//Д.Сумъяабазар:Коронавирусийн халдварын тоо нэмэгдэх нь ойлгомжтой байсан

Д.Сумъяабазар:Коронавирусийн халдварын тоо нэмэгдэх нь ойлгомжтой байсан

Нийслэлийн онцгой комисс хөл хориог цуцалсан ч , цар тахлын тархалт багасахгүй, улам бүр нэмэгдсээр байгаатай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дараах тайлбарыг өгч байна.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Улсын драмын эрдмиийн театрын 54 тохиолдлыг судлахад  Баянгол дүүргээс 11, Баянзүрх дүүргээс 17, Сүхбаатар дүүргээс 6, Сонгинохайрхан дүүргээс 9, Хан-Уул дүүргээс 5, Чингэлтэй дүүргээс 6 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Коронавирусийн халдварын тоо нэмэгдэж байгаад бухимдах хэрэггүй. Бид үүнийг тооцож байсан. Нэмэгдэх нь гарцаагүй байсан. Үүнийг нэмэгдүүлэхгүй байхад халдвар хамгааллын дэглэм, олныг хамарсан арга хэмжээнд иргэний оролцоог харуулахыг хүсч байна. Вакцин дээр бид удаашралтай байгаа нь үнэн. Өрхийн эмнэлэг бусад эмнэлгүүд дээр түшиглэж вакцинжуулалтыг түргэсгэхийг хүснэ. Миний бие ч гэсэн олдсон вакциныг нь хийлгэхээр төлөвлөж байна. Орос бол Орос, Хятад бол Хятадын вакцин хийлгэе. Одонгийн найр цайллага гэсэн арга хэмжээнүүдийг хойшлуулна. Урлаг соёлын арга хэмжээнүүдийг ч тодорхой хугацаанд хойшлуулж, цаг сайхан болохоор зохион байгуулж болно. Зохион байгуулагчид нь ч гэсэн иргэд, төр засгаа хүндлээрэй. Төр, аж ахуй нэгж, иргэн гэсэн гурвалсан холбоог сайжруулж, хамтарч ажиллаж, бие биедээ хяналт шалгалт тавих хэрэгтэй. Мэдээж вакциныг иргэд сайн дурын үндсэн дээр хийлгэнэ. Улаанбаатар хотод дахин хөл хорио тогтоохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа. Нийслэлээс орох гарах иргэдийн хөдөлгөөнийг урьдын адил зохицуулна. Санал хүсэлтээ бидэнтэй хуваалцаарай. Дээрх тоглолт, олон нийтийн арга хэмжээнд оролцсон иргэд гэртээ байж, тандалт шинжилгээнд хамрагдаж, ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай. Мөн Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандаж, мэдээлэл авах боломжтой. Саяхан “Баянгол” зочид буудалд одонгийн найр, цайллага хийсэн гэсэн мэдээлэл байна. Тиймээс иргэд, олон нийт аливаа найр наадамд аль болох оролцохгүй байхыг уриалж байна. Иргэн та гэртээ зочин урихгүй, айл хэсэхгүй байж хайртай хүмүүсээ халдвараас хамгаалъя. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, халдварын тохиолдол бүртгэгдсэн орц, байр, гудамж зэрэг байршлуудад богино хугацааны хамгаалалт авч, тандалт судалгаа хийх ажлыг НОК-оос зохион байгуулж байна. Тандалт судалгааг 24 цагт багтаан хийж иргэдийг хэвийн оршин суух боломжоор нь хангаж байгаа. Энэ тандалтаар тухайн орц, байр, гудамжнаас халдвар нэмж бүртгэгдсэн тохиолдолд ДОК-с захирамж гарган хамгаалалтыг үргэлжлүүлж өргөтгөсөн шинжилгээ хийдэг юм. Тиймээс өчигдөр бүх дүүргийн удирдлагатай уулзаж, чиглэл өгсөн. Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай хэвээр байгаа” гэв.