//“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 170 гаруй мянган өрхийг хамруулаад байна

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 170 гаруй мянган өрхийг хамруулаад байна

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод иргэдийн дундах халдварын нөхцөл байдлыг тодруулах зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалтыг хийж буй билээ. Энэ хүрээнд 2021.02.11-2021.02.14 өдрийг хүртэлх дөрөв хоногт нийт 109,068 өрхөөс шинжилгээ авч 11 хүнээс халдвар илрүүлээд байна. Үүний 6 нь эхний гурван өдөрт илэрсэн бол дөрөв дэх өдөр тэдгээрийн ойрын хавьтал бүхий гэр бүлийн 5 хүнээс халдвар нэмж илэрлээ.

Харин төрийн 808 байгууллагын 62 мянга 646 иргэнийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй. Иймд давхардсан тоогоор нийт 171 мянган өрхөд шинжилгээ хийгээд байна. Одоо үлдсэн 240 мянган өрхөөс 9 хоногт багтаан “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г авахаар ажиллаж байна. 

Мөн иргэдийн хүнсний хангамжийг тасалдуулахгүй, хүнсний дэлгүүрүүдийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулвал, Засгийн газрын тогтоолын дагуу Улаанбаатар хотын дарга захирамж гаргаж 2021 оны 2-р сарын 16-наас хүнсний бөөний төвүүд болон хүнсний үйлдвэрлэл, түгээлтийн салбарын үйл ажиллагааг тусгай горимын дагуу, хуваариар шат дараатай нээж байна. Ингэхдээ тус салбарын нийт ажиллагсдын 15 хувийг ПСР шинжилгээнд хамруулснаар үйл ажиллагааг нь нээх юм. Тэдгээр ажиллагсдыг шинжилгээнд хамрагдах нөхцлөөр хангаж, тусгай байршлуудад хуваарийн дагуу хамруулахаар бэлтгэл хангаад байна.

Дүүрэг бүрт байгаа шинжилгээний цэгүүд таны гэрээс хол бол хүнсний салбарт ажилладаг гэдэг ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ үзүүлээд хувийн унаагаар шинжилгээний цэгт очиж өгч болно.

Үйл ажиллагаа нь нээгдсэн хүнсний захуудаар жижиглэнгийн хүнсний дэлгүүр, супермаркетийн худалдаа эрхлэгчид үйлчлүүлж, бараа татан авалтаа хийх юм.

Харин иргэд та бүхэн гэрийн ойролцоох дэлгүүр, хүнсний бөөний төвөөр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ дагаж мөрдөхийг уриалж байна.