ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн барим илэрсээр байна. УИХ-ын гишүүн, бизнесмэн хатагтай Б.Ундармаа өөрийн хамаарал бүхий “Капитал” банк жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авчээ.
АН-ыг эрх барьж байх үед ЖДҮХС-гийн зээлийг банкаар дамжуулан жилийн 9 хувийн хүүтэй олгодог байсан. Харин энэ парламент буюу МАН эрх барьж эхлэхдээ ЖДҮС-гийн зээлийг банкаар дамжуулдгийг зогсоож, жилийн хүүг нь ч гурван хувийн хүүтэй болгосон юм.
АН-ын бүлэг УИХ-ын гишүүд зээл авч банк, бус санхүүгийн байгууллагаар дамжуулан “мөнгө угаасан” байж болзошгүй гэж онцолж байсан. Тэгвэл банк бус санхүүгийн байгууллага төдийгүй арилжааны банк ч “ мөнгө угаасан”-ыг УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал” банк нотолж байна. Учир нь арилжааны банк ЖДҮХС-гаас зээл аваад үйлдвэрлэл явуулахгүй, нөөцөө нэмэгдүүлж, зээлийн хүрээгээ тэлэх нь тодорхой.
Албан тушаал, эрх мэдлээ ашиглан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас жилийн гурван хувийн хүүтэй, зээл авч, иргэд, аж ахуйн нэгжид сарын гурван хувийн хүүтэйгээр зээл олгож байгаа төрийн түшээдийн увайгүй үйлдэл үүгээр зогсохгүй илэрсээр байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Би ХХААХҮЯ-нд албан бичиг хийж өгдөг. Үүнийг хуулийн дагуу шийдэж өг гэсэн бичгийг хэлдэг.” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан байдаг.Тэгвэл Д.Хаянхярваа даргын “цохолт”-оор хичнээн компанид зээл олгох хүсэлт илгээсэн, хэдэн компани ЖДҮХС-гаас зээл авсан нь удахгүй ил болох нь.
Түүнчлэн ЖДҮСХ сан, “Капитал” банкны “Хамтран ажиллах гэрээ” гэх жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийн талаар дэлгэрэнгүй баримт ч дэлгэгдэх бололтой.
У.Манлай