээ цахим болгохоор ажиллаж байна. Эхний байдлаар 12 их, дээд сургуулийн суралцагчдад оюутны хөгжлийн зээлийг цахимаар олгох програм хангамжийн системийг туршиж байна.

Ингэснээр оюутнууд зээлийн сантай харилцахдаа тухайн системээр дамжуулан Боловсролын зээлийн сангаас үзүүлж буй бүх үйлчилгээний талаар  мэдээ, мэдээллэл авах боломжтой болно. Энэ жилийн хувьд оюутнууд цар тахлаас үүдэн хөдөө орон нутагт байгаа тул зээлийн хүсэлтийг гаргахад асуудал үүсч байна. Иймд цахим шилжилтийг нэвтрүүлэхэд анхааран ажиллаж байна.

-Оюутнууд их, дээд сургуулиа төгсөхөөс өмнө зээлээ төлөхийг хүссэн тохиолдолд хаана хандаж, ямар дансанд байршуулах вэ?

-Засгийн газрын 46 дугаар тогтоолын 1.5 заалтад “Зээлдэгч их, дээд сургуулиа төгссөнөөс хойш зургаан жилийн дотор зээлийг төлж дууссан байх ёстой” гэж тусгасан. Зээлээр суралцаж төгссөн төгсөгчид зээлээ хугацаанаасаа өмнө төлөх бүрэн боломжтой. Хэрвээ зээлээ хугацаандаа төлөхгүй бол бусад зээлтэй адил зээлийн мэдээллийн санд муу түүх үүснэ.

Иймд зээлээр суралцаж төгссөн төгсөгчиддөө зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тал дээр анхаараарай гэж зөвлөе. Зээлийн эргэн төлөлттэй холбоотой бусад мэдээллийг 7004-7009 гэсэн утсаар холбогдон авч болно.

-Төрийн сангийн буцалтгүй тусламжаар суралцаж байгаа оюутнуудад зориулж улсаас энэ жил хэр хэмжээний хөрөнгө төсөвлөсөн бэ?

-Бүх их, дээд сургуулиудад Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны гуравдугаар сарын 15-нд тушаал гарч, чиглэл хүргүүлсэн. Өмнөх жилүүдэд дундажаар оюутны буцалтгүй тусламжийн 6500 орчим оюутны 11 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан.

Харин энэ жилийн хувьд оюутны буцалтгүй тусламжид улсын төсвөөс 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвлөсөн. Зээлтэй холбоотой үүссэн бусад асуудлыг сургуулиуд өөрсдөө зохицуулж ажиллах чиглэл хүргүүлсэн.

Ц.