//Х.Мандахбаяр: Би МСНЭ-ийн ерөнхийлөгчийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр түтгэлзэж байна

Х.Мандахбаяр: Би МСНЭ-ийн ерөнхийлөгчийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр түтгэлзэж байна

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдээлэл хийж, МСНЭ-ийн ерөнхийлөгчийн сонгуульт ажлаас өөрийн хүсэлтээр түдгэлзэж буйгаа мэдэгдлээ.

Х.Мандахбаяр, Тост, Тосон бумбын асуудлаар сэтгүүлчдийн сурвалжлах баг гаргасан. Сэтгүүлчид өөр өөрийн үзэл бодлоор хандаж, асуудалд хараат бусаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан.

Би Өмнөговь аймгийн хүн, нутгийнхаа газар нутгийг хамгаалахын төлөө үргэлжлүүлэн тэмцэнэ. Тосонбумбатай холбоотойгоор би Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан. Тус нутагт байдал хоёр жилийн өмнөхөөс дордсон байна. Мэргэжлийн байгууллага ажиллаж, шударга дүгнэлтээ гаргах байх.

2-рт, Би хотын даргыг шантаажлаагүй, 400 сая төгрөг нэхээгүй. Энэ хүн намайг хэвлэлээр эрээ цээргүй гүтгэж байна. Би энэ хүнийг танина, найз нөхөд гэж явсан үе ч бий. ТВ-8 телевизийг би худалдаж авсан. Манай телевиз “Зүүн баян Рефайнери” компани Туулын бургас хядаж барилга барьж байгаа тухай нэвтрүүлэг хийсэн даруйд телевизийн эфирийг хаасан. Одоо хүртэл телевизийн эрхийг нээгээгүй. Би хувийн телевизийнхээ эрхийг хамгаалах гэж ирээгүй. Үүний цаана хэвлэн нийтлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө байгаа.

Нийслэлийн засаг дарга хувийн компанийнхаа эрх ашгийг хамгаалахын төлөө Хотын төсвөөр хаалтын гэрээ хийсэн. Намайг, миний гэр бүл, үр хүүхэд, ижий аавыг дарамтанд оруулж байна.

3-рт, Би сүүлийн хэд хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн худалдагддагийг харлаа. Үнэн хүчгүй байна. Мөн өгсөн хүний төлөө юу ч гэж худлаа мэдээлдэг болсон байна. Үнэний төлөө, хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэх ёстой юм байна.

Иргэдийн мэдэх эрхийг хангах ёстой сэтгүүлчид худалдагдсан нь үнэн. Би ингэж хэлснийхээ төлөө ард түмнээсээ уучлал хүсэж байна. Сэтгүүлзүйг эрүүлжүүлэхийн төлөө тэмцэх ёстой юм байна. Улаан цайм мөнгө авч худлаа мэдээлэл цацдаг найз нар, итгэж явсан дүү нараасаа ичиж байна. Би өнөөдөр МСНЭ-ийн ерөнхийлөгчийн албан тушаалаас түдгэлзэх өргөдлөө өнөөдөр өгнө. Нэг зүйл хэлье. Хотын дарга С.Амарсайхан хууль бус үйлдлүүдээ шалгуулах хүртлээ албан тушаалаасаа түдгэлзэхийг шаардаж байна. С.Амарсайхан дарга хотын дарга байх эрхгүй гэж үзэж байна.

Намайг 400 сая төгрөг нэхэмжилсэн гэж гүтгэсэн. Энэ асуудлыг цагдаа шалгаж эхэлсэн. Энэ бүхнийг эцэслэн шийдвэрлүүлэх хүртэл С.Амарсайхан дарга хотын байх ёсгүй. Сэтгүүлч нөхөд минь надад итгээч, энэ салбараа хайрлаач ээ. МСНЭ-ээ дэмжээч ээ.

Сэтгүүлчид надад үл итгэсэн байдал гаргаж байгаа учир би ажлаа өгч байгаа юм. Би МСНЭ-ийн ерөнхийлөгч болсноороо нутаг орныхоо бүрэн бүтэн байдлыг хамгаалж чадахгүй, шударга ёсны төлөө тэмцэх боломжгүй болсон юм бол би МСНЭ-ийн Ерөнхийлөгч байх хэрэггүй юм байна гэж үзсэн. Би энэ албанаас түдгэлзсэн ч сэтгүүл зүйн салбартаа ажиллана, үнэний төлөө тэмцэнэ. Монголын сэтгүүлзүйг эрүүлжүүлэхийн төлөө тэмцэх болно гэв.