//Парис, Тиффани, Доллар хэмээх эрх муужгайнууд “баян” эзэдтэй болсон нь

Парис, Тиффани, Доллар хэмээх эрх муужгайнууд “баян” эзэдтэй болсон нь

Амьтанд ээлтэй ХҮН

shilen.mn сайт “Амьтанд ээлтэй ХҮН” буланг уншигч танд цувралаар хүргэх болно. Гуравхан хоногийн дараа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байна. Энэ дэлхийн бүх амьтад дотроос бид өөрсдийгөө ХҮН хэмээн нэрийдсэн. Бидний эргэн тойронд чоно, нохой, үнэг, муур, туулай, тоть, баавгай, ирвэсүүд өөрсдийнхөө эрх ашгийг хэрхэн хамгаалдаг бол. Тэд хүмүүсийн тухай хэрхэн хэлэлцдэг бол. Дээр нэр дурьдсан гурван бяцхан муугайн ээж нь Жэси. Тоть тэжээдэг 10 настай хүүгийн хаалгыг 10 гаруй настай болов уу гэмээр хоёр охин тогшив. Эмээ нь үүд нээхэд төрөөд хэдхэн хонож байгаа жижигхэн муур тэвэрчихсэн “Эмээ, танай хүүхэд муур тэжээх болов уу. Хямдхаан, аравхан мянгаар өгчихнө. Бид гэртээ тэжээх гэтэл аав, ээж уурлаад аа” гэжээ. Монголчууд өөрөө зориод ирсэн муурыг ихэд билэгшээдэг.

Жэси муур шинэ эзэнтэй болох нь тэр. Жэсиг тоть тэжээдэг хүү эвийлэн, энхрийлж, муур тэжээх тодорхой мэдэгдэхүүнтэй болж эхэлтэл ээжийнх нь нүднээс нулимс гоожиж эхлэв. Энэ нь амьтны харшил аж. Ингээд Жэси, хүүгийн ээжийн дүү охиныд амьдрах болов. Жэси шинэ эзэддээ ч удахгүй даслаа. Шинэ эзэд Жэсиг зун 61-ийн гарамд байрлах хөгшнийд аваачиж, хамтдаа хэд хонов. Тэнд амьдардаг хөгшин, залуу хоёр эр муур хотын төвөөс түр оршин суугаа танхи муурыг эргүүлдэж эхлэв. Жэсиг зуслангийн хөгшин мууртай учир ургуулахад гэрийн эзний бяцхан охин жигтэйхэн ундууцаж, ээж нь хүн ба амьтны байгалиас заяагдсан болзолт рефлекс, бие биедээ татагдах хуулийн тухай тайлбарлаж өгсөн гэдэг. Удахгүй Жэси гурван хөөрхөн зулзага төрүүлэв. Олон муур орон сууцанд дүрсгүйтэн сахилгагүйтэхэд гэрийн эзэн унтууцна. Тэр тоолонд эх муур зулзаганууддаа анхааруулга өгч, өнөөдүүл нь гэмшсэн аятай булан тохой бараадах нь өхөөрдөм. Гэвч амьтан л юм хойно үсчиж, цовхчино. Товчхондоо олон муур тэжээх нь гэрийн эздэд ахадсан ажил байлаа.

Гэвч дасаж хайрласан зулзагануудаа сайн эзэдтэй болгохоос өөр гарцгүй. Азаар Жэсигийн “жаалууд” сайн эзэдтэй болов. “Баян” хочтой бизнесмен залуу эхлээд нэг зулзагийг үрчилж, Доллар хэмээх нэр хайрлалаа. Түүнд зориулж бүтэн өрөө тохижуулах нь тэр. Бас нэгийг нь мөн л ажилсаг шаавай бүсгүй хүү, охин хоёртоо үрчлэв. Гэр бүлээрээ, шинэхэн муужгайтайгаа Парис руу аялахын бэлгэдэл болгож, Парис хэмээн нэрлэв. Ирсэн өдөр нь баяр тэмдэглэж, бялуу хуваан, хөршүүдээ урих нь тэр. Хөршийн эр муур, Паристай өдгөө салж хагацахгүй найзууд болсон гэнэлээ. Удаахийг нь нэгэн муураа эрхлүүлэнхэн суудаг бүсгүй гэрийн бүсгүйд өглөө. Түүний муур ганцаардаж буй мэт санагдсан учиртай ханьтай болгосон нь Тиффани. Дашрамд азтай зулзагануудын ээж Жэси эхэн үедээ үрсээ санагалзан, гэрийн эзэд рүү хялалзаад жигтэйхэн байсан ч хэдийнэ хувь тавилантайгаа эвлэрчээ. Ихэнх гэр бүл амьтан хайрлаж, үр хүүхдээ энэрэнгүй хүн болгохыг эрхэмлэдэг. Энэ удаа муурны тухай сонирхолтой 30 баримтыг та бүхэнд хүргэж байна.

Муурны тухай сонирхолтой 30 баримт Муур гэдэг амьтан бидний өдөр тутмын амьдралд баяр баясал бэлэглэдэг.

1. Муур амттаны амтыг мэдэрдэггүй Энэ нь амтлах эрхтний дефектээс шалтгаалдаг. Муур амттаны амтыг мэдэхгүй, том биетэй муурууд ч мөн адил.

2. Муур яагаад хүний биед биеэ мааждаг вэ? Муур хүний биед биеэ маажих дуртайг та мэднэ. Энэ нь эзэндээ хайртайдаа биш шүү. Ийм аргаар сүүл, нүд болон чихний хоорондох зайнаас ялгарах үнэрийг олж авдаг байна. Мөн энэ цуглуулсан үнэрээрээ өөрийн орон зайг тэмдэглэдэг.

3. Тархи Муурны тархи хүнийхтэй адил. Тийм ч учраас хүнтэй адил сэтгэл хөдлөлтэй.

4. Муур – шилдэг эм Муур – гэрийн эмч. Цусны даралт багасгах, тайвшрахын тулд муураа илэхэд л болно гэж эрдэмтэд үзэж байна. Муур амьдардаг айл бага стресстэй, гэр бүлийнхэн найрсаг байдаг байна. Муурыг илэхэд зүрхний цохилт удааширч цусны даралт багасдаг. Тийм учраас зүрх судасны өвчтэй хүмүүс муур тэжээвэл илүү урт наслах магадлал өндөр.

5. Муур – хамгийн залхуу амьтан. Өдөрт 16 цаг унтдаг, нэг ёсондоо амьдралынхаа 70 хувийг унтана гэсэн үг.

6. Муур – гайхамшигтай амьтан Хүнээс 14 дахин илүү үнэртэнэ, 60 кГц-ийн дуу чимээг сонсоно. Харьцуулахад: хүн – 20 кГц, нохой – 40 кГц. Муур ультра дуу чимээг хүртэл сонсоно, хулганыг барихаар сахиж суудаг нь учиртай, тэрээр тэр жижиг амьтны хөдлөх чимээг хүртэл сонсоно. Хулганууд хооронд ультра дуу чимээний хэмжээнд харьцдаг, тэрийг нь муур сонсоно.

7. Хамгийн том муур – 1,2 метр Том биетэй муурын хамгийн томд мейн-кун үүлдэр орно. Насанд хүрсэн муурын урт нь 1 метр хүрч, жин нь 6-9 кг болж байжээ. Биеийн хэмжээ нь хоол хүнс хэтрүүлснээс үл шалтгаална. Мейн-кун том хөлтэй, булчинлаг, урт саглагар сүүлтэй. Том сүртэй биетэй ч зөөлөн, нөхөрсөг муур тул хүмүүс түүнд татагддаг байна. Мейн-куны өнгө төрх олон өнгөтэй, заримдаа ердийнхөөсөө ч том байдаг.

8. Муурын хамар Дэлхийн эргэн тойрныг мэдрэх мундаг эрхтэнг бурхан харамгүй заяажээ-хамар. Бяцхан, сохор, дүлий муужгайнууд ээжийнхээ хөхийг маш сурамгай олно. Муур маш сул үнэрийг хүртэл үнэртэнэ, хүнээс 14 дахин илүү үнэртэх мэдрэмж сайн. Муурын хамар яг л хүний хурууны өндөгний хээ адил давтагдашгүй. Зөвхөн үнэртэх үүргийг гүйцэтгэхгүй аливаа зүйлийн халуун хүйтнийг ч мэдэрнэ. Хоол идэхээсээ өмнө дандаа үнэртэнэ, хоолныхоо халуун хүйтнийг шалгаж байгаа хэрэг юм шүү.

9. Вибрисс Вибрисс-муурын арьсны үзүүрт байрлах мэдрэмжийг дамжуулах үсний үзүүр юм. Шинжлэх ухааны нэр нь vibrissae, үнэндээ муурын сахал нь чичирдэг. Муур дунджаар хоёр талдаа ойролцоогоор 12 ширхэг сахалтай. Сахланд мэдрэлийн цэгүүд байрлах тул сахлаараа дамжуулах гаднын бүх мэдээллийг олж авч мэдэрнэ. Сахлыг нь авбал гадна ертөнцийг муу мэдэрнэ, үнэртэх эрхтэн нь муудаж ангаа хийж чадахгүй болно. Сахлынхаа тусламжтайгаар нарийхан хоолойд багтах эсэхээ хүртэл мэдэрдэг ажээ. Сахал нь урагш чиглэсэн бол тэрээр нэг зүйлийг маш их сонирхож байгааг илэрхийлнэ. Дээш болсон бол өрсөлдөгчөө айлгах гэж байгаа хэрэг. Арагш бол ямар нэгэн зүйлээс маш их айжээ, тайван байх үедээ сахал нь тал тал тийшээ сөрвийсөн байдаг байна.

10. Муур хөлөрдөг үү? Муур хөлрөх булчирхайтай: хацар, хөх, сарвуу нь хөлөрдөг.

11. Муурын сарвууны хумсны бүтцээс шалтгаалаад уруугаа модноос бууж чаддаггүй. Модноос буух хэрэг гарвал бөгсөөрөө хойшоо алхаж буухаас өөр аргагүй.

12. Муур таны хоолойг танина, гэхдээ танихгүй мэт үл тоодог.

13. Муур өвдөхөөрөө нуугддаг Өвчтэй байхдаа араатны олз болно гэсэн амьтны инстикт нь ажилладаг, тийм учраас аюулаас нуугдаж байгаа хэрэг ажээ.

14. Гэртээ харихын тулд урт замыг туулах хүчтэй байдаг.

15. Хүний насаар таны муур хэдэн настай вэ? Таны муур 3 настай бол хүнийхээр 30 настай гэсэн үг. Муур 8 настай бол хүнийхээр 50. 14 настай бол хүнийхээр 72 настай. Гэрийн тэжээмэл муурын дундаж наслалт 15, зэрлэг муурын дундаж наслалт 3-5 жил.

16. Угаалга Байнга угаалга үйлддэг нь зөвхөн ариун цэвэр сахиж байгаадаа бус мөн өөр зорилготой. Ингэснээр арьсанд шаардлагатай байгаа амин дэмийг өгдөг, ялангуяа В витамин, мөн амьтны сэтгэл санаа өөрөө тайвширдаг байна. Хэрвээ ариун цэврийг нь сахиулж угаалгыг нь хийлгэхгүй бол амьтан стресст орж үхэх ч магадлалтай.

17. Муурын өвөг эцэг 50 сая жилийн тэртээ байжээ.

18. Мууранд аспирин үхлийн аюултай.

19. Харанхуйд гэрэлтэх нүд Муурын ногоон нүд харанхуйд 80 метрийн цаанаас гэрэлтэж харагддаг. Нүднээс гарах гэрэл нь өөдөөс ойж буй гэрэл ирсэн тэр замаараа л эргэж харагддаг ажээ.

20. Муурын нүд Дуран мэт муурын нүд нь 130 хэмээр хардаг, нохой 83 хэмийн өнцөгт хардаг юм. Муур ардаа болж байгаа зүйлсийг ч харж чадна. Хөдөлгөөнтэй толгой нь эргэн тойронд бүгдийг харах боломжтой болгодог ажээ.

21. Муур хүнтэй адил АВ цусны бүлэгтэй.

22. Муурын биеийн хэвийн дулаан 38 хэм.

23. Муурын нуруу хүнийхээс 5 нугалам илүү.

24. Хайртай муураа алдахаар египетчүүд эмгэнэл илэрхийлж хөмсгөө хусдаг.

25. Мууртайгаа та их ярих тусам муур таньтай их ярина.

26. Гэрлээс үл хамаарч нүдний хүүхэн хараа нь томорсон бол тэр ямар нэгэн зүйлд маш их сонирхосон эсвэл тоглож байгаа хэрэг.

27. Муурын зодоон маш богино хугацаанд ширүүн болно. Зодооны гол хэрэгсэл бол шүд.

28. Муужгай хорвоод мэндлэхдээ нүд, чих нь хаалттай байдаг. Нүд нь нээгдэхээрээ цэнхэр байж байгаад аажимдаа өөрчлөгддөг ажээ.

29. Хумигдах рефлекс Муурын шилэн хүзүүний арьсанд нэгэн рефлекс ажилладаг – ээж нь шилэн хүзүүн дээрээс нь хазаж тээвэрлэхэд сүүлэн биеэ хумьдаг байна.

30. Үнэхээр гайхамшигтай бүтээл юм шүү.

Ашигтай зөвлөгөө: 1. Муур гэрийн тавилга хуулаад байвал тэр газар нь нимбэг эсвэл жүрж түрхээрэй. Муур тийм үнэрт ёстой дургүй.

2. Муурыг жирийн хоолоор хооллож хэрхэвч болохгүй. Хоолны хувьд нохойноос 5 дахин илүү хэрэглээтэй.

3. Муурын жорлонд ногоон цайны навч хийвэл та эвгүй үнэрээс сална. 4. Өглөө, оройдоо муураа самнаж байгаарай. Тогтмол самнаад байвал гэр тань муурын үснээс салах болно.