//ЛХАГВЫН ЧИНБАТ: ОЛЖ ХАРААД ОНОЖ ШИЙДСЭН НЬ ОЛОН

ЛХАГВЫН ЧИНБАТ: ОЛЖ ХАРААД ОНОЖ ШИЙДСЭН НЬ ОЛОН

Түмэнд түгэх чухал номын эл нэгэн ярилцлагыг ажилч хичээнгүй Алтайн зон олны төдийгүй Монгол даяарын хүндлэлт эрхэмтэй өрнүүлэв. Хөдөөгийн буйдад малын өтөг бууцан дунд өнхөрч өндийж өсөн, сумын дунд сургуулийн сахилгагүй сурагчдын нэг байсан түүнийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, газар тариалангийн салбарын энэ цагийхны нэг тод нэр нүүр, Монголын томоохон компанийн захирал болно чинээ тухайн үедээ хэний ч санаанд ороогүй биз.  Хотын баруун захад байх өөрийн компанийн оффис дээрээ урьсан түүний албан тасалгааны хана дүүрэн авсан гавьяа шагнал. Уулзалтын ширээний аяганы тавиур, чихрийн таваг нь үндсэн модон таваг байх бөгөөд өөрөө хусны үйсээр хийсэн модон аяганд цайгаа уух нь эгэл жирийн монгол айлд ороод ирсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн юм. Суусан газраасаа шороо атгадаг Л.Чинбат захирал эрүүл хөрсөнд тарьсан хүнсний бүтээгдэхүүнээр монголчуудаа хангах их ерөөл оршоож хүчин зүтгэсэн нь эдүгээ биеллээ олж Гацууртын ногоог авах гэсэн хэрэглэгчдийн эрэлт өдрөөс өдөрт өссөөр байна. Монгол Улс зах зээлийн нийгэм рүү шилжсэн шилжилтийн үед бусдын адил ганзагын наймаанд гахай үүрч, улмаар  хувьцаа эргэлдүүлж, үл хөдлөх хөрөнгө авч, лиценц цуглуулж, алт олборлож, тариа ургуулах зэргээр их ч хөдөлмөрлөсөн түүнтэй уншигч таныг уулзуулъя.

-Гацууртын хүнсний ногоог одоо олон түмэн андахаа байсан. Та энэ салбар руу яаж яваад орчихов оо?
-Үүнээс өмнө янз бүрийн л бизнесийн салбар луу орж ажиллаж байлаа. Тэгээд энэ сайхан газар нутаг, хөрс шороотой юм байж яагаад бид гаднаас хүнсээ авч идэхдээ тулав гэж бодож байгаад энэ салбар луу орсон. Миний үндсэн мэргэжил геологич. Геологич мэргэжил бол газар тариалан гэлтгүй бизнес хийхэд маш том давуу тал болдог. Миний мэргэжлийн хувьд гэхэд хөрсөө мэдэж байна, энэ доор юу байна, хэдэн хувийн найрлагатай юм байна, ногоо таривал ямар хугацаанд ургах вэ гээд их зүйл мэднэ. Тарьсан тариа ногоогоо богино хугацаанд хэрхэн яаж ургуулах вэ, ургуулснаа яаж хурааж, хадгалах вэ, хүний хөдөлмөрийг хэрхэн хөнгөвчлөх вэ гээд олон талаас нь бодож хийж байна. Бид байгаль цаг агаарын хувьд хаана ч байхгүй хүнд нөхцөлд дэлхийтэй өрсөлдөж байгаа. Тиймээс энэ байгаа нөхцөлдөө хэрхэн яаж ажиллах талаар тэднээс 10 дахин илүү бодож, сэтгэж, бүтээж, хөдөлмөрлөх хэрэгтэй болно оо доо. Иймээс юм унших, харах, сурах хэрэгтэйгээс гадна мэддэг чаддаг мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч цаг хугацаатай өрсөлдөх шаардлага бидэнд тулгараад байна. Энэ жил л гэхэд манайх үндсэн тариалалтаасаа гадна 20 гаруй төрлийн малын тэжээл, 10-аад төрлийн үр тариа, тосны ургамал гэх мэт нийт 80 гаруй төрлийн таримал тарьж байна. Тэр бүгдийг нутагшуулж үлдээнэ гэдэг хамгийн том ажил. Ингэхгүй л бол хэзээ хойно үр хүүхэд маань өө манайд ургадаггүй юм билээ гээд ярьж суухын оронд Гацууртынхан ургуулж байсан дараа, дараагийн үеийнхэн зовохгүйгээр ургуулах болно. Тэгэхийн тулд энэ хатуу ширүүн нөхцөлтэй хөрс шороонд хамгийн сайн гарцтай, хамгийн тэсвэртэй гэх ургамал ногоонуудыг тарьж, нутагшуулж, өргөн хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
-Таныг цагаан сараас хойш талбай дээрээ өнждөг гэсэн яриа байдаг. Хэн нэгэнд даатгаад өөрөө энэ өрөөндөө сууж байж болдоггүй юм уу?
-Яг үнэндээ энэ ажилдаа би дуртай юм. Тэгээд ч үр тариаг хэн дуртай нь тариад, ургуулаад байдаг юм биш. Бидний хувьд одоо туршилт хийгээд байх цаг зав, нас алга. Хамгийн зөв, найдвартай арга бол өөрөө оролцоод хийгээд явах л чухал байна. Би энэ хэдэн ажилтантайгаа хамт ажиллаад адилхан хоол идээд л адилхан орон сууцанд амьдраад л явдаг. Тэглээ гээд надад муудсан юм алга. Энэ ажлыг мэдэхгүй, сэтгэлгүй хүн хийж чадахгүй ээ. Үүнийг удирдаж хийлгэнэ гэдэг өөрөө бүх зүйлийг мэдсэн, сурсан байхыг шаарддаг. Тиймээс би өвөлдөө энд тэндхийн бүх л сургалтуудад өөрийн биеэр явж сурч, шинэ санаа авч, сурснаа өнөө хэддээ зааж сургах гээд зав зайгүй. Хавар эхэлмэгц өглөөний 5 цагаас шөнийн 12 хүртэл амралтгүй талбайгаараа явна, зөвлөнө, харна, үзнэ. Ер нь тэгээд өөрсдийн идэх гурил, төмс, будаагаа бид л бэлтгэхгүй юм бол өөр хэн хийх юм.
-Тань шиг бүх ажилдаа оролцоод явдаг захирал энэ цаг үед цөөхөн биз. Ачааллаа хэрхэн зохицуулдаг юм бэ?
-Мэдээж наадах чинь хамгийн эхний асуудал. Одоо бол Тэрэлж зочид буудал болон Монгол HD телевизийг хүүхдүүд маань аваад явчихаж байна. Гэтэл миний оролцоогүйгээр явдаггүй зүйл гэвэл хөдөө аж ахуй. Энэ газар шороо, мал аж ахуйг сонирхох хүн байхгүй болчихож. Түрүүн хэлсэн өглөө хар үүрээр гараад өдөрт талбайгаа тойроод явж байна гэж. Тариалангийн талбай дээр өөрийн биеэр очиж, явж байж, газар дээр нь шийдвэр гаргах асуудал их гардаг. Тухайлбал манайд огт тариалж байгаагүй нэг үр суулгалаа гэж бодоход тэндээс юу гарч ирэхийг нь та ч, би ч мэдэхгүй. Тиймээс өглөө болгон явна, шалгана, нэг зүйл ургалаа гэхэд хэмжинэ, зургийг нь авна, нэт ухаж үзнэ, өнөөхөө вайберээр явуулна. Ганц шинэ зүйлийн тариалалт хийлээ гэж бодоход бүхэл бүтэн шинжлэх ухаан явж байдаг. Бидний тарьдаг төмс луувангаас шал өөр, огт мэдэхгүй, урьд өмнө нь Монголд тарьж байгаагүй учраас бүх зүйл нь шинэ. Тэр ургамал хэдэн см ургасан байна, хэр томорсон, ямар үе шатанд нь хэрэглэх юм гээд бүх зүйлийг нь мэдэх, судлах шаардлага гарч ирдэг. Өнөөдөр манайх шинээр 10 төрлийн хүнсний ногоо нэмж тариалах боллоо гэхэд эхлээд өөрөө сурчихаад, тэрийгээ газар дээрээ тарьж байж туршлага суудаг байх жишээний. Тиймээс өдөр бүр өөрөө оролцохгүй л бол болдоггүй юм.
-Залуухан ээж анхны хүүхдээ гаргачихаад үйлдэл болгоныг анаад сууж байдаг шиг байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Түрүү хэлсэнчлэн манайх тариа буудай, төмс, лууван гээд маш олон төрлийн хүнсний ногоо тариалдаг. Лууван байцаан дээр л гэхэд чам шиг хоёр охин хариуцаад шороон дотор мөлхөөд анхны соёо яг ёсоороо соёолж байна уу, үр нь хаана байна, хажуу тийшээ 10 см ургасан байна уу, нэг метрт 20 ургасан байна уу. Өнөөдөр хэд явсан байна, далан тэд байна гээд бүх зүйлийг бичиж тэмдэглэнэ. Түүний араас техникийнхээ норм, хурдыг тааруулна гээд л дуусахгүй их ажилтай.
-Их хүнд, дээрээс нь ачаалалтай ажил болохоор хүн болгон энэ чиглэл рүү орж ажилладаггүй нь үнэн. Заримдаа за больё гэсэн бодол таньд төрөх юм уу?
-Хүн л болсон хойно хааяа шантрах үе гарна аа гарна. Тэглээ гээд зогсох эрх бидэнд байхгүй. Энэ газар шороо, хөрсөнд би хөрөнгө оруулчихсан, банкны өч төчнөөн өр зээл байхад би одоо боллоо, шантарч байна гээд зогсож болохгүй. Хүмүүс бол өөрийн 1000 га талбайдаа л тариа тарьдаг. Харин бид тариа тарихын хажуугаар өмнө нь тарьж байгаагүй малын тэжээл, хүнсний ногоо гээд маш олон төрлийн зүйл тарьж байна. Дээрээс нь мал аж ахуй, сүүний фермер гээд бусад зүйлс дагалдаад явдаг. Одоогоор манайх Сэлэнгэ аймгийн 10 гаруй суманд тариа ногоо, мал аж ахуйгаа эрхэлж байна. Түүнийг дагаад 300-400 техник, машин хангамж дагалдана, тэр нь эвдэрнэ, хэмхэрнэ, засна, угсарна гээд ажил тасралтгүй явагддаг. Манайх анхнаасаа дотоодын нийт хэрэгцээний төмсний 10, махны 5, ногооны төдөн хувийг хангана гэж төлөвлөөд 25,000 тоннын агуулах барьсан юм. Тарихгүй, ургуулахгүй л бол тэнд нэг агуулах нь хоосроно. Баахан техник, машин худалдаад авчихсан. Сүүгээ алдагдалтай байна гээд зогсоож болохгүй. Тэрийг хэрэглээд сурчихсан хэдэн өвөө эмээ нар байдаг, заримдаа манай худалдагч нарыг сүү яагаад ирэхгүй байна гээд загнадаг гэж байгаа. 500 км-ын цаанаас 1 литр сүү энд хүргэж өгөхийн тулд алдагдалтай байсан ч авчрахаас аргагүй. Энэ салбаруудыг дагаад өч төчнөөн хүн ажиллаж байдаг учраас ухрах, няцах арга байхгүй юм даа. Манайх төр засгаас улаан буудайн урамшуулал гэж авахгүй байгаа. Авахгүйгээр энэ өрсөлдөөнд хүч үзээд л тэнцвэл тэнцээд болохгүй бол яах вэ дээ гэж бодож байна.
-Одоо мал аж ахуй, газар тариалангын салбарт ажиллах хүн олдохоо больсон. Боловсон хүчнээ хаанаас олж байгаа вэ?
-Монголчууд төрөлхийн техникийн чиглэлийн, ногооны чиглэлийн хүмүүс биш юм. Малчин ард түмэн гэдэг мөртлөө мал малладаг хүн ховор болсон. Энэ салбарт ажиллах хүмүүс үнэхээр олдохоо больсон гэдэгтэй санал нэг байна. Газар тариалан бол хүнээс маш их хамааралтай салбар. Бид одоогийн түвшинд уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүс, Солонгос улсыг зорьж ажиллаж байгаа хүмүүсийн авдаг хэмжээний цалинг ажилтнууддаа өгөх боломжгүй. Манай салбарт энэ ажил маань эцсийн эцэст хүний төлөө шүү гэдгийг ойлгодог, сэтгэлтэй хүмүүс л ажилладаг. Би ч ажилд авахдаа сэтгэлтэй хүнийг авдаг. Тиймээс манай үндсэн хүмүүс тогтоод яваад байдаг. Дээрээс нь аль болох хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх гээд бүрэн автоматжуулах, техникжүүлэх гэхээр тэрийг ажиллуулж мэддэг боловсон хүчин алга. Яг үнэндээ техникийн ямар ч мэдлэггүй залуучуудыг 500 саяын үнэтэй машин дээр суулгахаас өөр арга байдаггүй. Эвдүүлээд ч гэсэн хийхээс өөр арга алга. Сурах, дадлагажих нь цаг хугацааны л асуудал. Тиймээс л энэ салбар маш өндөр эрсдэлтэй байдаг. Манайх боолын нийгэм, капитализмыг алгассан учраас хөдөлмөрийн амт шимтийг мэдэрдэггүй, хөдөлмөрийг хүндлэх сэтгэл бараг байдаггүй. Аль болох л амар хялбар аргаар амьдрах, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс их байна. Энэ зовлонг бизнес эрхэлж байгаа бүх хүмүүс л мэдэж байгаа даа.
-Одоогийн сургалт, ажлын байран дээрх уялдаа холбооны асуудал энд яригдах байх?
-Хүмүүсийн сэтгэлгээнээс гадна яг наад систем, бодлогын асуудалд уялдаа холбоо үнэхээр алга. Надад боломж нөхцөл байхад нөгөө талд нь юу ч үгүй цагаан цаас шиг хүмүүс байна. Яг үнэндээ манай хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж бага. Социализмын үеийн бэлтгэгдсэн, мэргэжлийн ажилтнууд хөгшрөөд одоо мэргэжлийн боловсон хүмүүс олдохгүй байна. Энэ нь бизнест маш их нөлөөлж байна. Айлын юу ч мэдэхгүй хүүхдийг хэдэн жил сайхан сургаад авахад нөгөөдүүл маань сурлаа, мэдлээ гээд яваад өгдөг. Тэглээ гээд би тэр хүмүүст буруу өгдөггүй. Учир нь миний сургасан мэргэжилтнүүд эргээд л аль нэг Монголынхоо л компанид ажиллаж байвал боллоо. Ер нь манайх хүмүүсийг сургахаас буцдаггүй. Ганцхан жишээ хэлэхэд телевизийн салбарт л гэхэд өчнөөн хүмүүсийг сургалаа. Монголын гайгүй гэсэн зочид буудлуудад манайд ажиллаж байсан хүүхдүүд ажиллаж байна. Газар тариалан, уул уурхайн аль нэгэн компани Гацууртад ажиллаж байсан гэх юм бол уралдаад авч байна. Ажил хийж сурсан, аливаа зүйл хийж сурсан хүн баярлаад л талархаад л явж байдаг юм. Тиймээс манайд ажиллахгүй байлаа гээд гонсойх зүйл алга даа.

МИНИЙ ХҮҮХЭД ГАНЦААРАА МУНДАГ БАЙГААД ЯАХ ЮМ БЭ,
НИЙТЭЭР НЬ ТОЛГОЙГ НЬ ЦЭНЭГЛЭХ ЧУХАЛ БАЙНА

Монгол хүн гэхээр яахаараа хүн харж болохооргүй дүрстэй юм үзэх ёстой юм гэсэн санаан дээр анх удаа дуу, дүрсний өндөр чанартай дэвшилтийг манай телевиз эхлүүлсэн. Миний охин маш зарчимч, аливаа зүйл эхлүүлсэн бол заавал дуусгаж байж санаа нь амардаг зангаараа надаас ч илүү байх. Энэ салбарт тодорхой хэмжээний өөрчлөлт, уур амьсгал авчирсан гэж би хувьдаа хардаг. Өөрөөр хэлбэл хүнийг хоол унд гэхээсээ оюун ухааныг өөрчлөх, соёлжуулах, боловсруулах хэрэгтэй юм байна гэдгийг олж харж үнэний дуу хоолой болж ажиллая гэж шийдээд эхлүүлж байсан. Одоо хэвлэл мэдээллийн салбар тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байгааг та нар ч харж байгаа байх.
Хүү маань залуу үе, хүүхэд залуучуудын оюун санаанд өөрчлөлт оруулах үүднээс лего тоглоомын бизнесийг 18-19 настайгаасаа бие даан эрхэлж байна. Манайх хоёр ихэр ачтай болоод Нүхтэд нэг га хүрэхгүй газар дээр жижигхээн цэцэрлэг хийхэд тэнд хүүхэд шаваастай, машины зогсоол пиг дүүрэн байх жишээний. Тэндээс л манайд энэ төрлийн үйл ажиллагаа дутмаг, байгаа ганц нь тоотой цөөхөн тоглоомтой гээд учир дутагдалтай зүйл харагдаж, хажуунаас хүү ч Диснейлэнд шиг гоё тоглоомтой парк ажиллуулах санаа байнга хэлснээр би Дани, Бээжин орж хүүхдийн парк сонирхож, судалж, улмаар Данийн нэг компанитай уулзсан. Ингээд Монголын үр хүүхдийн төлөө юм хийе, болох юм байна гээд сайхан парк байгуулаад өгье, үйлчилгээг нь бид хариуцаад явъя гээд санаагаа жиргээнд жиргэсэн. Тэрнээс нэг бичиг хийгээд аваачаад өгөх юм бол хэзээ ч зөвшөөрөхгүй. Өнөөдрийг хүртэл санааг минь сонсоод уулзах болов уу гэж их л харлаа, даанч тэр ажил минь зөвшөөрөгдөхгүй байх. Ер нь тэгээд миний хүүхэд ганцаараа мундаг байгаад яах билээ, хүүхэд залуучуудыг бүгдийг сургах, хөгжүүлэх, соёлжуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол миний, чиний, та бидний хүүхэд мундаг байлаа гээд тэдэнгүй бол хамтдаа урагшаа явахгүй.
Хүүхэд байхын маш их хөдөлгөөнтэй шаггүй барилдчихдаг тэрээр өсөж томроод спортоо орхисон ч сэтгэл зүрхэн доторх мөнхийн гал нь үргэлж ноцоостой байх аж. Тиймээс ч хожмоо аварга Сүхбаттай хамтран бөхийн сургууль байгуулж Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч болж энэ салбарт бүтцийн болоод бодлогын томоохон өөрчлөлт хийснээр чөлөөт бөх түүхэнд байгаагүй амжилт үзүүлж олимпоос медаль авчирсан билээ.

ТЭДЭНТЭЙ НИЙЛЖ
ХУЛГАЙ ХИЙХГҮЙ ЮМ БОЛ
УЛС ТӨР ЛҮҮ ОРЖ ЯАХ ЮМ

-Хүмүүс намайг улс төрд орооч гэж зөндөө л хэлдэг юм. Хийх ажил өчнөөн байхад би улс төр лүү орж яах юм. Би тэнд очоод юу ч хийж чадахгүй. Хүмүүстэй нийлж хулгай хийх гээгүй л юм бол тэнд сууж яах юм. Улс төрд орохгүйгээр хууль бус зүйлтэй тэмцэх нь миний үндсэн бодол хэмээн хэлсэн юм. Өнөөгийн тогтолцоо, иддэг, уудаг асуудлаа цэгцлэхгүй юм бол Монгол Улс хэзээ ч хөгжихгүй юм байна гэдгийг би харж байна.

Тиймээ тэрбээр олон чухал гарцыг олж хардаг.
Тэр бүхнийхээ дагуу онож ч шийддэг эр дээ.
Оноос онд ололтоо зузаалсаар
Онцгойрон явахын хувийг
Орчлон түүнд оноожээ

Сэтгүүлч: Б.Төвшинболор