//Тусгаарлагдсан иргэд төлбөрөө бүрэн төлдөг ч нэг өдрийн мөнгөө *ЛУЙВАРДУУЛЖ* байна

Тусгаарлагдсан иргэд төлбөрөө бүрэн төлдөг ч нэг өдрийн мөнгөө *ЛУЙВАРДУУЛЖ* байна

Гаднын улс орноос эх орондоо ирээд тусгаарлагдсан 30 мянга гаруй хүний нэг өдрийн хоолыг “завшдаг” гэж үзэх юм бол тусгаарлалт нэрийн дор 390 гаруй сая төгрөгийг хэн нэг нь аваад идчихсэн байж мэдэхээр байна.

Иргэд тусгаарлах байранд нийтдээ 10 хоног тусгаарлагдаж байгаа юм. Тусгаарлах байранд байх хугацааны байр, хоолны мөнгөө өөрсдөө төлж байна. Гэтэл энд нэг асуудал тулгарч байгаа нь иргэд төлсөн мөнгөндөө үйлчилгээ авч чадахгүй байгаа явдал.

Тодруулбал хоёрдугаар сарын 27-ны Сөүл- Улаанбаатарын нислэгээр 257 иргэн эх орондоо ирсэн. Тэднийг Тоёоко-Инн зочид буудалд байрлуулсан байна. Нэг хоногийн 57 мянган төгрөг, нийт 570 мянган төгрөгөөр нэг хүн тусгаарлалтад байсан гэсэн үг юм. Нэг өдрийн хоол 13 мянган төгрөг байдгийг тусгаарлалтад байгаа иргэд хэлж байна. Гэтэл эдгээр иргэдийн тусгаарлалтын хугацаа дуусах өдрийн өглөөний цай өдрийн хоолыг хасжээ. Тусгаарлалтад байгаа иргэдийн дунд хүнд хэлбэрийн хагалгаанд орсон, бага насны 2-3 хүүхэдтэй гээд хүндэтгэн үзэх шалтгаантай олон иргэн байгаа талаар эх сурвалж хэлж байна. Гэтэл эдгээр иргэд хүний нутагт бус эх орноо ирээд халаасаа хоослон байж тусгаарлагдсан ч нутаг нэгтнүүддээ залилуулсан тохиолдол гарлаа. Шулуухан хэлэхэд тусгаарлалтад байсан 257 иргэний 3.4 сая төгрөгийг өөрсдөд нь зарцуулалгүйгээр шамшигдуулсан байж болзошгүй байна.

Бид энэхүү мэдээллийн дагуу “Тоёоко Инн” зочид буудлын тогоочтой утсаар холбогдож тодруулсан боловч хугацаа нь дууссан учраас хоол өгөөгүй гэдэг тайлбарыг хийж байна. Харин үүний дараа бид тус зочид буудлын менежер н.Нарангаравтай утсаар холбогдож тодрууллаа.

Түүний хэлж буйгаар 27-ны шөнө таван ээлжийн автобусаар иргэдийг тус буудалд зөөвөрлөж авчирсан бөгөөд тухайн орой хамгийн сүүлийн ээлжийн хүмүүс 24 цагийн үед ирсэн байна. Эдгээр иргэдэд нэг удаагийн будаатай хуурга өгсөн ба тусгаарлалтад байх иргэдийн хоолыг тусдаа байгууллага буюу цэцэрлэг хариуцаж байжээ. Гуравдугаар сарын 9-ний өдрийн хоолыг өгч чадаагүй шалтгаан нь Халдвартаас тусгаарлалтад байгаа иргэдийн нэрсийг зөрүүлсэн, үүнээс болж Улсын онцгой комисс шийдвэрээ удааж гаргасан явдал гэдгийг хэлж байна. Гэтэл дээрх зочид буудалд тусгаарлагдсан иргэд хоёрдугаар сарын 27-ны 24 цагт орсон бөгөөд тэр оройноос хойш хугацааг тооцож үзвэл арав хоногийн хугацаа гуравдугаар сарын 9-ны 24 цагт дуусах ёстойг хэлж байна.  Тогтсон шийдвэрийн дагуу Монгол Улсад буусан өдрөөс эхлэн 10 хоногийг тооцдог тул тусгаарлалтын хугацааг бүрэн дуусгасан гэж үздэг байна. Гэхдээ аль нь ч байлаа гэсэн иргэд төлбөрөө бүрэн төлдөг ч нэг өдрийн хоолны мөнгөө тусгаарлалтыг зохион байгуулж буй ажлын явцад хэн нэгэнд нь алддаг гэсэн үг юм.

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу одоогийн байдлаар 131 удаагийн тусгай нислэгээр 23 533, ОХУ, БНХАУ-ын хилийн боомтоор 6710 буюу нийт 30 243 иргэнийг татан авчээ.

Хэдийгээр иргэд гэртээ гарч байгаа гээд өдрийн хоолны асуудлыг төдийлөн тоохгүй байх нь элбэг боловч 30 мянга гаруй хүний нэг өдрийн хоолыг нийтэд нь авч үзэх юм бол тусгаарлалт нэрийн дор 390 гаруй сая төгрөгийг иргэдээсээ аваад завшчихсан байж мэдэхээр байна. Өмнө дурдагдсан иргэдийн 116 нь бага насны хүүхэдтэй, 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, нэг нь хөгжлийн бэрхшээлтэй, 26 нь өндөр настан, 6 нь жирэмсэн, 363 нь бусад шалтгаантай байсныг УОК-ын Шуурхай штабаас мэдээлсэн. Эндээс харахад хүнээ бус мөнгөө бодсон хэсэг бүлэг хүмүүсийн бизнес цэцэглэжээ гэж үзэхээс өөрцгүй байна.