//Нүүрс тээврийн жолооч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ

Нүүрс тээврийн жолооч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ


Өмнөговь аймгийн Ханбогд сум Гашуунсухайтаас нүүрс тээвэрлэж явсан жолоочийн машин энэ сарын 9-ний өдөр шатаж, жолооч Д нь 97 хувь буюу дөрөвдүгээр зэргийн түлэгдэлттэйгээр ГССҮТ-д ухаангүй байдалтай хүргэгдэн ирж эмчлүүлж байсан. Гэсэн ч тэрээр түлэнхийн шархаа даалгүй өчигдөр орой нас баржээ. Болсон явдлыг тодруулбал, жолооч Д нь арваннэгдүгээр сарын 8-ны 09:50 цагт уурхайгаас тендерээр нүүрс тээвэрлэдэг “Омог цагаан шонхор” компанийн автомашиныг жолоодон гарсан бөгөөд маргааш нь түүний жолоодож явсан машин шатаж, гэмтсэн байна.

Уг хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба галын анхан шатны дүгнэлтээр автомашины сэнснээс анх гал гарсан гэж үзэж байгаа аж. Талийгаачийн ар гэрийнхэн “Омог цагаан шонхор” компани нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани гэх ба техникийн бүрэн бүтэн байдал хангаагүйгээс уг осол үүдсэнийг хэлж байна. Талийгаач нь бага насны гурван хүүхэдтэй байсан ба ГССҮТ-д хүргэгдэн ирж, өдөрт хоёр сая төгрөгийн эмчилгээ хийлгэж байгаад ийнхүү нас баржээ.

 

Шилэн.мн