СЭНГЭЭГИЙН БАЯРМӨНХ: ХЭВЛЭЛИЙН МАГНАТ “КОМУН” БАЯРАА

access_time 2019-05-30
remove_red_eye 59

“Бидний бага нас маш “сонин” нийгэмд өнгөрчээ” гэж тэрбээр хэлэв. Тухайн үедээ бололцоотой гэх айлын хүүхдүүд ч тийм байдлыг нүдээр үзсэн гэж тодотголоо. Өмсөж зүүхийн тухайд олигтойхон нь ховор, олоод өмсвөл “бариа” хийлгэнэ. “Сэгсгэр” нэртэй малгайг анхны эзэн нь өмссөнөөс хойш хэдэн ч хүний толгой дамжихыг таашгүй. Автобусанд орох хооронд шүүрүүлээд, харанхуйд явбал улаан нүүр рүүгээ тэс цохиулдаг тийм л нийгэм байлаа гэж ярингаа тэсгэлгүй баахан инээв. Нээрэн л хотын төвийнхөн, тэр үеийнхний ихэнх амьдардаг гэр хорооллын хаа сайгүй дэггүйтэж явсан хүүхэд, залуусын тухай хүн бүхэн одоо дурсан ярьдаг.

Тэдний гудамжинд асрах төвийн сургууль төгссөн нэг бүсгүй улсаас олгосон жижигхээн шавар байшинд амьдардаг байсан нь нүдний өмнө өнгөрөх үйл явдлуудын гэрч болжээ. Тэр эгчийнд хотын  атаман, овгор бараг бүх залуучууд ирдэг. Үргэлжийн зодоон нүдээнтэй. Хотын атаман ах нар хамгийн хөөрхөн охидтой үерхэж, булаацалдан зодолдоно. Энэ дунд хэрэгт дурлан гүйлдэхдээ халаасны хулгайч хүүхдүүд лаазалсан мах, загас авчирч тансаглахад түүнээс нь хүртэхээ ч мэднэ. Одоо санахад тав, зургадугаар ангийн болов уу гэмээр сэргэлэн нь дэндсэн жаалуудыг том ах нар зодож, дээрэмдэхийг харж нүд хальтирч явахдаа “Ийм замаар л явж болохгүй шүү” гэж бодсон гэдэг. Хичээл номдоо шамдангуй түүнийг өнөөх гудамжны хулигаан гэгдэх хүүхдүүд “Комун Баярааг зодно оо” гээд замд отох энүүхэнд. Заль гаргаж хэд хоног нийлсэн болоход нь тун дуртай. “Хүн өөрөө л сайн явахгүй бол хэн ч намайг гэхгүй” гэдэг үзэл өсвөр насанд нь төлөвшсөн гэдэг.

С.Баярмөнх 11 хүүхэдтэй айлын тав дах нь. Аав Сэнгээ нь Цэргийн оёдлын үйлдвэрт оёдолчин хийж, ээж нь тэтгэвэрт гартлаа Барилга трестийн газар ажилласан. Аль аль нь хүнд хүчир ажил эрхэлж, норм биелүүлэхийн төлөө зүтгэдэг социалист нийгмийн нийтлэг хэв шинжээс гажаагүй билээ. Олон хүүхэдтэй учраас аав нь бусдаас илүү ажиллаж, гэртээ даавуугаа барьж ирээд ажлаа үргэлжлүүлэх ердийн үзэгдэл.

Хамгийн том эгч Наранмөнх нь \нас барсан\ дүү нарынхаа хүмүүжилд онцгой үүрэг гүйцэтгэжээ. Аав, ээж хүүхэд бүртэй тулж ажиллах боломжгүй тул дүү нараа захирдаг байв.  Ах, эгч нар нь бүгд дээд сургуульд сурч “Сэнгээгийн хэдэн хүүхэд л гадагшаа дээд сургуульд явах юм” гэж хөршүүд цагаахан атаархснаа нуулгүй ярилцана. Тэр үеийн 100 айл дахь гудамжны хүүхдүүдээс дээд сургуульд тун цөөхөн нь орно.

Харин мань эр аравдугаар ангиа төгсөхдөө ЗХУ-ын Украйны Львов хотноо Цэргийн дээд сургуулийн сэтгүүлчийн ангид суралцах хуваарь авав. “Би Львовт сурсандаа их баярладаг. Үнэнийг хэлэхэд мөнгөний үнэ цэнийг мэдэрсэн. Стипенд гээд 90 рубль авна, тэр нь дороо дуусчихна. Гангалмаар, нэг найз охиноо кинонд урьчихмаар байдаг. Львов Польшийн нутагтай ойр байсан болохоор ардчилалтай, ЗХУ гээд тэр том зах зээл рүү Львовоор дамжиж наймаа хийгддэг. Хөгжимтэй цаг, жийнсэн өмд гээд тэндээс авсан бараагаа өөр хотод аваачиж нугалж зарна. Монголоос тарваганы арьс, нэхий дээлээ зөөнө. Мөнгөтэй харьцаад ирэхээр мөнгө олох аргыг сайн сурдаг. Манай Львовоос сайн бизнесменүүд, улс төрч гарсан. Гурав дөрвөн сургуулийн 50-иад монгол оюутнаас манай сургуульд 25 нь байсан. Ерөнхийлөгч Элбэгдорж хүртэл гарлаа шүү дээ. Бид Польшийн бүх хаалттай киног үзнэ. “Америкийн дуу хоолой” нэвтрүүлгийг сонсдог байлаа. Львовт байнга жагсаал цуглаан болно, Горбачевийн өөрчлөн байгуулалт тэндээс эхэлсэн. Монголын ардчилалд Элбэгээ тэр сургуульд сурсан явдал нөлөөлсөн ч байж магадгүй” гэлээ.

40 улсын оюутан суралцдаг цэргийн сургуульд дасахад түүнд хэцүү санагдсангүй.

ЭЭЖИЙГЭЭ МОСКВАД УРИВ

“Аав нь наймдугаар анги төгсөх жил нь өөд болчихсон. Ээж нь хүүгээ Орос руу сургуульд явж өөрийг нь бүр алтан Москвагийн Улаан талбай үзүүлсэнд нь баярлаж бахархсан гэнэлээ.  “Москвагаар сонин юу байна” гэсэн чинь “Өө, ёстой оочергүй, пропускгүй оруулдаг орос дэлгүүр зөндөө шүү” гэдэг онигоо бий. Засаг төр ажилчин, малчдын хүүхдийг бодлогоор ийнхүү бэлтгэж ирсэн явдал олон аав, ээжийн магнайг тэнийлгэж, нүдийг нээсэн юм. “Ээждээ монетон ээмэг, бөгж авч өгч эрхлүүлсэн. Бөөн баяр л байв” гэж ярьчихаад араас нь “Ер нь тэгээд ээмэг бөгж зүүж явсан ч юм уу, үгүй ч юм уу” гэхэд аливаад анзааргагүй эр хүний зан цухасхийх.

Угийн хошин мэдрэмж өндөртэй хүү нь ээжийгээ улаан талбайд Лениний мавзолей үзүүлэхдээ харин ч нэг хоржоонтой юм шиг атлаа цайлган дүрсгүйтэхээ мартсангүй. Лениний бунхан гэж шууд хэлсэнгүй. Ээж нь гайхан, тонгойгоод “Энэ амьд юм уу, үхсэн юм уу” гэхэд нь “Бунхалчихсан шүү дээ” гэтэл “Нэг их үзсэн хүн байх чинь вэ” гэж бувтнана. “Нөгөө Ленин багш чинь мөн үү” гэхэд нь “Биш ээ, биш. Та хамаагүй  ярьж болохгүй, буутай цэрэг харж байгаа биз дээ. Гурав хоног суулгана шүү” гэхдээ инээдээ барьж ядна. Ээж нь ирсэн хойноо эл үзэгдлийг “Үгүй мөн сонин оо. Хөөрхий амьтан, нүдээ аньчихсан. Сахлаар нь танилаа шүү дээ” гэж арваад хоног танилууддаа ярьж явсан гэдэг. Дөч гарсан ээжийгээ дүүрэн ачлалтай хүү нь ийнхүү юм, юм үзүүлээд буцаасныгаа дурслаа.

 

ГЭР БҮЛ БА “УЛААН-ОД” СОНИН

Львовийн сургууль төгсөх жилээ орос дэлгүүрээс нөөшилсөн мах авахаар гадна нь зогсож байтал             /зарим хүмүүс голчлон дарга, сэхээтнүүд пропуск буюу үнэмлэхээр мэргэжилтний гэж нэрлэгдэх орос дэлгүүрээр үйлчлүүлж эрх ямба эдэлдэг байв\ жижигхэн биетэй, цэвэрхэн царайтай охин таарахад нь хил давах, оюутны хүнсээ захиж авахууллаа. Дэлгүүрээс гараад гүйтэл усан бороо цутгаж, урд талд өнөөх охин шүхэр барьчихсан алхална. “Автобусны буудал хүртэл зонтик дор чинь хоргодчих уу” гэтэл “Тэг ээ, тэг” гэж байна. Түүнээс салахдаа “Утасны дугаараа үлдээгээч” гэвэл гэрийнхээ утсыг хэллээ. “Явахаасаа өмнө залгатал үнэхээр мөн байсан шүү. Тэгээд л танилцчихсан. Заяаны ханьтайгаа ингэж л учирсан” гэв. Сургуулиа төгсөөд ирэв. Мөнөөх л анхны харцаар дурласан охинтойгоо гэрлэж, хадмындаа хэсэг амьдраад орон сууц худалдан авлаа. Хадам аав нь НАХЯ-ны, тагнуулын газар насаараа ажиллаад, 2014 онд орчлонгийн мөнх бусыг үзүүлжээ. Цэргийн сэтгүүлч, шинэхэн төгсөгчид “Улаан-Од” сонин үүдээ нээв.

Тэрбээр нэгдүгээрт гэр бүлээ тавьдаг манайхны нэрлэдгээр жинхэнэ мужык. “Охин хүүхэдтэй хүн их хариуцлагатай амьдрах ёстой юм байна. Үр хүүхэдтэй хүн зөв чиглүүлэхгүй бол олон юманд алдаж, буруу гишгэчих, зайлшгүй хэрэгцээт зүйлс олонтой сонин нийгэм л дээ. Би нэг талаар энэ цаг үеийг зэрлэг капитализмд амьдарч байна гэж хардаг” гэлээ. Түүний хоёр дахь гэр бүл “Улаан-Од” сонин болж хувирав. Б.Чантуу эрхлэгчийнхээ хатуу шаардлагад нийцүүлэхийн тулд бүх л сурсан мэдсэнээ амьдралын дадлагатай сүлнэ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн асан Т.Ганди болон үзэг нэгт нөхдүүдтэйгээ хамтдаа бэлтгэгдэж өнгөрөөсөн он жилүүдээ дурсах дуртай.

Сенсаци хэрхэн хийдгийг “Улаан-Од”-ын ах нар ойлгуулсан гэж тэр ярьдаг. “Манай Чантуу эрхлэгч их зоригтой. Бид 890 төгрөг авна, тэр нь сэхээтнүүдийн хамгийн дээд цалин. Дээр нь би дэслэгч цолтой учир 120 төгрөгийн нэмэгдэлтэй.

Монголын анхны цагаач, эдийн засагч Дамдинсүрэнг /1989 он/ эхнэр, хүүхдээ аваад Австри руу цагаачилна гэж байхад нь бид ярилцлага авсан. Иргэний бүртгэл мэдээллийнхэн хүртэл энэ талаар ойлгодоггүй байлаа. “Та яагаад цагаачилж байгаа юм, тэр капиталист нийгэмд очоод таныг алчихвал яана” гэж бид түүнээс асууж байлаа. Нөгөөх нь “Үгүй, би бүх зүйлийг судалсан. Энэ нийгэмд хавчигдаж байна, манай улс орон нэг л биш байна”  гэж ярьсан юм. Маргааш нь бөөн асуудал үүссэн.

“ХАЛТАР ЦАРАЙТ”-ыг ЭРГЭН ДУРСАХУЙ

Монголын хамгийн анхны эротик хэвлэл “Халуун хөнжил”, “Гайхмаараа” сониныг хэсэг нөхдийн хамт эрхлэн гаргав. Сонин талхнаас илүү зарагддаг байсан 90-ээд оны алтан үед найзууд бүгд байр машинтай болсон гэдэг. “Улаан-Од” сонинд байсан мөнгөний сэйф өдгөө Баярмөнхөд байдаг. Тэрхүү сэйф хэрэв үг хэлдэг бол задгай мөнгөтэй хүнд сонин зарахаас цааргалдаг цамаан үеийг лав сануулах байсан биз ээ. Оросод наймаа хийж, цуг сурч явсан найзуудаасаа хойд хөрш ямаршуухан мэдээллээр амьсгалж байгаа тухай байнга асууж, тэр нь чөлөөт хэвлэлийн анхдагчдад тусгалаа өгдөг байв. Үүний нэг жишээ гэвэл “Просто Мария” гээд Бразилийн олон ангит кино гарч Орос даяар шуугиан тарьсан явдал юм. Борис Ельцин гол дүрийн жүжигчинг хүлээн авч, Оросын хотуудаар аялан тоглолт хийлгэн, “Найрамдал” гээд том медалиа гардуулсан юм.

Түүнээс бараг жилийн дараа “Халтар царайт” кино Монголд гарч эхэлсэн. Тийм олон ангит кино өмнө нь гарч байгаагүй тул бас л анхдагч байлаа л даа. Кино гарах үед гудамж бүр эзгүйрчихнэ. Хөдөөнийхөн саахалтындаа шавчихаад, уулга алдан, уярч уйлж ирээд л үздэг байв. Залуу, зоригтой, мөрөөдөмтгий  ч байж. “Халтар царайт” киноны жүжигчдийг Монголдоо яагаад урьж болдоггүй юм гэцгээлээ. Улаанбаатарт амьдардаг куба залууг орчуулагчаар хөлслөн, Венесуэл рүү холбоо тогтоов. Хамгийн түрүүнд гол дүрийн жүжигчдийн намтрыг тэдний илгээснээр нийтэлсэн сонин бүр ч илүү зарагдах нь урамтай. Гол дүрийн жүжигчдийн баян тансаг амьдрал, ядруухан үдсэн бага нас, хар тамхи, эхнэр нөхрийн маргаан гээд цувралаар нийтлэгдэх бүрт уншигчид уралдан худалдаж авч байсан юм. Гол дүр буюу Мигель Ангел ар гэрийн гачигдалтай тул ирж амжихгүй, Стерлита 100 мянган доллараар гэрээ хийнэ, харин Тони “Би Монголыг үзмээр байна. Үнэ төлбөр хэрэггүй” гэснээр бэлтгэл ажилдаа орлоо. Зочдыг угтан авах хөтөлбөр, явц, зохион байгуулалт, тайз засал, урлаг соёлын тоглолтын гээд бүх зүйлд гарын салаагаар мөнгө урсаж байв. Монголын хамтлаг, дуучид арга хэмжээнд 10 мянга орчим төгрөгөөр дуулдаг байхад дөрвөөс тав дахин их хөлс төсөвлөсөн. Львовт хамт сурч байсан “Мөнгөн аяга” компанийн захирал Болдбаатартай хамтарч хийсэн уг үйл ажиллагаа нь “Буян” Жагаагийн рок попынхныг нэгтгэж хийсэн хамгийн анхны том хэмжээний шоуны дараа хоёрдугаарт бичигдэх тухайд төсөөлөх ч сэхээгүй явсан гэдэг. Стерлитта руу 50 мянган доллар урьдчилж шилжүүлснээр гэрээ баталгаажив. Гэхдээ нөгөө тал гэрээг баталтал хэсэг таг чиг болж залуусыг сандаргаж, залилангийн хэрэг болох вий дээ гэж болгоомжлоход хүргэсэн тал ч бий. Ямартаа ч зочид ирэх нь тодорхой болсон тул онгоцны тасалбар, зочид буудлын захиалга, аяллын төлөвлөгөө гээд нөгөө л мөнгө урсгахын зэрэгцээ Соёлын төв өргөөний үзвэрийн тасалбар хямд байсан ч 5000-аар зарж эхэлжээ. Хүмүүс бөөн эрэл сурал. “Гайхмаараа” сонины менежментийг ийнхүү сүр дуулиантай хийж, 19 мянган уншигч, захиалагчтай боллоо.

Жүжигчид ирэхэд Их тэнгэрт байршуулж, СТӨ, Төв цэнгэлдэх, Улаанбаатар зочид буудал гээд хаа сайгүй хөтөлбөртэй. Хүүхнүүд Тониг харж орилолдоод, хөгшин хөвөөгүй Стертлитаг харахаар хошуурав. 25-50 долларын үнэтэй тусгай хүлээн авалтууд зохион байгуулж, үнийн тухай мэдээлэл аль хэдийнэ Тонигийн сонорт хүрчихэж. Мөнгө авахгүй гэж хэлж ирсэн капиталист зантай залуу тоглолт бүрээс 5000 доллар, сүүлдээ 15 мянган доллар авна гэж гөжүүдлэх нь тэр. Мөнгөө өгөхгүй бол тайз руу гарахгүй гэж цахалж үзэв. Тэр тухайд тодотгон “Бидний сайхан сэтгэл, монгол хүний жудаг тэрэнд чепуха юм билээ” гэж толгой сэгсрэв. Олзуурхууштай нь тэр зочид хоёул дуулж, бүжиглэн, хөгжимдөх гээд есөн шидийн авьяастай.

Жүжигчдийг авчирсан явдал цаг хугацааны хувьд хамгийн оновчтой сонголт болж таарлаа. Стадионд хоёр том тоглолт хийхдээ тасалбарыг зургаан мянган төгрөгөөр зарж, том мөнгө цүлхийгээд л ороод ирэв. Үүний зэрэгцээ сониноо өдөрт 40-50 мянгыг худалдав.

 

“СЭРҮҮЛЭГ”-ИЙНХЭН

“Сэрүүлэг” бол хэвлэлийн түүхэнд олон захиалагчтай, хамгийн анх хонжвор зарласан, хамгийн дуулиант мэдээллүүдийг нийтэлсэн, сайн сэтгүүлчдийг бэлтгэсэн гээд олон зүйлийн анхдагч юм. Тус сонины редакцийн тухай хэвлэлийнхэн дунд яригддаг олон сонирхолтой сэдэв бий. С.Баярмөнхөөс “Сэрүүлэг”-ийн тухай лавлахад ийн өгүүлэв.

-“Сэрүүлэг” сонин одоо ч хэвлэгдэн гарч байна. Ихэнх сонин хэвлэгдэхээ больсон тул энэ нь чөлөөт сонины хувьд сул орон зай ч юм уу?

-Тухайн үед “Сэрүүлэг” сонин их сонин өнгө төрхтэй гарч ирсэн. Улс төр, гэмт хэрэг, адал явдал, сенсаци гээд бүх сэдвийг багтааж, холимог маягаар хийсэн. Одоо ч манай сонин гарч байна. Гэхдээ уншигчдын тоо багассан. Хүн их цөөхөн зүйлд хайртай байдаг юм байна. Эхнэртээ, үр хүүхэддээ, ээж, аавдаа хайртай. Тэрэнтэй яг ижилхэн энэ сониндоо би их хайртай. Энэ сонины ачаар би хамгийн анхны бизнесийнхээ гарааг эхэлж, капиталыг бий болгосон. Нуулгүй хэлэхэд, 90-ээд онд хувьчлал дөнгөж эхэлж байсан тэр цаг үед “Номин”-гийн Шагдарсүрэн гэх мэт намайг бодвол том бизнесмэнүүдтэй адил мөнгөтэй байлаа. Шагдарсүрэн гуай бид хэд нийлээд 3,4 дүгээр хорооллын аж үйлдвэрийн барааны 62 дугаар дэлгүүр гэж байсныг хувьчилж авсан гэх мэт түүхүүд бий. Энэ сонин намайг хувь хүний маань хувьд хүмүүжүүлсэн. “Би өөрөө өндөр ёс суртахуунтай байх ёстой” гэж өөртөө шаардлага тавьж ирсэн. Элдэв буруу зөрүү зүйлд орооцолдохоос их айдаг, болгоомжилдог болсон.

-Танай сэтгүүлч нар их дайчин, чадварлаг. Тийм баг бүрдүүлнэ гэдэг удирдагч хүний гол чадвар биз?

-Би бурханд их баярладаг. “Сэрүүлэг” сониныг бий болоход надад их сайн хүүхдүүд илгээсэн. Амьдралын төлөө мундаг тэмүүлэлтэй хүүхдүүд ажилладаг байв. Бүр анх дөнгөж шоронгоос гарсан нэг нөхрийг эхнэртэй нь хамт сэтгүүлчээр ажилд авсан. Тэд их сонин, сонин “юм” олж ирнэ. Гэхдээ өөрөө бичихгүй. Зүгээр сэдвийг нь олоод ирнэ. Жишээлбэл, зах дээр явж байгаад Уранчимэг гэдэг хүүхэн захаас айлын хүүхдийг хулгайлж хоёр жил тэжээсэн. Хүүхдээ алимны хайрцагт хийчихээд гаргадаггүй. Түүнээс болоод хүүхэд 3-4 нас хүрсэн хэрнээ явж чадахгүй, хөл нь хатаад, том толгойтой болчихсон, нөгөө эмэгтэй өөрөө нэг амбаар шиг юманд амьдардаг гээд л. Тэр мэдээллийг нь сониныхоо нэгдүгээр нүүрт тавьтал бөөн сенсаци. Нөгөө Уранчимэгт хэрэг үүсгэж, шүүхээс ял сонсгосон. Хүүхдийг нь бид Эх нялхасын эмнэлэгт аваачиж өгч байлаа. Энэ бол нэг л жишээ.

Тэр ажилтан маань хэцүү амьдралтай газарт таван жил болчихсон учир асуудлын сөрөг талыг их олж хардаг байсан.

-С.Зоригийн хэргийн тухай мэдээллийг түргэн шуурхай хүргэхэд мэдээж “Сэрүүлэг” манлайлагч байсан байх?

-Манай сэтгүүлч нар цагдаа, хуулийнхантай их ойр. “Булганыг баривчиллаа” гэхэд л манайх хамгийн түрүүнд мэдээллийг нь тавьж байх жишээний. Цагдаагийн газрын эсрэг талын байшингийн дээвэр дээр манай зурагчид гарчихсан “онилоод” суух жишээтэй. Долоо хоногт нэг удаа сонин хэвлүүлдэг ч, Булганыг баривчилсан мэдээг зурагтай нь нийтлээд дахин хэвлэж байсан. Эхлээд 40 мянгыг хэвлэсэн боловч борлуулалт дуусаад дахин арав, арван мянгаар хэвлэсээр тэр дугаар 70 мянган хувь зарагдсан түүхтэй. “Сэрүүлэг”-ийн олон дугаар тэгж зарагдсан.

-Хэвлэлийн биржийнхэн “Сэрүүлэг”-ийн үүдэнд дугаарлачихсан зогсдог байсан гэл үү?

-Тийм. Бид “Зил-130” машинд сониноо ачаад очино. Захиалгын тоо 30 мянгад хүрч, уншигчийн тоогоор тэргүүлсэн. Сүүлд манай араас олон сонин гарч ирсэн. Өрсөлдөгч нартай болсон учраас захиалагчдадаа урамшуулал амлаж эхэллээ. Хайрын “Хонгор зул”, “Хүмүүс”, “Дээдсийн хүрээлэн”, “Зиндаа” гэх мэт олон сонин гарч ирж сүүлдээ сугалаагаар өрсөлдсөн л дөө. /Инээв/. Сүүлдээ энэ уралдаан бүр “аймаар” болоод эхлэнгүүт манайх шууд больсон.

-Хэвлэлийн эрх чөлөөний төлөө салбарынхан удаа дараа жагсаж, эсэргүүцэх зэргээр хөндлөнгөөс харахад амь нэгтэй. Дарамт шахалтын тухайд эзэд илүү ярих байх аа?

-Ерэн хэдэн онд манай сайд нар эрүүгийнхэнтэй ямар ч холбоотой байсан юм, мэдэхгүй.  Нэг сайдыг нь бичихээр л эрүүгийнхэн утасдаад “Чи тэрийг биччихлээ”, “Тэр чинь миний найз, тэнд уулзъя” гээд л дарамт их ирнэ. Эрүүгийнхэн манай хэвлэлийнхэнд нөлөөлөх гэж их үзсэн шүү дээ. Ялсан нам нь заавал Хууль зүйн яамаараа дамжуулж шалгуулдаг, хянадаг, баахан цагдаа, хууль хүчнийхнийг оруулах замаар  дарамтлах гэдэг. Харин манай хэвлэлийнхэн тэгэхэд амь нэгтэй байсан даа. Энхбаяр дарга Ерөнхий сайд болонгуутаа Гадаад хэргийн яаманд  хамгийн анхныхаа хэвлэлийн бага хурлыг хийх гэж байхад нь бид бүгдээрээ нийлээд тэмцсэн. Гадаад хэргийн яамны хэвлэлийн танхимд дэд сайд нар хуралдаж байсан юм. Тэгэхэд Мөнх-Оргил Хууль зүйн дэд сайд байсан. Энхбаяр дарга тэр үед зүйрлэж хэлбэл, Монгол Улсын хаан болчихсон байв. Биднийг хууль зүйн яамаар шалгуулаад жинхэнэ “өвчилж” явсан үе. Бид тэгэхэд “Чөлөөт хэвлэлээс савраа тат”, “Чөлөөт хэвлэлд аюул учирлаа” гэсэн бичигтэй лоозонг нууж ороод, Энхбаяр даргыг үгээ хэлж байхад нь зэрэг гаргаад ирсэн. Энхбаяр дарга тэгэхэд маш эвгүй байдалд орсон. Аргагүй шүү дээ, гаднын баахан дипломат төлөөлөгч, ЭСЯ-ны тэргүүнүүд ирчихсэн байсан юм чинь.

“Чөлөөт хэвлэлийн сан”-г байгуулчихсан байхдаа хүртэл “Монголын нэг өдөр” сонины сэтгүүлч Эрдэнэтуяаг ял аваад хорих анги руу ачих үед нь бүх эрхлэгч, сэтгүүлч нар очоод цагдаагийн машиныг зогсоож, уйлаан хайлаан болсон шүү дээ. Цагдаа нар биднийг цахилгаан бороохойгоор цохиж унагаж байж арай гэж тараасан. Юун тэр иргэний хөдөлгөөн. 2003 он байл уу даа.

-Таныг ганган, царайлаг хүүхнүүдийг сенсаци руу сумлаад тавьчихдаг аятай ярьдаг байв?

-АНУ-д Элчин сайд, сүүлд Тагнуулын дарга хийж явсан Болд гээд их мундаг хүн байдаг юм. Болд ах нэг удаа надаас “Хүүш, Баярмөнх өө. Чамайг нэг их сайхан хүүхнүүд ажилд аваад л, тэднийгээ янз бүрийн улс руу явуулж мэдээлэл олж авдаг гэж яриад байх юм, үнэн үү?” гэж асууж билээ. Би бол хүний гоё, сайхныг биш дайчин чанарыг нь л үнэлдэг. Яахаас ч буцахгүй дайчин бүсгүйчүүд байдаг шүү дээ. Хэцүү, тэвчээр шаардсан зүйлд хүүхнүүд их мундаг. Жишээлбэл, казиногийн хэргээр шоронд хоригдож байсан хүн хөдөө, уулын оройд манаач хийж байсан. Манай эмэгтэй, эрэгтэй хоёр сэтгүүлч түүнээс ярилцлага авахаар явж. Замд явж байтал нь харуй бүрий болж, эрэгтэй нь айгаад “Буцъя” гэтэл эмэгтэй нь “Үгүй” гэж гүрийж мацсаар шөнө очиж ярилцлагаа аваад ирсэн. Сүүлд сонсоход өвдгөөр татсан их цастай байсан гэдэг.  Манай Цоожчулуунцэцэг талийгаач Отгонбилэгийн эгчтэй ярилцлага хийсэн нь их дуулиан тарьсан даа. Бас Отгонбилэг гуай “Эрдэнэт”-ийн захирал байхдаа өгсөн ярилцлага их шуугиан тарьсан. Тэр үед ТӨХ-ныхон хаалгыг нь эвдээд захирлаас нь буулгах гэж байсан тухай дуулиан болж байлаа. Манай Цоож тэр эмэгтэйг хэдэн уул давж хайж, шөнөжин яваад олсон.

“Сэрүүлэг”-ийг дөнгөж гарч эхэлж байхад Самбуугийн Сүрэнжавын ярилцлага ихээхэн дуулиан тарьсан. Самбуу гуай ямар мундаг удирдагч билээ. Түүний хүү Сүрэнжав сүүлд архичин болоод, траншейнд амьдарч байгаа тухай бид түүнд нэг шил архи аваачиж өгөөд яриулсан. Сүрэнжав гуай Ким Ир Сины хүү Ким Чен Иртэй  хүүхэд байхдаа найз явсан, Ким Ир Синыд Самбуу гуай айлчлаад Ким Чен Ир буюу одоогийн Ким Чен Уны аавтай тоглодог байсан, төрийн тэргүүний хүүхэд учир ангийнхаа хүүхдүүдийг авчирч “Чайка” машинд сууж үзсэн тухайгаа дурсан ярьсан. Тиймэрхүү ярилцлагууд маань хүмүүст их хүрч байлаа.

“Сэрүүлэг” сонины гал тогоо нэг тийм хагас цэрэгжилтийн байдалтай байсан.

-Танай сэтгүүлчдээс хэн нь илүү сайн нийтлэлч байсан бэ?

-Хэн нэгнийг онцлохоор учир дутагдалтай. Учир нь бүгдээрээ сайн сэтгүүлчид. “Сэрүүлэг”-т муу сэтгүүлч ажиллах боломжгүй, тийм орон зай ч байдаггүй байсан. Манай сэтгүүлчдээс гадна өөр сонины сэтгүүлчид сонирхолтой ярилцлага, нийтлэлээ өгдөг байсан.  Яагаад гэвэл бусад сониноос бид хамгийн өндөр шагнал олгодог байсан болоод тэр.

-Та ганц нэг сайн сэтгүүлчийнхээ нэрийг яагаад хэлэхгүй байгаа юм бэ?

-Манайхаар их олон сэтгүүлч дамжин гарсан. Тэр болгоныг нэрлэвэл сонины зай хайран. Хэдэн сэтгүүлчийн нэр дурдвал нөгөө хэсэг нь “Баяраа ах намайг үнэлдэггүй байсан юм байна” гэж гомдоно. Бусдаасаа тохой өндөр сэтгүүлчид байсан. Тэднийг манайхан өөрсдөө мэдэж байгаа.

-Сэтгүүлчидтэй ажиллахад хамгийн сайхан, эсвэл хамгийн хүнд нь юу байсан бэ?

-Хамгийн сайхан нь манай нийтлэлийн мөрөөр олон ядарсан зүдэрсэн хүнд бид буян болсон доо. Тэр үед нийгэм их соргог байж. Нийтлэлийн мөрөөр хүмүүсийн хүсэл биелэх тэр агшин маш гоё. Жишээ нь: Хууль хүчний байгууллагаар яваад асуудал нь шийдэгдээгүй хүн манайд хандахад дороо шийдэгдээд явчихна. Амьдрал нь маш хүнд хүн манайд хандахад орон гэртэй болдог ч юм уу, ер нь маш олон хүнд манай нийтлэлүүд тус болсон. Тэр бүгдээс “Баярлалаа” гэдэг үг сонсох сайхан.

Хүнд агшин гэвэл би их олон найзтай. Улс төр, соёл урлаг, бизнесийн салбарынхан гээд. Тэдний тухай маш эвгүй, факт баримттай материалыг олж ирсэн сэтгүүлчээсээ “Үүнийг нийтлэлгүй орхиё” гэж гуйх маш хүнд. Яагаад гэвэл би тэднээс “усан материал” биш сонирхолтой сенсаацитай материал байнга нэхдэг байсан болоод тэр. Гэхдээ би нөгөө хүмүүстээ “Таны тухай ийм эвгүй материалыг нийтэлсэнгүй шүү” гэж ерөөсөө хэлдэггүй байсан. Яагаад гэвэл хүн “шантаажилсан” юм шиг болох байх гэж боддог байсан.

-Та хүүхдүүддээ энэ мэргэжлээ өвлүүлнэ биз?

-Мэдэхгүй ээ, өөрсдөө шийдэх асуудал. Манай том охин гэхэд Сингапурт дунд сургуулиа дүүргээд дараа нь Англид хуульч мэргэжлээр бакалавр, магистраар суралцаж ирээд одоо манай компанид ажиллаж байгаа. Дараагийн хоёр нь “Орчлон” сургуульд сурдаг.

Гэхдээ л сэтгүүлч мэргэжил маш хүнд, асар их хөдөлмөр, тэвчээр шаардана. Маш их мэдлэг, мэдээллийг хуримтлуулсан байх шаардлагатай.

Намайг оюутан байхад манай багш маань “Хамгийн хүнд мэргэжилд сансрын нисгэгч, сэтгүүлч хоёр” гэж хэлж билээ. Тэгэхэд нь оюутнууд гайхаж байсан. Сониноо хийж байх зарим үед энэ үг их бодогддог байсан шүү.

-Танай сонины нийтлэлээс болж тухайн цагт засгийн газар огцорсон гэж яригддаг юм билээ?

-Манай сонины нийтлэлээс болж засгийн газар огцорно гэж юу байхав дээ. /инээв/ Тэр үе чинь 1998 он байх аа. “Сэргээн босголт” банкны асуудал босч ирсэн. Банкнаас маш их хэмжээний зээл гарч, дампуурах дээрээ тулсан байсан. Банкны захирлыг нь цагдаа, хүчнийхэн хайгаад олдохгүй байтал манай сонин дээр түүний ярилцлага гарсан. Хэн хичнээн хэмжээний зээл авсан, банк яагаад дампууралд хүрэв гээд л… Хамгийн сонирхолтой нь ардчиллын зарим лидерүүд их хэмжээний мөнгөтэй холбогдсоныг банкны захирал ярьсан. Үүнээс болж их хурал дээр манай сониныг барьж байгаад намуудын хооронд бөөн хэрүүл болсны дараахан нь засгийн газар огцорч байлаа. Тухайн үед зарим нэг намын лидер “Танай сониноос болж засаг огцорлоо шүү!” хэмээн хошигнож байсан хэрэг.

-“Одхүүдэх” гэдэг нэр томъёо танай сониноос гарсан байх аа?

-Үгүй, үгүй. Улс төрчид л өөрсдөө гаргасан. Харин манай сонин “Эрдэнэт”-ийн захирал асан Отгонбилэг гуайгаас бүтэн хоёр нүүр ярилцлага авсан. Тухайн үед ардчилсан намынхан “Төр өмчөө мэдье” гээд Отгонбилэг агсныг ажлаас нь халж, тухайн үеийн төрийн өмчийн хорооны Одхүү хаалгыг нь эвдээд орсноос “Одхүүдэх” гэж нэр гарсан. Тэр үед чинь Отгонбилэг агсан Монголын хаан байлаа шүү дээ. Хэвлэлд ховоорхон ярилцлага өгнө. Олны анхаарал зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрт төвлөрсөн тэр цаг үед их л сонирхолтой ярилцлага өгсөн дөө.

 

ЭМЭГТЭЙЧҮҮД  ИХ ШАРТАЙ. ТҮҮНИЙГ НЬ ХӨДӨЛГӨХ ХЭРЭГТЭЙ

-“Сэрүүлэг” доторх өрсөлдөөн сэтгүүлчдээ хурцалдаг байсан болов уу гэж бодогдох юм. Таныг халаасандаа үргэлж мөнгөтэй явдаг, тэгээд дугаарын хамгийн сенсацитай материалд нь “Май” гээд наймаалцаж байгаа аятай өгчихдөг гэж ярьдаг. Энэ нь “өдөөлт” байж л дээ?

-Эмэгтэй хүн их шартай байдаг байхгүй юу. Тэр шарыг нь л хөдөлгөх ёстой. Нэгийнх нь сайн чанарыг аягүй сайн магтаж өгөөд, мууг нь сайн муулах хэрэгтэй. Би тэрийг өөрөө ч туулсан. “Улаан-Од” сонинд биднийг анх сурвалжлагчаар ажиллаж байхад Чантуу эрхлэгч бидний бичсэнийг улаан эрээн болгоод л өөдөөс шидчихнэ. “Сэрүүлэг“-ийн хувьд хүүхнүүд бол нэгийнх нь бичлэгийг “Маш сайн болсон байна” гээд магтангуут уур нь хүрдэг шиг байгаа юм /инээв/. Тэгээд сайн материал дээр нь шууд “Энэн дээр тэдэн төгрөгийн шагнал өглөө” гээд зарлачихдаг. Бичсэнийг нь жаахан баалаад эхлэнгүүт бохио хурдан зажлаад л, “Бохио боль л доо, чи” гээд хэлчихээр больчихонгуутаа дахиад тас, тас хийлгээд л /инээв/. Муу материал хийвэл бүр цалингаас нь хасдаг байсан. Зарим нь тэвчихгүй уурлаад ажлаа хаяад яваад өгнө. Ийм зөв атаархал, зөв өрсөлдөөн хамт олонд маш чухал.

Манай хүүхнүүд аягүй шартай. Болдхуяг маань мундаг хариуцлагатай нарийн бичгийн дарга байлаа. Сэтгүүлч нарт маш их санаа хэлж өгнө. Булганзаяа бол Ганчимэгийн дайны ярилцлага хийдэг хүн шүү дээ. Өөрөө их даруухан. Алтантуяа эвийг нь олж их гоё ярилцлагууд хийдэг. “Чи нэг бичээд үзээч” гэчихээд бичсэн бүрт нь бичлэгийн шагнал өгөөд байхаар рекламны менежерийн ажлаа хаяад шууд сэтгүүлч болчихсон хүн ч бий. Редакцид мөнгө бол их зүйлийн хөшүүрэг болдог шүү. Ажиллах урам зориг өгдөг. Талийгаач Отгондаваа, “алмас” Батбаяр гээд сонин хүмүүс ажиллуулж байсан. Отгондаваа ичнэ гэж байхгүй. Төрийн гурван өндөрлөг зогсож хэлмэгдлийн хөшөөнд цэцэг өргөж байхад “Далгаа, далгаа нэг ярилцлага авчихья тэгэх үү” гээд нөгөө гурвын инээдийг хүргэчих гээд тийм уйгагүй.

 

“90 САЯЫН” ГАНСҮХ “СЭРҮҮЛЭГ”-Т БАЯРЛАЖ ЯВАХ ЁСТОЙ

-Камеруны иргэд, “90 саяын” Гансүхын тухай мэдээллүүдийг хамгийн анх дэлгэсэн санагдана?

-Нийгэмд тустай ч зүйл хийсэн, хүнд уйтгар гуниг авчирсан зүйлээс ч холуур яваагүй. Бид чинь цагдаа  дээр л өнждөг байлаа. Маш “хорлонтой”, сонирхолтой үйл явдлыг амилуулж бичдэг байлаа. “Камеруны хоёр иргэнээс ДОХ илэрсэн байна. Ер нь энэ Африкаас ирсэн хүмүүс асуудалтай, эднийг ер нь шалгасан юм уу” гээд л. Манайхан тэр хоёр камеруны бүх зүйлийг мөшгисөн. Тэднийг “Ганц худаг”-т хориулаад, албадан шинжилгээнд хамруулаад ДОХ-тойг нь тогтоолгосон.

Хоёр, гурван монгол эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсныг нь мөн тогтоож байгаа юм. Цагдаа тогтоогоогүйг бид тогтоосон. Биеэ үнэлэгч охидыг цагдаа нараар олуулж бариулсан. “Ерөөсөө энэ ДОХ-той байж магадгүй” гээд цагдаа нар Халдвартын эмнэлгийнхэнтэй холбогдож, шинжилгээ хийлгэтэл нөгөөх нь ДОХ-той гараад ирсэн. Т гээд эмэгтэй халдвар авчихсан байсан. Хөөрхий шоконд орчихсон, уйлаад л. Өөрөө хүүхэдтэй байсан. Кино шиг л зүйл болж өрнөсөн дөө.

Ерөнхий сайд Энхсайхан бидэнд баяр хүргэж, “Оны сэтгүүлч-1997” гэсэн цом өгч байсан. “Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц маш аюултай зүйлийг олж илрүүллээ” гэж тэр.

-“90 саяын” Гансүхийн тухай “Бодлын хулгайч“ кинонд ээжийгээ үхлүүт байгаа тухай сониноос олж мэдэж буй үйл явдал гардаг. “Сэрүүлэг” сонинд тэр мэдээлэл гарсан нь бодит үнэн гэдэг юм билээ?

-“90 саяын” Гансүхийн хэргийн мэдээлэл дээр бид нэлээн ажилласан.  Гансүхийн ээжийг одоо ч санадаг.  Хөөрхий хөгшин тэргэнцэртэй ирчихсэн, уйлаад л. Тэгэхэд эх хүний сэтгэлийг маш их ойлгосон. Түүнээс ярилцлага авахад “Миний хүү хамгийн ухаантай, миний хүү энэ дэлхийн хамгийн сэргэлэн нь” гэж байсан. Гансүх машинд суухынхаа өмнө гавтай гараараа сэтгүүлчид рүү дохиход бид зургийг нь дарж байсан.

Таны асуусан, кинон дээр гардаг тэр хэсэг үнэхээр бодит. Тэр мэдээллийн ачаар Гансүх гэдэг хүн шоронгоос оргож ээжийгээ амьдад нь уулзсан юм байна. Ээжтэйгээ уулзсан уу уулзсан, тэвэрсэн үү тэвэрсэн, ээж нь хүүгээ тэврээд үнссэн үү гэвэл  үнссэн. Хөөрхий тэр эх хэдэн төгрөг хадгалснаа хүүдээ өгсөн. Энэ л гоё байхгүй юу.

 

БАРИЛГЫН БИЗНЕС ЭРХЭЛЖ ТӨРД АЖИЛЛАВ

1997 онд анх хороололд “Номингийн” Шагдарсүрэнтэй хамтран үл хөдлөх хөрөнгө худалдан авсан тухай дээр дурьдсан. Цаашид үл хөдлөхийн бизнес хийх санааг Шагдарсүрэн гуайгаас олж харжээ. Төрийн өмчийн хорооны дарга байсан З.Энхболд зөв менежмент хийсэн гэлээ. Бүх зүйл нээлттэй, хэн илүү мөнгө төлсөн нь авцгаа гэсэн дуудлага худалдаа зохион байгуулснаар олон бизнес эрхлэгч хувийн өмчтэй болсон юм. “Номингийн” “Шагдарсүрэнгийнхтэй дүйцэхүйц хөрөнгөтэй байж. Хоёр жилийн дотор  оруулсан мөнгөө эргээд олж. Зарим бизнесменүүд обьект аваад, тэрийгээ банкинд барьцаанд тавиад дахиж зээлжээд, бизнесээ тэлдэг бол мань эр “ханачихсан” гэв. Одоогийн энэ олон барилгачдыг бодвол анхны арай эрт барилга барьсан өөр салбарын хүн бол мөн л Баярмөнх. Төв номын сангийн өөдөөс харсан таван давхар обьект 2000 оны үеийн нийслэл хотод өнгө нэмсэн барилгуудын нэг байлаа. Дөрөв, таван давхар барилга барина гэсэн ойлголт бизнес эрхлэгчийн санаанд төдийлөн буудаггүй цаг үед түрүүлж сэтгэсэн.

“Төрийн ажилд ороод хувийн бизнесээ хаясан. Улсын ажил хийгээд явж байхад надтай зэрэг эхэлсэн компаниуд томроод явчихсан. Тэр үе бол бизнесийн алтан үе байсан. 2004-2012 он барилгын “бүүм” байсан” гэв. Төрд найман жил ажилласан явдал түүнд шинэ ертөнцийг таниулсан гэдэг.

-”ТВ8” телевизийг байгуулахдаа та сонины зах зээл хумигдаж явааг мэдэрсэн үү?

-Сонин явцгүй болно гэдгийг ерөнхийдөө мэдэрсэн л дээ. Маш их өрсөлдөөн бий болчихсон. Хүмүүс эхэн үед сониноос адал явдал, сенсаци хүсч байсан. Хүмүүсийн сэтгэл зүй чөлөөт хэвлэлийн зах зээлээс уйдаж эхэлсэн нь 2005 он. Ер нь уйтгартай болчихсон. Манай хэвлэлүүд өнөөдөр маш мундаг нийтлэл, шуугиан тариад л байна. Энд ард түмэн дөжирчихсөн, хүлээж авах чадваргүй болчихсон. Тэгээд мэдээллийн сайтууд гараад эхэлсэн шүү дээ. Олон хүнтэй уулзаж ярьж “ТВ8”-ийг байгуулсан. Одоо Ерөнхий сайдын зөвлөх хийж яваа Үйлстөгөлдөр гэдэг залуу “Шөнийн толь” хөтөлбөрийг санаачилж, хүн бүхэн үздэг болсон. Сэтгүүлч нар өдөр тутмын сонин хийе гэж байсан. Тэр хэцүү шүү дээ. Ер нь сэтгүүлчидтэй ажиллах хэцүү. Өглөө ирээд л юм юмны араас хөөцөлдөнө, хүнд яаж хүргэх вэ, нэгдүгээр нүүрэнд алийг тавих вэ гэх мэтчилэн мөнхийн өрнөлтэй. Хоорондоо өрсөлдөөнтэй, материал нь нэгдүгээр нүүрэнд орсонгүй гээд бөөн юм болдогсон. Барилгынхан бол гайгүй. Янз янзын улстай ажиллаж үзлээ. Хамгийн хэцүү араншинтай хүмүүс сэтгүүлчид байдаг. Гомдоно, тунина, хамгийн сайн сэтгүүлч ажлаасаа гарах шиг хүнд зүйл байхгүй. Манай сэтгүүл зүйн мөнгө бол жижиг мөнгө байхгүй юу. Залуучууд та нарт зайгаа тавьж өгье, гавьяаныхаа амралтанд гарья гэж одоо би хэлдэг.

-Та телевизээс залхах юм биш биз?

-Телевиз бол мөнгөөр менежмент хийх юм байна лээ. Нэг хайран зүйл бий. Солонгос кино гараад сая доллар гадаадад аваачиж тушааж телевизийг хөдөлгөж  болно. Би бол сериал гаргадаггүй. Сериал нэг анги нь 500 доллар. 30 ангит кино авлаа, 15 мянган доллар. 20 телевиз гаргалаа, сард 300 мянган доллар. Бид нар нэг юмыг ерөөсөө ойлгодоггүй. Монголоос л доллар гаргаж болохгүй. Энэ нарийн менежментийг ард түмэн бол ойлгохгүй. Нэг солонгос кино гаргахаар энэ аягүй сайн телевиз гээд үздэг. Арван жил хоёр сая гаруй доллар гэдэг чинь мөнгө шүү дээ.  Ер нь яагаад манайх хөгжихгүй байна вэ, яагаад доллар өсөөд байна вэ гэвэл манай ард түмэн зах зээл дээр арай хэтэрхий мэдлэггүй хандаж байгаа юм. Солонгос хүн өөрсдийнхөө киног үзнэ, солонгос хоолондоо орно, зочид буудалдаа орно. Бид ядуу буурай улс байж хөл бөмбөгийн тэмцээн гээд 600-800 мянган доллар, сая доллар гаргаад, 14 хоног гаргаад л нөгөөх нь паг болно. Тэрнийг монгол тайлбартай үзсэн ч яалаа, тэртэй тэргүй Орос, Хятадын өчнөөн том сувгаар гарчихаж байхад. Үүний оронд “Та нар бүтэн жил байлдан дагуулсан монгол кино хийгээдэх” гээд уран бүтээлчиддээ өгье л дөө. Мөнгө олоход хэцүү, үрэхэд амархан. Телевизийн салбарт од болно гээд цээжээ дэлдээд хэрэггүй байхгүй юу. Өнөөдөр манай телевиз цомхон командаар цалингаа тавиад, нийгмийн даатгалаа төлөөд, улсад өгөх татвараа өгөөд явж байна. Энэ хангалттай. Үзэгчдэд хүргэх зүйлээ хүргээд, үзүүлэх юмаа үзүүлчихэж байна. Биесээсээ өрсөж Монгол зах зээлд олдсон хатуу валютыг гадагшаа гаргадаг л утгагүй. Монголыг бол ойлгоно шүү дээ. Бид хэцүү төдөөр авья гэж болно гэж боддог.

“Амьдрал нулимсанд дургүй” гээд кинонд гардаг шүү дээ. Телевизийн урлаг хэзээ ч мөхөхгүй, телевиз бол мөнх байна гэдэг. Одоо харахад телевизийн урлаг мөхөхийг хэн ч үгүйсгэхгүй болчихлоо. Энэ техник технологи ямар хурдацтай өөрчлөгдөж байна аа. Сая би Сингапурт үйлчилгээний байгууллагад ороход робот зарим хүний ажлыг орлож дунд нь ус, бүх юмаа бариад явж байна. Хүн кноп дараад дуртай юмаа авчихаж байна. Хэзээ ч хүний хөдөлмөрийг роботоор орлуулна гэж бодож явсангүй шүү дээ. Хүний оролцоо улам хязгаарлагдаад байна. Хүн шиг робот үйлчилнэ гэж хэн ч бодоогүй, зөгнөлт кинонд гардаг байсан. Цаашид юу болохыг тааварлахад хэцүү. Аливаа улсын хөгжлийг тодорхойлох зүйл бол эх оронч сэтгэлгээтэй байх, монгол бизнесмен монгол бизнесмендээ мөнгө өгөх, мөнгөө дотроо шингээж авч үлдэх хэрэгтэй.

-Төрийн ажлаас яагаад гарсан бэ?

-Нэг бол улс төрөө хийх, нэг бол бизнесээ хийх ёстой юм байна гэдэг сонголт ирсэн. Үл хөдлөх хөрөнгийн бизнес  хийж, цаг заваа зарцуулсан, тэр маань үр өгөөжөө өгч байгаа. Одоо бол манай компани олон ажилтантай биш. Улаанбаатар хотод зургаа, долоон обьектдоо үйлчилгээ эрхлээд, заримыг нь түрээсэлдэг. Толгой амар явж болж л байна. Юм бүхэн рүү үсчиж ороогүйдээ бас баярладаг юм. Нэг хэсэг уул уурхайн салбар руу хүн бүхэн орж, хэдэн ч хүн дампуурав даа. Ээж маань хөөрхий “Хүү минь ээ, газрын судал гэдэг чинь хүний судастай адилхан байдаг юм. Алтыг нь ухаж авна гэдэг чинь хүний судсыг тасалж, өөрөөр хэлбэл байгаль дэлхийгээ там болгож байгаа юм шүү” гэж хэлдэг байсан. Ээж бас хүнд их мөнгө хэрэггүй гэж ярьдаг. Найз нар уул уурхай руу орьё гэж ярихад ээжийнхээ тэр үгийг санадаг. Одоо бодоход ээжийн зөв байж.

-Сэтгүүлч хүний хувьд бүх цаг үе сонирхолтой гэж та хэлдэг. Одоо та нар үүний хойноос хөөцөлдөөд орхиоч гээд чухалчлан захивал аль сэдвийг онцлох вэ?

-Авлигын эсрэг, араас нь сайн мөлжих хэрэгтэй. Бид илрүүлж, тэд шүүж чаддаг байх ёстой. Би улсад жилд дунджаар хэдэн зуун сая төгрөгийн татвар өгдөг. Хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл энэ бүгд төвлөрөнгүүт хэдхэн нөхөр гарч ирээд шийдвэр гаргаад төсөл тендэр, утаа  гээд дураараа зарцуулдаг. Ингэхээр бид хөгжихгүй. Барууны орнууд төрийн бодлого нь зөв явж байгаад нэг хотын дарга сайд мөнгийг нь жаахан буруу зүйлд зарцуулахаар гарч ирээд жагсчихдаг. Манайх бол нэг байтугай хоёр нам нь фракц болж байгаад идэж уугаад шамшигдуулаад байхгүй болгочихдог. Хууль хүчний байгууллага яг үнэнийг хэлэхэд үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байна шүү дээ. Шударга шүүх нь ажиллаад эхэлбэл энэ авлига байхгүй болоод мөнгийг зөв юманд хийдэг болчихно, мөнгийг зөв зүйлд хийхээр зөв зарцуулдаг болно. Ард түмэн татвар төлөхдөө хүртэл дуртай болно шүү дээ. Яагаад гэвэл түүгээр метро байгуулаад замын түгжрэлийг байхгүй болгочихож болно. Утааны асуудлыг цогцоор нь шийдчихвэл татвар өгч болж байна шүү дээ.

-Хүмүүс нас ахих тусмаа амар амгалан амьдрахыг хичээдэг. Таны хувьд?

-Манай хүн их гэгээлэг, амар тайван амьдрах ёстой гэдэг философитой болчихсон. Заавал их мөнгөний араас хөөцөлдөх хэрэггүй гээд манай ээжийн зарчмыг баримталдаг болчихсон. Хувь хүн талаасаа зүгээр сууж чадахгүй хүмүүс байдаг даа. Би тийм категоритой юм шиг байна лээ. Хагас, бүтэн сайнд заавал нэг юм хиймээр санагддаг. Нэг, хоёр өдрийг үр бүтээлгүй өнгөрөөвөл өөртөө гэмшдэг байлаа. Одоо арай өөр болчихсон. Нас ахих тусмаа ачааллаас өөрийгөө холдуулах сонирхолтой. Одоо бол долоо хоног амрахад гэмшээд байдаггүй. Жар гараад ирэхээрээ үүргэвч үүрээд аялаад явахсан гэж боддог болсон. Үүргэвчтэй аялагч нар шиг бараг хээр гадаа хоноод, майхан босгоод явахсан гэж боддог.

Сэтгүүлч: Н.Энхцэцэг

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn