//УИХ-ын Тамгын газрынхан 2020 оны үйл ажиллагааны үр дүнгийн тайлангаа хэлэлцлээ

УИХ-ын Тамгын газрынхан 2020 оны үйл ажиллагааны үр дүнгийн тайлангаа хэлэлцлээ

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан, Дэд дарга Э.Баттулга нар (2021.03.09-10) УИХ-ын Тамгын газрын газар, хэлтсүүдийн 2020 оны үйл ажиллагааны тайланг хоёр өдрийн турш сонсож, хэлэлцлээ.

УИХ-ын Тамгын газар нь Хууль, эрхзүйн газар, түүний харьяа Эрхзүйн дүн шинжилгээний хэлтэс, Хуралдаан зохион байгуулах хэлтэс, Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтэс; Хяналт шалгалт үнэлгээний газар, түүнйи харьяа Хяналт шалгалтын хэлтэс, Төсвийн хяналт, шинжилгээний хэлтэс; Дотоод аудитын алба, Гадаад харилцааны хэлтэс Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Санхүү, хангамж үйлчилгээний хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Парламентын судалгааны хүрээлэн гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр Улсын Их Хуралд мэргэжил аргазүй, техник, зохион байгуулалтын дэмжлэг, туслалцаа үзүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тайлан хэлэлцэх арга хэмжээнд Газар, хэлтсүүдийн дарга нар 2020 оны үйл ажиллагааны тайлангаа илтгэж, удирдлагууд тайлантай холбогдуулан асуулт асууж, хариулт авснаас гадна цахимаар оролцсон ажилтнууд санал хүсэлтээ илэрхийллээ.

Зарим газар, хэлтсийн тайлангаас үзвэл  Хууль, эрхзүйн газрын хувьд өнгөрөгч онд Байнгын, дэд, түр хороо болон нэгдсэн хуралдаанаар 600 хууль, тогтоолын төсөл, 25 тайлан илтгэл, мэдээлэл, хяналт шалгалтын дүнг хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж, нэгдсэн хуралдааныг 63 удаа, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг 226 удаа, Улсын Их Хурлын даргын захирамж, байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 147 ажлын хэсгийн хуралдааныг 303 удаа тус тус зохион байгуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажилласан байна.

Хуралдаан зохион байгуулах хэлтэс гэхэд  148 боть 26.482 хуудас хууль, тогтоолын хувийн хэрэг,  26 боть, 5051 хуудас хуралдааны тэмдэглэл, 35 боть, 6302 хуудас Байнгын хороодын баримт бичиг, мэдээ мэдээлэл, тайлан танилцуулга, 6 боть 1608 хуудас ажилтнуудын гүйцэтгэлийн төлөвлөгөө тайлан, 13 боть 2318 хуудас батлагдсан хууль тогтоолын эхийг архивын нэгж болгон архивт шилжүүлжээ.

Мэдээллийн технологийн хэлтсийн хувьд цар тахлын нөхцөлд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг цахимаар явуулах техникийн шийдлийг боловсруулан амжилттай нэвтрүүлсэн. Энэ хүрээнд MyParliament цахим системд онлайн санал хураалтын модулийг шинээр нэмж хөгжүүлж, онлайн хэлэлцүүлгийн программыг албан ёсны эрхтэйгээр ашиглаж байна. Мөн хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх цахим системийг хөгжүүлэн, Улсын Их Хурлын үйл ажиллагаанд нэвтрүүлж, хуулийн төсөл боловсруулах lawmaker.parliament.mn, хуулийн төсөлд санал авах lawforum.parliament.mn гэсэн 2 дэд хэсэгтэйгээр ажиллуулж эхэлсэн талаар тайландаа онцоллоо.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс нийгмийн сүлжээний шинэ сувгуудыг ашиглах, хөгжүүлэхийг чухалчилж, мэдээ мэдээллийн агуулга, хэлбэр, хүртээмжийг нэмэгдүүлэхийг 2020 оны гол зорилтоо болгон ажилласны зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хууль, тогтоомжийн эмхэтгэл “Төрийн мэдээлэл”-ийг үндэсний монгол бичгээр хэвлэж эхэлсэн байна.

Тайлангийн хурал газар, хэлтэс, нэгжүүдийн хувьд харилцан бие биенийхээ үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн, нэг нэгнээ сонссон, шинэ санал, санаачилга гаргасан, өнгөрсөн оны алдаа, оноогоо хэлэлцэж, ирэх жилүүдийн зорилго, төлөвлөгөөгөө дэвшүүлж, үйл ажиллагаагаа уялдуулах боломжийг олгосон, үр дүнтэй арга хэмжээ болсныг Тамгын газрын удирдлагууд онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.